Барилгын компаниуд: Төр, засаг минь ковидын үед барилгын салбараа амьд үлдээхэд туслаач
Цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хүндрэл болон бараа материалын үнэ өссөн нь барилгын салбарт ихээхэн хүндрэл учруулж байгааг тус салбарынхан мэдээлж байна. Улмаар улсын төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг, спорт заал, эмнэлэг, Соёлын төвийн барилга барьдаг 200 орчим барилгын компанийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
Тэдний мэдээлж байгаагаар шат шатны онцгой комиссуудаас халдварын тархалтыг бууруулах зорилгоор хэрэгжүүлсэн арга хэмжээний нөлөөгөөр энэ онд улсын төсвийн хөрөнгөөр барилга барьж байгаа компаниуд ажлаа зургаадугаар сард эхлүүлсэн байна. ГЭвч хугацаа алдаж эхэлсэн болон хил гаалийн хүндрэл, материалын үнэ өссөн зэрэгтэй холбоотойгоор яг одоо улсын хэмжээнд баригдаж байгаа 400 гаруй обектын барилгын ажил зогсох эрсдэлд оржээ. Хэрэв дээрх барилгын ажлууд зогсвол 200 гаруй компаний 5.000 ажлын байр, 50 мянган хүний амьжиргаа хүнд байдалд орно гэсэн үг юм.
Өнөөдрийн байдлаар дээрх компаниуд багадаа 300 сая төгрөг ихдээ нэг тэрбум гаруй төгрөгийн алдагдалд оржээ. Мөн гүйцэтгэлийн болон чанарын баталгаа гэж хүүгүй мөнгө авч байгаа нь тэднд бас л ачаа болж байгаа аж. Тиймээс өөрсдийнх нь мөнгийг хүүгүй авч банканд ашиглуулдагаа болих хэрэгтэй байна. Цар тахлын улмаас нөхцөл байдал өөрчлөгдөж, барилгын материалын үнэ ийм түвшинд өсөхийг бид таамаглаагүй. Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн барилгын салбартаа төр засгаас анхаарч үзээсэй гэж хүсч байна” гэсэн юм.
Барилгын компаниудын төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд хугацаатай шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Тус шаардлагад,
- Үнийн бодит өсөлтийн индексийг тооцож, төсвийн зөрүүг 2022 оны төсвийн тухай хуульд тусгах, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, аж ахуйн нэгжээс бүрдсэн ажлын хэсэг байгуулах,
- 2021 оноос өмнөх барилгын ажлуудад үнийн өсөлтийн зөрүүг тооцож, 2022 оны төсөвт суулгах. 2022 оны улсын төсвийн тухай хуулийн төсөлд шинээр баригдахаар тусгагдсан барилга байгууламжийн төсөл арга хэмжээг дараа онуудын улсын төсөвт үе шаттайгаар суулгахаар хойшлуулах,
- Өмнөх онуудын төсөвт тусгагдсан улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын санхүүжилтийг 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө хариуцлагын гэрээ, хэлцлийн үндсэн дээр олгох асуудлыг яаралтай зохион байгуулах
- Үргэлжилж буй гэрээт ажлуудын гүйцэтгэлийн болон чанарын баталгааг цуцалж, гүйцэтгэгч компаниудад олгох
- Цар тахлын үед НӨАТ болон Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг нэг удаа чөлөөлж, дэмжлэг үзүүлэх гэжээ.
Уг шаардлагын хариуг аравдугаар сарын 13-ны өдрийн дотор ирүүлэхийг тэд шаардаж буй бөгөөд энэ хугацаанд хариу өгч, биелүүлэхгүй бол дараагийн шатны арга хэмжээг авна хэмээн мэдэгдлээ.
Сэтгэгдэл үлдээх