Цэс Close

“Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо

УНТЭ-ийн Сувилахуйн алба, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуультай хамтран “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” арга хэмжээг 5 дугаар сарын 27-ны өдөр УНТЭ дээр амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээг УНТЭ-ийн Сувилахуй эрхэлсэн дэд захирал Ц.Амаржаргал удирдан явуулсан бөгөөд арга хэмжээг нээж УНТЭ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа хэлсэн үгэндээ “Үе үеийн багш шавийн нандин барилдлагаар эрүүл мэндийн салбарын түүхийг бүтээлцэж буй энд хуран цугласан эрхэм багш, сувилагч, тусгай мэргэжилтнүүд та бүхэндээ АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн түүхт 95 жилийн ойн болон Хуран үйлдэхүй шүтэн барилдлагатай энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье” хэмээгээд УНТЭ-ийн өнөөдрийн 99 жилийн түүхийн хуудаснаа тодоор бичигдэж, бий болгосон ололт амжилтыг АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулиар овоглосон эрдэмтэн багш, сувилагч, тусгай мэргэжилтэнгүйгээр бүтээх боломжгүй юм гэдгийг онцолсон юм. Мөн тэрээр “Өнөөдрийн уулзалт сургалтаар бид 2025 онд байгууллагынхаа 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах “100 жил-100 судалгаа” эрдэм шинжилгээний хуралд сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ идэвхтэй оролцуулах бэлтгэл ажлын эхлэлийг тавьж байгаа төдийгүй сувилагч мэргэжлийн үнэ цэнийг олон нийтэд сурталчлах, сувилахуйн шинэ ололт амжилт, инновацыг түгээн дэлгэрүүлэх, төгсөгчдийн ажлын байрандаа ажиллах хүсэл сонирхлыг тасралтгүй төрүүлэх, багш шавийн нандин холбоог бэхжүүлэх зорилгоор энэхүү ажиллагааг зохион байгуулж байна” хэмээгээд арга хэмжээнд оролцогчдод амжилт хүслээ.

“Багш шавийн эрдмийн уулзалт-2024” арга хэмжээнд УНТЭ-ийн Сувилахуйн алба магистрын судалгааны бүтээлийг удирдсан, докторантурын судалгааны бүтээлийг удирдаж байгаа эрхэм хүндэт БАГШ НАРТАА ХҮНДЭТГЭЛ үзүүллээ.

АШУҮИС-ийн магистрын хөтөлбөрт суралцаж байгаа, судалгааны бүтээл туурвих эрмэлзэлтэй ахлах сувилагч Ө.Мягмарсүрэн, сувилагч Л.Цэнджав, сувилагч н.Болортунгалаг нарын гурван сувилагчийг судалгааны ажил удирдах багштай нь БАГШ ШАВИЙН БАРИЛДЛАГА –тай болгож батламжлав.

Мөн энэ үеэр АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн суурь ур чадварын тэнхимийн багш Г.Ганхуяг /БУ-ны доктор, дэд профессор/ “Сувилахуйн ухааны түүх хөтлөлт”, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн НЭМ-ийн тэнхимийн эрхлэгч Я.Энхжаргал /НЭМУ-ны доктор, дэд профессор/ ”Сувилахуйн судалгааны арга зүй”, АШУҮИС-ийн НЭМ-ийн тэнхимийн багш Г.Хулан /СУ-ны доктор, дэд профессор/ “Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламжийн судалгааны арга зүй” сэдвээр тус тус илтгэл тавьж, арга хэмжээ асуулт, хариултаар үргэлжилсэн юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах