Цэс Close

АУДИТЫН ХЯНАЛТ ХААЧИВ?

АУДИТЫН ХЯНАЛТ ХААЧИВ?

Монгол улс зах зээлийн нийгэмд шилжээд чамгүй хугацаа өнгөрчээ. “Азийн бар” гэгдэх орнууд ердөө арав хорин жилийн хугацаанд өөрчлөгдөн хүчирхэгжсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар олонтоо солигджээ. Үе үеийн Ерөнхий сайд нарын амнаас “эдийн засгийн хямрал” гэдэг үг унаж, хэрхэн энэ ангалаас гарах талаар толгойгоо гашилгаж явсан түүх л үлдэж. Тэдний хэн нэгэн нь улс орноо урагшаа алхуулах дорвитой бодлого дэвшүүлж байсныг би лав санахгүй юм. Монгол улс хямралд өртөх бүрдээ ОУВС-аас тусламж гуйж байв. Тус байгууллагаас нийтдээ долоон удаа зээл тусламж авчээ. Үүнээс гадна,1991-2018 онуудад Монгол Улсын Засгийн газар түнш орнууд болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас нийтдээ 5.1 тэрбум ам.долларын гадаад зээл, 2.7 тэрбум ам.долларын тусламжийг авсан байх юм. 2019 оны улсын төсөвт 1 их наяд 96.3 тэрбум төгрөг, 2020 онд 1 их наяд 446.6 тэрбум төгрөгийн гадаадын зээл, тусламжийг авч ашиглажээ. Ийнхүү байгалийн баялгийн экспортоос чамгүй валют олохын зэрэгцээ хандивлагчдаасаа ихээхэн хэмжээний зээл тусламж хүртэж ирсэн байна. Гэвч 30 жилийн хугацаанд манай эдийн засаг хөл дээрээ баттай зогсож чадсангүй.

Уул уурхайд түшиглэсэн эдийн засаг богино хугацаанд хурдацтай өсөх боломж байдаг ч огцом уналт авчрах сөрөг эрсдэл бас бий. Үүний жишээ гэвэл, өнгөрсөн жил уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг хэдхэн сар зогсооход эдийн засаг огцом агшсан дүнгээс харж болно. Манай улс уул уурхайн томоохон ордуудыг нээж, үйл ажиллагаа нь эрчимжсэн 2004 оноос хойш макро эдийн засгийн үзүүлэлтүүд жил бүр өсөж, дэлхийн хөгжиж буй эдийн засгийн нэг болсон.  Гэвч үе үеийн УИХ, Засгийн газар иргэдийнхээ амьдралд хүрэлцэхүйц орлоготой ажлын байр бий болгох, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, ядуурлыг бууруулах чиглэлд дорвитой шийдвэр гаргаж, тодорхой ажил хийсэнгүй. Үүнийг Үндэсний Статистикийн Хорооноос гаргадаг эдийн засгийн суурь үзүүлэлтүүд баталдаг. Нэг хүнд оногдох ДНБ ойролцоогоор 4000 ам.доллар орчимд эргэлдэж, ядуурлын түвшин 30 хувиас буурах шинжгүй 10 орчим жилийг үджээ. Уул уурхайн олборлолт жил бүр нэмэгдэж байгаа боловч ДНБ-ий хэмжээ 10-12 тэрбум ам.доллароос хол давсангүй. Энэ бүхнийхээ учир шалтгааныг “Монгол уул уурхайн орон учраас дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ ханшийн бууралт эдийн засгийн хямралын суурь шалтгаан болдог” гэж үе үеийн эрх баригчид тайлбарлаж иржээ.

Гэвч тэд өөрсдийн үйл ажиллагаанаас шууд шалтгаалах нэг асуудлыг огт хөнддөггүй. Энэ нь эрдэс баялгийн үнийн уналт, байгалийн гамшиг зэрэг элдэв бэрхшээлүүдээс илүүтэй  төсвийн зардлын өсөлт юм. “Монгол улсын эдийн засгийг төсвийн зарлагын хэт өсөлт сөхрүүлдэг” гэж Дэлхийн банкны нэгэн тайланд дурдсан байсныг санаж байна. Уул уурхайгаас олох орлого нэмэгдэх тусам төсвийн зардал данхайж ирсэн нь үнэн. УИХ-ын сонгууль давхацсан жилүүдэд төсвийн зардал огцом  нэмэгддэг өвчинд Монгол улс нэрвэгдээд багагүй хугацаа өнгөрчээ. Үүнийг 2008, 2012, 2016, 2020 оны сонгуулийн жилүүдэд нийгмийн халамжийн зардал, улсын хөрөнгө оруулалт, төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн зардал огцом өссөн дүнгээс харж болно. Дэлхийн банкны судалгаагаар уул уурхайн орлогын 56 хувийг төсвийн хөрөнгө оруулалт, 28 хувийг нийгмийн халамж, 16 хувийг цалин, тэтгэвэр нэмэхэд зарцуулсан гэсэн тооцоолол ч хийсэн байдаг. Энэхүү огцом нэмэгдсэн зарлагаа уул уурхайн орлогоос гадна гадаадын зээллэгээр санхүүжүүлж ирсэн байх юм. Энэ нь эрх баригч хүчний хувьд сонгуульд амжилттай оролцох чухал зорилт байж болох хэдий ч, улс орны хөгжил, ирээдүйд туйлын хортой гэдгийг өнөөгийн эдийн засгийн макро үзүүлэлтүүд маш тодорхой харуулж байна. Хэдхэн жилийн өмнө Монгол гэдэг айлын төсвийн зарлага 6-7 их наяд төгрөгийн хэмжээнд тогтвортой эргэлдэж байсан бол 2020 оны төсөвт 13 их наяд 872 тэрбум, 2021 оны төсөвт бараг 14 их наяд төгрөгт хүрч хоёр дахин өсөөд байна. Манай улсын 2012 оны төсвийн зарлага 2005 оныхоос 7.9 дахин өссөн бол 2021 оны төсвийн зарлага 2012 оныхоос 2 дахин “данхайжээ”. Ийм хариуцлагагүй асуудалд анхаарч, “амаа ангайлгасан” эдийн засагчийг өнөө хүртэл би лав харсангүй.

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын дүнд эзлэх урсгал зардал сүүлийн 8 жилийн дунджаар 74.0 хувиас буурахгүй байгаа нь төсвийн зардалд идэвхгүй хэрэглээ зонхилсон, төсвийн бүтэц оновчгүй, төсвийн удирдлагын бодлогыг сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хэд дахин өсөж, хувийн хэвшлийнхний төлсөн татвар нэмэгдсэн ч төсвийн зардал түүнийг нь хуу “сорчихдог” болжээ. Үүнийг хянаж, дүгнэлт гаргах ёстой нэг байгууллага бий. Хувийн хэвшлийн бүрдүүлсэн татвар хэрхэн үр өгөөжтэй зарцуулж байна вэ гэдгийг “нүд цавчилгүй” хянах ёстой байгууллага бол Үндэсний аудитын газар. Өөрөөр хэлбэл, УИХ-ын “нүд чих” болох учиртай төрийн хяналтын байгууллага үүргээ хэрхэн биелүүлж байна вэ. Төсвийн зарлага хэд дахин “хөөж” байхад төрийн аудит яагаад чимээгүй дүмбийж сууна вэ.

Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу УИХ-ын Төсвийн байнгын хороо 2020 оны Үндэсний аудитын газрын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх гэж байна. Ерөнхий аудитор болон Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих цорын ганц арга хэрэгсэл бол энэхүү тайлангийн хэлэлцүүлэг юм. Жилийн жилд энэхүү хэлэлцүүлэг олны анхаарлыг татаж байсан удаагүй. Хоёр жилийн өмнө аудитын тавьсан төлбөрийн актаар төсөвт буцаах учиртай хөрөнгийг Үндэсний аудитын газар дундаас нь зувчуулсан тухай болон тус нэмэлт санхүүжилтээр нийгмийн асуудал шийдэх, дэмжлэг тусламж үзүүлэх нэрээр шамшигдуулсан гэх баримттай шүүмжлэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр сөхөгдсөн ч тэгсхийгээд намжсан юм даг. Уг нь тус байгууллага төсвийн хөрөнгө мөнгөтэй холбоотой хууль бус асуудал гаргах биш харин ч хянах үүрэгтэй юмсан.

 Ингээд Төрийн аудитын байгууллагын гүйцэтгэх ажлын хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх хүний болон санхүүгийн нөөцийн төлөвлөлт гэсэн гол үзүүлэлтүүдийг сүүлийн 5 жилээр авч үзвэл зарим нэгэн сонирхолтой дүгнэлт хийж болохоор байна.

Хүснэгт 1

 №   2017 2018 2019 2020 2021
1.Зорилтот түвшин:     
 -Санхүүгийн аудит64846484648465046484
 -Гүйцэтгэлийн аудит9494945894
 -Нийцлийн аудит6767673967
2.Батлагдсан төсөв: /сая.төг./     
 -Нийт төсөв9 633.511 530.515 537.521 700.127 255,1
3.Хүний нөөц:     
 -Нийт орон тоо389389389394496
 -Үндэсний аудитын газар103107108115168

Эх сурвалж: Аудит.мн сайт. Төрийн аудитын байгууллагын шилэн данс, тайлан

Төрийн аудитын байгууллагын гүйцэтгэх ажлын тоо хэмжээ 2017 оноос 2021 оныг хүртэл хугацаанд ямар нэгэн өсөлт бууралтгүй тогтвортой төлөвлөгджээ. Харин тайлант 2020 онд гүйцэтгэлийн болон нийцлийн аудитын тоо 30 хувиар буурчээ. Энэхүү ажлыг гүйцэтгэх хүний нөөц 2020 оныг хүртэл өөрчлөгдөөгүй. Гэвч 2021 онд энэ орон тоо гэнэт 100 гаруй хүнээр буюу 20 хувиар нэмэгджээ.

Хийж гүйцэтгэх ажил огт нэмэгдээгүй байхад санхүүгийн нөөц 2018 оноос  жил дараалан өссөн байна. 2017 оныхоос тайлант 2020 онд 2 дахин, харин 2021 онд 3 дахин нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий аудитор өөрийн төсвөө 2017 онд 9.6 тэрбум төгрөг байсныг 2020 онд 21.7 тэрбум төгрөг, 2021 онд 27.2 тэрбум төгрөг болгож тэрбум тэрбумаар огцом нэмэгдүүлснийг дээрх хүснэгтээс харж болно. Эндээс Төрийн аудитын санхүүгийн хараат бус байдал алдагдаж, Засгийн газар /Сангийн яам/ Үндэсний аудитын газар хоёр ихэд “найрсаг” харилцаатай болсон нь анзаарагдана. Төсвийн захирагч, ялангуяа Сангийн сайд үйл ажиллагааг нь хянаж байдаг аудиттай “дотно” харилцаатай байхыг эрмэлздэг л дээ. Гэвч дэлхий нийтэд ийм харьцааг аудитын хараат бус байдалд нөлөөлдөг тул харш хэмээн цээрлэдэг. Гэтэл Монгол улсын Аудитын төв байгууллага сүүлийн жилүүдэд асар их хөрөнгө мөнгөтэй “бийлэгжүү” болсон байх юм. Ийнхүү төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарах, шамшигдуулах хөрс суурь энэ байгууллага дээр ч тавигдсан байх магадлал өндөр байна. Татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалтад хяналт тавих үүрэгтэй байгууллага нь хүртэл ийнхүү үндсэн үүргээ умартжээ гэдэг харамсмаар дүгнэлт хийж болохоор байгаа юм.

Тус байгууллагын төсвийн гүйцэтгэл, зарцуулалтын тайланг сонирхож үзье.  

Гүйцэтгэсэн аудитын тоо хэмжээ, үр өгөөж, үр дүн

Хүснэгт 2

 Хэмжих нэгж2017201820192020
1.Нийт аудитТоо ш.3556410442314141
2.Хүлээн зөвшөөрөгдсөн үр өгөөжТэрбум/₮1831.6821.7406.5359.6
3.Нэг төгрөгт ногдох үр өгөөж198.672.126.918.6

Эх сурвалж: Аудит.мн сайт: Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны тайлан

Хараат бус аудитын байгууллагын үйл ажиллагааны үр өгөөж, үр дүнг олон улсын түвшинд “Хүлээн зөвшөөрөгдсөн нийт үр өгөөж”, “Зарцуулсан нэг төгрөгийн санхүүжилтэд ногдох үр өгөөж” гэсэн чанарын хоёр гол үзүүлэлтээр хэмждэг. Төрийн аудитын байгууллагын хүлээн зөвшөөрөгдсөн нийт үр өгөөж 2020 онд 359,6 тэрбум төгрөг болж, 2017 оныхоос 5.1 дахин буурчээ. Түүнчлэн зарцуулсан санхүүгийн нөөцийн 1 төгрөг тутамд ногдох үр өгөөж 2017 онд 199 төгрөг байсан бол 2020 онд 19 төгрөг болж буурчээ. 

Энэхүү байгууллагын зардал огцом өссөнөөр ямар үр дүнд хүрэв? гэх асуулт анхаарал татаж байна. Гүйцэтгэсэн аудитын тоо огт нэмэгдсэнгүй. Хүлээн зөвшөөрөгдсөн нийт үр өгөөж нь хэд дахин буурчээ. Аудитын удирдлага төсвийн хөрөнгөөр ах дүү, танил тал, журмын нөхдөө санхүүжүүлээд байгаа юм биш биз? Эсхүл бусдаар дамжуулан хишиг хувь хүртдэг  схем зохиов уу? гэх мэт олон асуултыг УИХ нь улсын Ерөнхий аудитороос, ард түмэн нь эрх баригчдаас асуух цаг болжээ. Татвар төлөгчдийн асар их хэмжээний хөрөнгө ийнхүү элдэв янзын сувгаар үр дүнгүй цацагдаж байгаа вм биш биз. Энэ бүхнийг аудитын байгууллага нь толгойлоод  “тууж” яваа юм биш биз гэж эргэлзэхээр байна.

Хэрэв төрийн яам, агентлаг, орон нутгийн төсвийн байгууллага, төрийн өмчит аж ахуй нэгж тус бүрээр үргүй зардлыг тооцож нийлбэр дүнг нь гаргах аваас энэ улс орон хөгжихгүй байгаа, иргэдийн амьдрал дорвитой өөрчлөгдөхгүй байгаа шалтгаан тодрох ёстой. Төсвийн үр дүнгүй зардал огцом нэмэгдэх нь маш их хор уршиг дагуулдаг. Энэ нь ганц нэгэн төрийн байгууллага дураараа дургиж байгаа асуудал огт биш. Харин улсын орны маань хөгжилд нөлөөлөхүйц, та бидний анзааралгүй орхигдуулсан том шалтгаан юм. Хувийн хэвшлийнхэн, татвар төлөгчид улс орны хөгжил дэвшилд нэмэр болно гэдэг итгэлтэйгээр татвараа төлдөг. Харин тэдний итгэлийг хугалах бохир тогтолцоо энэ улсад ийнхүү цэцэглэж байгаа юм биш биз? Ингэж дүгнэх үндэслэл нь төсвийн зарцуулалтыг хянах ёстой байгууллага нь хүртэл хийх ажлаа умартаад “найрлаж” суугаагаас харагдаж байгаа бус уу.

                                                                                              2020 оны 4 сарын 26.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах