Цэс Close

БНСУ-ын Цагаачлалын алба монголчуудын асуудалд анхаарал хандуулахаа мэдэгджээ

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд нар БНСУ-ын Цагаачлалын албаны дарга И Жэ Юүтэй албан уулзалт хийж, монгол иргэдийн виз мэдүүлэх болон зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар тодорхой саналуудыг тавьжээ.

ЭСЯ-наас олон удаагийн виз авах шаардлагыг хангасан иргэдийн визийн хүсэлтийн хариуг 7-14 хоногт багтаан өгөх, хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэлгүй буцааж байгаа асуудалд анхаарал хандуулж, хил дээрээс буцааж байгаа монгол иргэдийн тоог эрс багасгах, БНСУ-д хууль бусаар оршин суугаа монгол иргэдийг өршөөлийн аянд хамруулан нутаг буцаах, аяны хүрээнд тус улсыг сайн дураар орхин гарсан иргэдэд дахин виз мэдүүлж, хууль ёсоор зорчиж болно гэсэн баталгааг гаргаж өгөх зэрэг саналыг тавьсан байна.

БНСУ-ын Цагаачлалын албаны дарга И Жэ Юү манай талын дээрх саналуудыг нааштайгаар хүлээн авч, олон удаагийн виз олголтыг богино хугацаанд шийдвэрлэх, хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг хил нэвтрүүлэлгүй буцааж байгаа асуудалд анхаарал хандуулж, судалж үзэхээ мэдэгдэв. Мөн БНСУ-д зорчиж буй монгол иргэдэд шаардлагатай зөвлөмж, мэдээллийг тогтмол хүргэх, тус улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчихгүй байх чиглэлээр соён гэгээрүүлэх хамтарсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тохирлоо.

БНСУ-д байгаа 54 000 гаруй монгол иргэний 30 гаруй хувь нь хууль бусаар оршин сууж байгаа нь манай улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр тодорхой шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлдөг байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах