АстраЗенека вакцин болон цусны бүлэгнэл хоёрын хооронд ямар нэг холбоо хамаарал байхгүй
Европын эмийн агентлагийн шинжээчид АстраЗенека компанийн вакциныг аюулгүй, үр дүнтэй вакцин гэсэн дүгнэлтэд хүрчээ. Окфсфордын их сургуультай хамтран гаргаж авсан энэхүү вакциныг цусны бүлэгнэл үүсгэж байж болзошгүй гэж үзэн судалгаа хийсэн юм.
Тус агентлагаас АстраЗенека вакцин болон цусны бүлэгнэл хоёрын хооронд ямар нэг холбоо хамаарал байхгүй гэж үзжээ. Ингэснээр хэрэглээгээ түр зогсоогоод байсан Герман, Франц, Испани, Итали улсууд энэ вакцинаар үргэлжлүүлэн дархлаажуулахаар болсон байна.
"Боломжит бүхий л мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нарийвчлан авч үзсэний үндсэн дээр одоо байгаа баримтууд нь Ковид-19-ийн эсрэг АстраЗенека вакцин венийн судсанд цус өтгөрөх шалтгаан болоогүй гэж манай байгууллагаас үзэж байна. Цусны бүлэгнэл үүссэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдол болгоныг, эмчилгээний архивын баримтуудыг судалсны үндсэн дээр бид дээрх дүгнэлтийг хийлээ" гэж Европын эмийн агентлагийн шинжээчид мэдэгджээ.
Сэтгэгдэл үлдээх