Цэс Close

Газза шиг дураараа тоглох дуртай бүдүүн шилбэт Жек Грилиш

[cmsmasters_row data_shortcode_id="ca6umq4569" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="pxfu6z9aa" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="31a0bsevty" animation_delay="0"]

Английн долоон удаагийн аварга “Астон Вилла”-гийн ахлагч, 25 настай хагас хамгаалагч Жек Грилишийн тухай зарим сонирхолтой баримтууд хүргэе. Дашрам сонирхуулахад, “Астон Вилла” ахлагчаа 100 сая паундаас доогуур үнээр зарахгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа тухай мэдээ хэдхэн хоногийн өмнө түгсэн билээ.

Элэнц өвөө нь хөлбөмбөгч

Жек Грилиш 1995 оны есдүгээр сарын 10-нд Английн Бирмингэм хотын ойролцоо орших Солихалл хэмээх жижиг хотод мэндэлжээ. Аав нь хоёр талаасаа цэвэр ирланд хүн. Харин ээж нь ирланд-английн эрлийз эмэгтэй. Тиймээс ч Грилишийн болчимгүй зан, болгоомжгүй үйлдлийн тухай шар хэвлэлээр бичигдэхэд фанатууд “Аргагүй дээ, ирланд залуу юм чинь” гэж өмгөөлдөг.

Грилишийн элэнц өвөө Билл Гаррати нь хөлбөмбөгч явсан. Хөлбөмбөгч хөлбөмбөгчдөө мөн л “Астон Вилла”-д тоглож, 1899, 1900 онд Английн аваргаар тодорч, 1905 онд Английн цомыг өргөж явжээ. Тиймээс Грилишийн хувь заяа зургаан настайгаасаа л “Астон Вилла”-гийн академитай холбогдож, өдий хүртэл унаган багийнхаа ахлагч болтол тоглосоор явна.

Дүүгээ алдаж, дүүгийнхээ нэрэмжит цомыг анх өргөжээ

Жекийн аав ээж нь баян ч биш, ядуу ч биш яг дундаж давхаргынхан. Жек Грилиш таван хүүхэдтэй айлын том. Киера, Холли гэх хоёр эмэгтэй дүүтэй. Тэд нь ахдаа хачин их хайртай, эрх гэнэ. Мөн Кевин гэх эрэгтэй дүүтэй. Дүү нь хөлбөмбөг тоглодоггүй ч ахынх нь тухай муу, худал мэдээ сошиалд харагдвал араас нь орж залруулж, хэрүүл уруул хийж, хамгаалж явдаг гэнэ.

Жек дөрвөн настай байхдаа өөр нэг эрэгтэй дүү Даниелийгаа алджээ. Даниел дүү нь есөн сартай байхдаа ямар нэгэн өвчин зовиургүй унтсан хэрнээ эргэж сэрэлгүй мөнх нойрссон байна. Үүнийг шинжлэх ухаанд Хүүхдийн гэнэтийн үхлийн синдром гэж нэрлэдэг байна. Ямар нэгэн шалтгаангүйгээр хүүхдүүд зүүдэндээ нас барахыг ингэж хэлдэг гэнэ.

Грилишийнхэн их шүтлэгтэй католик шашинтнууд. Тиймээс ч багаасаа Грилиш сүм хийдээр залбирал үйлддэг болжээ. Грилиш дунд сургуульд сурч байхдаа анхны цомоо өргөсөн нь “Даниелийн нэрэмжит цом” байлаа. Аав ээж нь нас барсан хүүгээ дурсаж ийм сургуулийн хүүхдүүдийн дунд тэмцээн зохиоход Жекийн баг түрүүлжээ.

Газзатай харьцуулав

Жек Грилишийг чөлөөтэй, дураараа тоглодог болохоор нь Газза буюу Пол Гаскойнтой мэргэжилтнүүд их харьцуулдаг. Жект энэ харьцуулалт таалагддаг ч өөрийгөө Английн түүхэн дэх хамгийн авъяаслаг мөн хамгийн шуугиантай оддын нэгийн энд хүрэхгүй гэж боддогоо хэлсэн байдаг.

“Би Газзад хайртай. Түүний тухай баримтат киног Netflix-ээс бараг сая удаа үзсэн байх. Гаскойны талбай дээрх болон талбайн гаднах амьдрал надад таалагддаг. Хөлбөмбөг тоглохдоо дураараа, чөлөөтэй байгаа нь үнэхээр гоё харагддаг. Тиймдээ ч хүмүүс Газзагийн тоглолтыг хараад суух сайхан гэдэг байх. Миний хувьд бол ийм хүнтэй харьцуулагдана гэдэг нэр төрийн хэрэг. Хүмүүс тоглолтыг чинь үзэх сайхан байдаг шүү гэхэд би их баярлаж, аз жаргал мэдэрдэг. Би хүмүүст таашаал өгөх дуртай. Мөн Газза шиг чөлөөтэй, зоригтой тоглохыг эрмэлздэг. Гэхдээ би яаж түүний хэмжээнд хүрэх вэ дээ. Том тэмцээнд ч гарч үзээгүй явна шүү дээ” хэмээн Грилиш өгүүлжээ.

Мэрсоныг шүтэн бишрэгч

Жекийн гэр бүлийнхэн хэдэн үеэрээ “Астон Вилла”-гийн үнэнч фанатууд учир түүний шүтээн нь энэ багийн тоглогч байхаас өөр аргагүй биз. Түүний шүтээн нь Пол Мэрсон байж. Пол Мэрсон бол телевизэд олон жилийн турш хөлбөмбөгийн экспертээр ажиллаж буй мөн л дуулиантай амьдралтай, цагтаа довтлох чиглэлийн хагас хамгаалагч явсан нэгэн.

Мэрсон “Астон Вилла”-д 1998-2002 онд тоглохдоо 101 тоглолтод гарсан байдаг. Харин Жек үеэл Шоныхоо хамтаар түүнийг бэлтгэлийн бааз болон стадионоос гарахыг олон удаа хүлээсэн юм билээ. Ингээд хэд хэдэн удаа холоос харж, нэг удаа зураг даруулж, гарын үсгийг нь авах аз таарсан байна. Ер нь Жекийн хөлбөмбөгч болох их хүсэл Пол Мэрсонтой шууд холбоотой гэж тэр өөрөө хэлдэг аж. Үеийнхэнтэйгээ тоглохдоо өөрийгөө Мэрсон мэт төсөөлөн тоглодог байжээ. Тэгээд ч Мэрсоны адил довтлох чиглэлийн хагас хамгаалагч болжээ.

Фанатад цохиулсан нь

Бирмингэмийн дерби гэж ширүүн тулаан бий. 2019 оны гуравдугаар сарын 10-нд болсон дербигийн үеэр Бирмингэмийн нэгэн фанат талбай руу гүйн гарч ирээд Жек Грилишийг дэлсээд авсан юм. Фанатад түлхүүлж цохиулчихаад босохдоо Жек инээмсэглэж байлаа.

Тэр янз бүрийн жүжиг тавьж, драм хийсэнгүй. Зүгээр л инээмсэглэн босоод тоглолтоо үргэлжлүүлээд хожлын ганц гоолоор хариуг нь барьсан. Харин түүн рүү дайрсан этгээд баривчлагдаж, гурван сар хагас шоронд суусан юм билээ.

Урагдсан муу пүүзтэй гарав

“Астон Вилла”-г Премьер лигт дахин гаргах нь Жек Грилишийн хүсэл мөрөөдөл нь байлаа. Чемпионшип лигийн плей-оффын финалд Грилиш аз авчирна гээд хуучин пүүзтэйгээ гарсан нь олны анхаарлыг татсан сонирхолтой ярианы сэдэв болсон юм.

Грилиш тэр пүүзээ 15 тоглолт дараалан өмссөн болохоор бүр муудчихаж. Арьс нь урагдаж, хөл нь цухуйх дээрээ тулсан ч Грилиш хамгийн чухал тоглолтдоо сольё гэж бодолгүй өмсөж гарчээ.

“Гэмтэл минь эдгээд эргээд талбайд гарах гэтэл хуучин пүүз минь дажгүй сайхнаараа харагдана. Энэ пүүзийг өмсөж тоглохдоо би гоол оруулж, гоолын дамжуулалт байнга өгч байсан болохоор аз хийморь дагуулдаг гээд их дуртай. Тиймээс би шийдвэрлэх тоглолтод тэр пүүзтэйгээ гарсан юм” хэмээн тэр өгүүлж байлаа.

Английн шигшээд дуудагдав

Жек Грилиш эцгийн талаа дагаад өсвөр насандаа Ирландын шигшээд тоглосон. Ирландын өсвөрийн нас насны шигшээд тоглосон болохоор нь түүнийг Мартин О`Нил шигшээдээ дуудтал “Би одоо клубтээ бүрэн анхаарья гэж бодож байна” хэмээн эелдгээр татгалзжээ. Ингэж татгалзсаны учир нь удалгүй тайлагдаж, тэр Английн залуучуудын шигшээд тоглосноор Гурван арсланг сонгосон нь тодорхой болсон юм.

Гэлээ ч түүнийг энэ намар хүртэл Английн шигшээд дуудсангүй. Гарет Саутгейт яагаад дуудахгүй байгаагаа “Фил Фоден болон Мэйсон Гринвүд нар түүний байрлал дээр байна шүү дээ” хэмээн тайлбарлаж байлаа. Гэвч шигшээ багийнхны гэмтэл, дараалсан асуудлууд мөн Грилишийн анзаарахгүй байхын аргагүй сайн тоглолтууд Саутгейтыг бодлоо өөрчлөхөд хүргэсэн юм. Одоогоор Грилиш Английн шигшээд таван удаа тоглохдоо гуравт нь тоглолтын шилдгээр нэрлэгдээд байна.

Гурван арслангийн жолоог атгаж буй Гарет Саутгейт түүний тухай “Өнөөдрийн тоглолтыг хараад Жек Грилишийг магтахгүй өнгөрч чадахгүй нь ээ. Тэр үнэхээр гайхамшигтай тоглолоо. Грилишийн хувьд бол өөртөө маш итгэлтэй, зоригтой тоглодог онцлогтой залуу. Түүнийг гаргавал олон стандарт цохилт авчирна гэдгийг ч мэдэж байлаа. Ингэж сайн тоглосон залуу өөртөө сэтгэл дүүрэн байх ёстой. Энэ тоглолтын дараагаар Жекийн гараанд байнга гарах магадлал 100 хувь боллоо би баттай хэлж чадна” хэмээн өгүүлсэн юм.

Грилиш яагаад гетрээ буулгаж тоглодгоо тайлбарлав

Английн шигшээ болон “Астон Вилла”-гийн хагас хамгаалагч Жек Грилиш энэ улирлыг маш амжилттай эхлүүлсэн. Баг нь Премьер лигийн эхний гурван тоглолтдоо хожсноос гадна Английн аварга “Ливерпүүл”-ийг 7:2-оор бут ниргэсэн тоглолтод хоёр гоол оруулж, гурван гоолын дамжуулалт өгсөн юм. Мөн Английн шигшээд дуудагдан Уэльстэй тоглохдоо гоолын дамжуулалт өгч, тоглолтын шилдгээр нэрлэгдсэн. Тэгвэл 25 настай хөлбөмбөгч байнга гетрээ буулгаж тоглодог таних тэмдэг шахуу болчихсон зуршлаа ийн тайлбарлажээ.

“Хоёр шалтгааны улмаас би гетрээ буулгаж тоглодог юм. Нэгд, 16 настайдаа огцом сайжирсан тэр улиралд би гетрээ буулгаж тоглосон болохоор ингэж тогловол амжилт ирдэг шиг санагдах болсон. “Энэ улиралд сайн тоглолоо шүү. Ингээд гетрээ буулгаж тоглосон нь нөлөөлсөн ч юм билүү” гэж бодсон.

Өөр нэг шалтгаан гэвэл манай удмын өгөгдөл. Манай удмынхан бүгдээрээ их бүдүүн шилбэтэй хүмүүс байдаг. Тиймээс бариу гетр өмсчихөөр шөрмөс татах гээд байгаа юм шиг бариад их эвгүй. Тэрнээс биш би шилбээ бүдүүн болгох дасгал хийдэггүй шүү дээ. Манай удмын л юм байгаа юм” хэмээн Грилиш өгүүлсэн байдаг.

Найз бүсгүй

Грилиш сайн хөлбөмбөгчөөс гадна сайхан залуу. Дасгалжуулагч нь түүний тухай нэг удаа “Үнэндээ Жекийг найз бүсгүй нь хаяад явчихвал би лав гайхахгүй. Тэр өдөржин шөнөжин бэлтгэлээ хийдэг. Бэлтгэл бүрийн дараа үлдэж нэмж бэлтгэл хийнэ. Заримдаа бүр бааздаа хонож бэлтгэл хийнэ. Найз бүсгүй нь ийм хүнийг хаяагүй хамт байгаад байдагт нь гайхмаар” гэж инээмсэглэн өгүүлж байлаа.

Грилишийн найз бүсгүйг Саша Эствүд гэнэ. Тэд Солихалл дахь Гэгээн Петрийн нэрэмжит дунд сургуульд суралцаж байхдаа танилцсан байнх. Хоорондоо муудаж, зөрчилдөггүй тул шар хэвлэлээр харилцааных нь талаар муу мэдээ бичигдэж байгаагүй.

Саша Эствүд бол Бирмингэм хотоос төрж гарсан ирээдүйтэй шилдэг загвар өмсөгчдийн нэг гэгддэг. 13 настайгаасаа л загварын ертөнцөд хөл тавьжээ. Ээжтэйгээ хамт дэлгүүрт явахад нь загварын агентлагийн ажилтан анзаарч урьснаар загвар өмсөгчийн замнал нь эхэлсэн байна. Одоо Лондон болон Европын нэр хүнд бүхий MOT Models загварын агентлагт ажилладаг.

Таавчиктай зугтсан нь

Жек Грилиш бас ч нэг их гэмгүй цагаан хүн биш ээ. Өнгөрсөн хавар ид цар тахлын хатуу хөл хорионы найзынхаа үдэшлэгт оччихоод халамцуу буцах замдаа бусдын машиныг мөргөсөн хэрэг гаргасан нь сүүлийн хэдэн хоногийн шуугиант мэдээ болсон юм. Тэрбээр хэргийн газар автомашинаа орхичихоод таавчиктайгаа гэр рүүгээ явчихсан гэж гэрч мэдүүлж, гэрэл зургууд ч нотолсон байна.

“Та бүгдэд мэнд хүргэе. Амралтын өдөр болсон явдлын улмаас маш ичгэвтэр санагдаж буйгаа хэлэх гэсэн юм. Гэртээ суух нь хүн бүрт хэцүү байгааг би мэднэ. Тухайн үед найз маань над руу залгаад, хүрээд ирээч гэсэн юм. Би мулгуу зандаа хөтлөгдөн зөвшөөрсөн.

Миний алдааг хүмүүс битгий давтаасай. Би үнэхээр гэртээ сууж, хөл хорионы журмыг даган мөрдөхийг хүсч байна. Та бүхнийг намайг уучилна гэж найдья. Тэгээд бүгдээрээ урагш харцгаая. Мөдхөн бүх зүйл тайван сайхан болж, амьдралын баяр баясгаланг дахин мэдэрнэ гэж найдаж байна” хэмээн Грилиш гэмшин уучлалт хүссэнээр энэ асуудал нэг тийш цэгцэрсэн.

Гэтэл саявтархан мөн Росс Барклигийн зохиосон нэгэн үдэшлэгт очиж, олон хүнтэй ресторанд орж наргиснаар хөл хорионы дэглэм зөрчсөн хэмээх шүүмжлүүлээд авлаа.

Де Брюйнегээр чиг баримжаа болгодог

Жек Грилишт одоогийн хөлбөмбөгчдөөс тоглолт нь хамгийн их таалагддаг нь Бельгийн шигшээ болон “Манчестер Сити”-гийн хагас хамгаалагч Кевин Де Брюйне гэнэ.

“Хэнтэй адилхан тоглохыг хүсдэг вэ гэж үү? Яг одоогийн тоглогчдоос бол би Кевин Де Брюйнег нэрлэмээр байна. Түүний тоглолтын хэв маягийг би сайн харж ажигладаг. Ялангуяа төвийн хагас хамгаалагчийн байрлалд гарахаараа яаж тоглож буйг нь сайн аждаг. Түүнд бүх чадвар бий. Тэр гайхалтай тоглож чаддаг ч хүмүүс зохих ёсоор нь үнэлэхгүй байх шиг санагддаг. Миний бодлоор бол Премьер лигийн энэ улирлын шилдэг тоглогч нь Де Брюйне. Тэр одоо Лионель Месси, Криштиано Роналдо, Килиан Мбаппе нартай нэг түвшинд тоглож байна гэж би хардаг” хэмээн тэр өгүүлсэн байдаг.

Грилишийн тухай хэн юу өгүүлэв?

Грилишийг олон хүн онцлон дурьдаж байгаа. Түүнийг мөдхөн илүү том багт очно ч гэсэн ярьсаар байгаа. “Челси”-гийн домог, эдүгээ “Астон Вилла”-гийн туслах дасгалжуулагчаар ажиллаж буй Жон Терри “Грилиш бол гайхалтай авьяаслаг тоглогч. Сүүлийн хоёр жилд хэрхэн сайжирч, чангарч буйг нь харах сайхан байна. Өрсөлдөгч нь түүнийг хэрхэн зогсоох аргаа олохгүй байгаа учраас түүн дээр алдаа хамгийн олон гаргаж байна” гэжээ.

Харин “Ливерпүүл”-д тоглож явсан эдүгээ телевизийн экспертийн ажилд гаршаад буй Жэйми Каррагер “Би Жек Грилишийн том фанат. Өнгөрсөн улиралд түүнийг бөмбөгөө дэндүү удаан өөр дээрээ “барьдаг” гэж шүүмжлээд байсан. Мөн Гаскойнтой адил гэж зарим хүн хэлж байна лээ. Үгүй ээ, Гаскойноос өөр. Грилиш Азартай илүү төстэй. Салах, Манэ, Стерлинг бол хамгаалагчдын хажуугаар бөмбөгөө гаргаад хурдаараа гүйж гардаг тоглогчид. Грилиш тэднээс өөр. Тэр яг Азар шиг бөмбөгийг “барьж” тоглох дуртай” гэсээн тодорхойлсон байна.

Тэгвэл “Манчестер Юнайтед”-ын домог, цагтаа Ирландын шигшээгийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан Рой Кин “Тэр их зоригтой, чөлөөтэй тоглодог залуу. Харахад нэг их хурдан биш юм шиг байгаа биз. Гэвч үнэн хэрэгтээ тэр их хурдан тоглогч” хэмээн өгүүлсэн байдаг.

Р.Гэгээ

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах