Цэс Close

Дархан-Уул аймаг “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ын хэрэгжилтийг сурталчлан таниулах сарын аянд нэгдэж байна

Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан, 2024 оноос эхлэн сар бүрийг улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаан дахь тодорхой нэг асуудлаар эерэг хандлага, дадлыг бий болгож буй сайн туршлагуудыг танилцуулж, сурталчлан түгээх, уриалан дэмжих сар болгож ажиллана. Энэхүү сар бүрийн аянд хувь хүн, гэр бүл, хамт олон, байгууллага, салбарын түвшинд сайн туршлагаараа нэгдэж, хүчин чармайлт, ололт амжилтаа хуваалцах юм.
Дархан-Уул аймаг 2022 оноос эхлэн жил бүрийг хүүхэд хамгааллын жил болгон зарлаж энэ хүрээндээ дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
САЙН ТУРШЛАГА: БАЙГУУЛЛАГА БҮР ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО
 Дархан-Уул аймгийн хэмжээнд 2019 онд төр, хувийн хэвшлийн 84, 2020 онд 81, 2021 онд 2, 2022 онд 5 нийт 172 байгууллага аж, ахуйн нэгж “Хүүхэд хамгааллын бодлого”-ыг хэрэгжүүлэн “Эцэг эхийн зөвлөл” байгуулан сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж байна.
САЙН ТУРШЛАГА: ХҮҮХДИЙН ӨРӨӨ
 2022 онд Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Дархан сумын 21 дүгээр цэцэрлэг, Биеийн тамир, спортын газар, Залуучууд театр, Дархан сумын 16 дугаар сургууль, Стандарт хэмжилзүйн хэлтэс, 2023 онд Татварын хэлтэс, Политехникийн коллеж, Шүүхийн шинжилгээний алба, Дархан сумын ЗДТГ, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар зэрэг нийт 17 байгууллага өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хүүхдийн өрөөг тохижуулан, 5 байгууллага хүүхдэд зориулсан ариун цэврийн өрөө, 2 байгууллага суултууртай болж хүүхдэд ээлттэй орчныг бий болгожээ. Үр дүнд: Нийт 17 байгууллага хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж чадлаа.
САЙН ТУРШЛАГА: ХҮҮХДИЙНХЭЭ МЭНДЭЛСЭН ӨДРӨӨР ЦАЛИНТАЙ АМАРДАГ БОЛОВ
 Дархан-Уул аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн 1-10/657 тоот албан бичиг хүүхдийн “Мэндэлсэн өдөр”-өөр цалинтай чөлөө олгох уриалгад 68 байгууллага, аж ахуйн нэгж нэгдэн “Байгууллагын дотоод журам”-д тусган хэрэгжүүлж 1568 албан хаагч 2188 хүүхдийн мэндэлсэн өдрөөр цалинтай чөлөө авсан байна.
САЙН ТУРШЛАГА: ӨГЛӨӨ, ОРОЙДОО БАГА НАСНЫ ХҮҮХДЭЭ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬД НЬ ХҮРГЭЖ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
 Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь заалт “..ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлнэ” гэх заалтын хүрээнд бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд сургууль цэцэрлэгт хүргэж өгөх авах, эргүүлд гарах, эцэг эхийн хуралд оролцох зэрэг цагийг зохицуулсан 34 байгууллага, 564 алба хаагч уян хатан цагаар ажилладаг боллоо. Та бүхэн жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны сайн туршлагуудаа дараах хүрээгээр тодорхойлон зураг, мэдээ, ярилцлага, видео бичлэг хийх зэргээр олон нийтэд хүргэж ажиллаарай.
 Хөдөлмөрийн тухай хууль, Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг сурталчлан таниулах үйл ажиллагаа, оролцоо
 Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, бизнесийн болон бусад бодлого, төлөвлөлт, төсөвлөлт, хяналт шинжилгээ үнэлгээн дэх жендэрийн үзэл баримтлал бүхий заалт, тохируулга, үр дүн
 Эрэгтэй эмэгтэй хүмүүс, нийгмийн бүлгүүдийн онцлог хэрэгцээг харгалзсан жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны орчин нөхцөл, сэтгэл ханамж
 Гэр бүл, хүүхэд, охид хөвгүүдийн хөгжил хамгааллыг дэмжсэн бодлого үйл ажиллагаа, үр дүн
 Жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх, хохирогч хамгаалах бодлого үйл ажиллагаа, үр дүн

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах