Цэс Close

Барилгын төслүүдэд ажиллах ажиллагсдын 30 хүртэлх хувьд эмэгтэйчүүд ажиллана

Барилгын мэргэжлээр ажиллаж буй эмэгтэйчүүд манай улсын барилгын салбарын нийт ажиллагсдын 16.8 хувийг эзэлж байна. Тиймээс Барилгын салбар дахь жендэрийн тэгш байдлыг хангах санамж бичигт Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга C.Магнайсүрэн, Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл нар гарын үсэг зурлаа.
БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн: "Барилгын салбарт ажиллаж буй эмэгтэйчүүд тухайн салбарын нийт ажилчдын 16.8 хувийг эзэлж байна. Өнөөдрийн нөхцөлд жендэрийн тэгш байдлыг улсын хэмжээнд төрийн байгууллага болон төрийн өмчийн оролцоотой ААН-үүдийн түвшинд авч үзэхэд эрэгтэй, эмэгтэй ажилчдын хүйсийн харьцаа 50, 50 хувь байгаа. Харин салбарын хэмжээнд авч үзвэл 60-100 мянга гаруй ажилчин дунд хүйсийн харьцаа алдагдсан, тааруу дүнтэй байгаа. Энэ харьцааг 30 хувиар өсгөх бодлоготой ажиллаж байна. Өнөөдөр бид Монголын Мянганы сорилтын сантай яг дээрх чиглэлээр хамтран ажиллахаар болж байна. Тодруулж хэлбэл, бид тус сангаар дамжуулан жендэрийн тэгш байдлыг хангах талын гадаад, дотоодын сайн туршлагыг судлан хуваалцах, энэ талын мэдээллийн сантай болох, цаашдын хөгжлийн чиг хандлага дээр сургалт, арга зүйн зөвлөгөө авах хэлбэрээр хамтран ажиллана" гэв.
Санамж бичигт Барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжих төсөл, хөтөлбөрийн баримт бичигт болон худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтын (тендерийн) шаардлагад нийгэм, жендэрийн талаарх шалгуур үзүүлэлтийг тусган, хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүйсээр ангилсан барилгын салбарын ажиллах хүчний тоон мэдээлэл цуглуулах, хуваалцах, харилцан мэдлэг, туршлага солилцох, сургалт, сурталчилгаа зохион байгуулах зэрэг чиглэлд хамтран ажиллахаар тусгажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах