Цэс Close

БИЗНЕСИЙН СЭРГЭЛТ 10000 залуусын сургалт эхэллээ

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулж “Бизнесийн Сэргэлт” хөтөлбөрийг МҮХАҮТ-аас боловсруулсан. Үүний эхлэл болгон 10000 залууг Бизнесийн сургалтад хамруулахаар болж, бүртгэл эхэлсэн талаар МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Бизнес академийн захирал Д.Асралт, зөвлөх Д.Ерөө нар мэдээлэл хийлээ.

Хөтөлбөр 3 үе шаттай. Эхний ээлжинд ОУ-ын  Бизнесийн магистрын /MBA program/ мэдлэгийг богино хугацаанд олгох P-MBA /Personal MBA/ сургалтад 10000  залууг сургах юм. 2024 оны 4-6 сард хуваарийн дагуу Улаанбаатар хотод зургаан элсэлтээр 4000, аймаг орон нутагт 1-2 удаагийн элсэлтээр 6000 залууг сонгон суралцуулна.

Хүйсийн хувьд эрэгтэй эмэгтэй ижил тэнцүү байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах зэрэг бодлого барьж байгаагаа МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн хэллээ. Мөн оролцоог тэгш хангахын тулд нэг аймгаас 300 иргэн байхаар тооцож бүртгэх юм. Сургалтад сүүлийн 12 жилийн хугацаанд олон улсад бестселлерээр шалгарсан ном,  сурах бичиг дагалдана.

Сургалтын төгсгөлд бизнесийн шинэ санаа, төслөө боловсруулсан байх бөгөөд эндээс нь шалгаруулалт хийж, 1000 хүнийг Энэтхэг, Сингапур, Малайз, Филиппин, Хятад зэрэг улсад олон улсын сургалтад үнэ төлбөргүй хамруулах бол 2-р үе шатанд амжилттай сурсан, шилдэг төсөл бүхий 100-200 залууг бизнес инкубатор хөтөлбөрт хамруулж, олон талт санхүүгийн боломжийг олгохоор төлөвлөжээ.

ОУ-ын Бизнесийн магистрын /MBA program/ хөтөлбөрийн нэг жилийн сургалт дунджаар 30 сая төгрөг байдаг. Тэгвэл үүнтэй дүйцэхүйц мэдлэгийг богино хугацаанд олгох, албан ёсны эрхтэй 12 модуль бүхий   P-MBA /Personal MBA/ сургалтыг МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес академи” 300 мянган төгрөгийн төлбөртэй явуулах бөгөөд үүний 30 хувь буюу 99 мянган төгрөгийг суралцагч өөрөө төлнө, үлдсэн зардлыг МҮХАҮТ, Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Сан болон бусад байгууллагууд хариуцах юм. Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас өөрийн дүүргийн залуусын оролцоог хариуцахаа албан ёсоор илэрхийлсэн.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ХНХЯ болон Нийслэлийн дүүргүүд, аймаг орон нутагтай хамтарч ажиллах шаардлагатайг МҮХАҮТ-ын зүгээс мэдээллээ.

Сургалтын бүртгэл онлайнаар явагдана. Мөн нийслэл дүүрэгт тодорхой заасан цэгүүд дээр, орон нутагт МҮХАҮТ-ын салбар танхим дээр өөрийн биеэр очин бүртгүүлж болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах