Цэс Close

Гурил, тэжээлийн импортод квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа

Гурилын импортын гаалийн татварыг тэглэх шийдвэр маргаашаас буюу тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2024.04.30/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Монгол Улсын Засгийн газар УИХ-аас Хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тогтвортой нийлүүлэлт, үнэ өртгийн тогтвортой байдалтай холбоотой тогтоолууд гарсан. Энэ хууль тогтоомжийн хүрээнд хэд хэдэн арга хэмжээнүүдийг авахаар тогтсон.

Хүнсний аюулгүй байдлыг хангах үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж, тавдугаар сарын 1-нээс Монгол Улсын хилээр орж ирэх хүнсний хэрэглээний буудай, малын тэжээлийн импортын татварыг тэглэж байгаатай холбогдуулан ямар нэгэн хэмжээ, хязгаар, квот тогтоохгүй байх тухай шийдвэрийг гаргалаа.

Ингэснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, тэр дундаа стратегийн бараа бүтээгдэхүүн буюу хүнсний гурил, малын тэжээл ямар нэгэн хугацаагүйгээр өнөөдрөөс эхлээд импортын татваргүй болж байна. Иймд иргэдийн амжиргаанд эерэгээр нөлөөлөх, тэр хэрээр тогтвортой хангалтыг бий болгох боломж бүрдэж байгаа.

Мөн дотоодод хэрэгцээтэй байгаа улаан буудайг нийлүүлээд илүү гарсан улаан буудайг гадаадын зах зээл рүү экспортлох эрхийг нээж өгөх, боломж бүрдүүлэх талаар тогтоолд тусгасан.

Ингэснээр тарифын ямар нэгэн хүндрэлгүэгэр бусад улс руу гаргахад холбогдох байгууллагууд хамтарч ажиллана. Түүнчлэн дотоодын тариалан эрхлэгчдээ дэмжих зорилгоор жил бүрийн улаан буудайн зуу хүртэлх мянган тонныг улсын нөөцөд авах, энэ ажиллагааг харилцан үр ашигтай зохион байгуулах үүргийг ХХААХҮ-ийн яаманд даалгасан. Гуравдугаарт тариалан эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих хүрээнд тариалан эрхлэгчдийн сангийн харьяанд байдаг элеваторуудыг ААН-үүдэд ашиглуулах зарим зохицуулалтыг хийнэ.

Өнөөдрийн байдлаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 88 мянган тонн улаан буудай импортлох зөвшөөрлийг аж ахуй нэгжүүдэд олгож, нийтдээ 12 мянган тонн гурил, 7.8 мянган тонн хүнсний улаан буудайг импортлоод байна гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах