Цэс Close

Б.БАТ-ОРГИЛ: Монголд орж ирсэн ногоон автобуснууд шинэ, DAEWOO үйлдвэрийнх. Угсралт нь Вьетнамд хийгдсэн

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд сүүлийн 14 жил орхигдоод байсан нийтийн тээврийн парк шинэчлэлийг 100 хувь хийж, насжилт нь дууссан, техникийн шаардлага хангахгүй болсон автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнээс гаргахаар шийдвэрлэсэн. Учир нь нийтийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд нийт 1240 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 85 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай, стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслүүд үйлчилгээд явж байсан юм.

Тиймээс нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг эхлүүлж, 2022, 2023 онд нийт 224 шинэ автобусыг үйлчилгээнд гаргажээ. Үүний үргэлжлэл болгож БНСУ-ын Young An корпорацын ZYLE Daewoo Bus компанид үйлдвэрлэдэг 2023 оны шинэ загвар болох Евро-5 стандартын BS-106 их багтамжийн автобуснаас 600 ширхэгийг үе шаттайгаар оруулж ирэн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Гэвч сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр энэхүү автобусыг хуучин, техникийн шаардлага хангаагүй гэх ташаа мэдээлэл тарах болсон юм. Тиймээс Нийслэлийн нийтийн тээврийн газар болсон холбогдох байгууллагуудаас энэхүү ташаа мэдээллийг залруулж үнэн, бодитой мэдээллийг олон нийтэд өгч байна. Олон нийтийн цахим сүлжээнд гарсан ташаа мэдээлэлд “БНСУ-д үйлдвэрлээгүй, Вьетнам улсад үйлдвэрлэсэн, зарим эд анги нь зэвэнд идэгдсэн, хуучин автобусыг оруулж ирлээ” гэх агуулгатай мэдээлэл цацагдсан юм. Тэгвэл энэхүү мэдээллийг үгүйсгэж Зорчигч тээврийн нэтгтэл ОНӨААТҮГ-ын ашиглалтын инженер Б.Бат-Оргил тайлбар хийлээ.

Тэрбээр хэлэхдээ “Энэхүү ногоон өнгийн автобус нь DAEWOO үйлдвэрийнх. DAEWOO Bus компани нь дэлхийн долоон оронд салбар үйлдвэр буюу угсралтын үйлдвэртэй. Монголд орж ирсэн ногоон автобуснуудын бүх эд анги нь БНСУ-ын DAEWOO үйлдвэрийнх. Угсралт нь Вьетнам улсад хийгдсэн. Шинэ автобус гэдгийг нь батлах бүхий л бичиг баримт, хуулга бий. 2009 онд үйлдвэрлэгдэж Монголд парк шинэчлэлтээр ирж байсан автобуснуудтай харьцуулахад энэ удаагийн автобуснууд лед гэрэлтэй.

Мөн паарыг нь нэмж суудал бүрийн дээр байрлуулсан, дулаалгын тусгай материалтай ирсэн. Үйлдвэрлэлийн явцын бичлэг удахгүй тавигдана. Цонх нь мөн цантдаггүй материалаар хийгдсэн. Олон нийтийн цахим сүлжээнд гарсан хуучин автобус гэдэг нь ташаа мэдээлэл. Хөдөлгүүрийн тухайд утаа бага гаргадаг зэвнээс хамгаалсан хамгаалалттай. Улаанбаатарт үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Автобус шатдаг асуудал ч их гардаг. Тиймээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийг зайлшгүй хийх шаардлагатай. Дизель автобуснууд 20 ширхэг орж ирсэн. Маргааш 80 ширхэг ирнэ. Ирсэн даруйд нь яаралтай цахим карт уншигчийг суулгаж хөдөлгөөнд оролцуулна” гэх мэдээллийг өглөө.

БНСУ-ын Daewoo Bus компанийн энэхүү ногоон автобус нь захиалгын дагуу нийт 600 орчим үйлдвэрдэгдэж байгаа бөгөөд нэг тус бүрийн үнэ нь 336 сая төгрөг юм. Энэ нь өнөөгийн зах зээлийн ханшаас харьцангуй хямд үнээр нийлүүлэгдэж байгаа гэдгийг албаныхан онцолж байна. Учир нь яг ийм техникийн үзүүлэлттэй автобусны өнөөгийн ханш нь 400 гаруй сая төгрөг болжээ.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явах Daewoo брэндийн NEW BS 106 загварын автобусны давуу талуудыг онцолбол:

  • Өвлийн хүйтэнд цонх цантуулахгүй, зорчигчдыг дааруулахгүйн тулд хана, таазанд нэмэлт дулаан барьдаг сайжруулсан арьсан доторлогоо хийжээ.
  • Одоо нийтийн тээвэрт явж байгаа хуучин Дэү автобус  нь халаалтын гурван паартай бол шинэ нь зургаа болгож нэмэгдүүлсэн.
  • Дотроо 27 инчийн дөрвөн дэлгэцтэй.
  • Дотроо 4-5 ширхэг гар утас цэнэглэх USB залгууртай.
  • Зорчигчийн 28 суудалтай бөгөөд өмнөх автобус нь хулдаасан суудлын бүрээстэй тул манайхан даавуун уут оёж угласан байдан. Харин шинэ загвар нь сайжруулсан бат бөх материалаар хийсэн суудлын бүрээстэй учир гадуур нь уут углах шаардлагагүй.
  • Эйр кондишн бүхий сэрүүцүүлэх болон дулаацуулах үлээлтийн системийн тусгайлсан тоноглолыг таазанд нь суурилуулсан бөгөөд зорчигч бүрийн дээрээс үлээнэ.
  • Өмнөх автобусууд гэрэл муутай байсан бол одоо дотор талын гэрлийг лед гэрлээр шинэчилсэн.
  • Автобусны гаднах гэрэлтүүлгийг нэмэлтээр хажуугийн хананд нь шийдэж өгсөн тул шөнийн цагаар гэрэлт автобусууд хөдөлгөөнд оролцоно.
  • EURO-5 хөдөлгүүр нь 8000 багтаамж бүхий хоёр турбо хөдөлгүүрийн  хүчин чадалтай.
  • Мотор нь байгальд ээлтэй аdd blue технологи болох түлшийг цэвэршүүлэн гаргах яндангийн шүүлтүүр тусгайлан хийснээр хар утаа ялгаруулахгүй.
  • Автобусны гадна талд ослын, харин дотор талд нь зорчигч бүр буух товч дарах боломжтой болсон.
  • Хуучин Дэү автобусны урт нь 11.2 м бол шинэ нь өмнөхөөсөө 1м-ээр урт.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах