Цэс Close

Б.Мөнхбаатар: Урьдчилсан байдлаар Хөшигийн хөндийд 150 мянган хүн амьдрах боломжтой

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтуудыг хариуцаж ажиллах Ашиглалтын өмнөх захиргаа байгуулах шийдвэр гаргажээ. Энэ талаар БХБ-ын сайд Б.Мөнхбаатар мэдээллээ.

Тэрээр "Монгол Улсад хамгийн сүүлд Багануур хотыг барих шийдвэр гаргаж байв. Харин 2020 оны дөрөвдүгээр сард УИХ-аас Төв аймгийн Сэргэлэн, Зуунмод зэрэг улсын зэрэглэлтэй сумд байрлах Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод, Майдар хотыг барих шийдвэр гаргасан юм. Тус хөндийд цогц бүтээн байгуулах ажил төлөвлөж байгаа бөгөөд, усны нөөцийн судалгаагаар урьдчилсан байдлаар 150 мянган хүн амьдрах боломжтой. Хөшигийн хөндийд ашиглалтад оруулсан нисэх онгоцны буудал, удахгүй барих Богдхан төмөр замыг дагасан тээвэр, ложистикийн бизнес хөгжихийн зэрэгцээ соёл, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэлийн ажлын байр бий болох юм. Тус хөндийд шаардлагатай хоногт 20 мянган метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай гурван цэвэрлэх байгууламж, таван усан сан, авто замын сүлжээ, цахилгаан, дулааны станц, шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн ажлыг хийхээр төлөвлөжээ. Үүний дараа нэгдсэн төлөвлөлтийн дагуу орон сууц, үйлчилгээ, аж үйлдвэр зэрэг олон бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх юм байна. Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтад орсонтой холбогдуулан Засгийн газраас Богдхан төмөр зам барих ажлыг эхлүүлээд байна" гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах