Цэс Close

Дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй Монголын ардчилал

Ардчиллынхан гэж нэрлэгддэг буурал толгойтнууд  бөөндөө цугларчихаж.  Бас болоогүй ээ, дунд үеийнхэн, залуу үеийнхэн, шар, хар толгойтой гадаад, дотоод баахан хүн заал пиг дүүргэж.    Олон улсын ардчилсан холбоо (ОУАХ) болон Ардчилсан намынхан хамтраад  хуралдаж байгаа нь энэ аж. Хэдхэн хоногийн өмнө болсон явдал л даа.  “Монгол Улс Ардчиллын Баянбүрд” гэсэн гоё нэртэй энэ  хурлаар ардчиллын замаар 34 жил замнахдаа юун дээр алдаж, юун дээр онов, цаашдаа яах вэ гэдгээ хэлэлцлээ. Зарим нь “Манай улс ардчиллын баянбүрд биш болсоон” гэж хэлж үзэж байна.

Заал дүүргэсэн нөхөд  эрх чөлөөний тухай ярьж байна. Гэхдээ өнөөх эрх чөлөөгөө хайж байна. Хаа нэгтээ гээсэн юм уу, хулгайлуулжээ дээ. Чөлөөт эдийн засаг гэж ярьж байна. Гэхдээ бас хүлээстэй  болсон гэж гомдоллов. Тэд ардчиллын тухай сайхан үгс хэлэлцэж байна. Гэвч хаа сайгүй гажуудаад байгаа гэнэ. Тэд ихийг туулж ирснээ дурсаж байна. Гэхдээ тэдэнд ирэх сорилт дуусаагүй юм гэнэ.

Хурлын хүндэт зочид хойморт заларчээ.  Олон улсын Ардчилсан холбооны даргын бие төлөөлөгч, Канадын парламентын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Тони Клемент, Олон улсын Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Др.Майкл Даст, Английн Консерватив намын гадаад харилцаа хариуцсан дарга асан Филиппа Брүүм мөн Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Конрад Аденауэрын сангийн төлөөлөгчид болон Монгол Улс дахь гадаад орнуудын ЭСЯ-ын төлөөлөл оролцож байна.

Олон улсын ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Др.Майкл Даст тун ноцтой зүйл хэлсэн нь  манай улсыг ардчиллын ерөнхий индексээр 60 дугаарт эрэмбэлэгдэж байгаа, дахиад ухарвал авторитар дэглэмтэй ангилалд орох эрсдэлтэй байгаа гэлээ. Туулсан зовлон нь дуусаагүй юм байх даа, Монголын ардчиллын. Гэхдээ энэ бэрхшээл зовлон нь ганц Монголын ардчилалд тулгарсан ч юм биш юм байна. Дэлхийгээрээ л  гажуудлаас гарах арга замаа эрэлхийлж байгаа гэнэ.  ”Ардчилал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна уу даа” гэж олноороо бужигнасан, санаа оноогоо  хэлэлцсэн энэ хурлын үйл явцыг хараад бодож суулаа.

Ардчилсан намынхан гажуудсан ардчиллын тухай яриад байх болсон. Ардчилсан намын зүгээс өмнөх ололт амжилтуудаа хуваалцахын зэрэгцээ сүүлийн үед дэлхий дээрх ардчилсан улс орнуудад тулгамдаад байгаа асуудлуудыг нээлттэй хэлэлцэж шийдэл хайх нь чухал гэдгийг онцолсон.   Ер нь бол ардчилсан тогтолцоонд сорилт, дарамт тодорхой хэмжээнд тулгарч байдаг юм байна.

Баруун төвийн үзэл баримтлалтай дэлхийн улс төрийн намууд үзэл санаагаа хуваалцах, харилцаа холбоо тогтоох, харилцан биенээсээ суралцах, хамтран хүчтэй дуу хоолой болж үнэт зүйлсээ хамгаалах зорилгоор 1983 онд IDU болон олон улсын ардчилсан холбоог байгуулсан түүхтэй. Одоогийн байдлаар тус холбоонд 84 улсын баруун төвийн чиг баримжаатай улс төрийн намууд багтдаг юм байна.

Ардчилсан нам энэхүү олон улсын бага хурлыг Монголд зохион байгуулах эрхийг авсан нь санамсаргүй хэрэг биш бөгөөд Монголын АН олон улсын тавцанд нэр хүндтэй, туршлагатай, төрийн эрх барих хэмжээний улс төрийн институци гэж хүлээн зөвшөөрөгддөгтэй холбоотой.

Хурлыг нээж АН-ын дарга Лу.ГантөмөрБэрхшээл туулсан ч ардчилсан тогтолцооныхоо хүрээнд бид 9 удаагийн парламентын сонгуулийг явуулсан. 1992 оны Шинэ Үндсэн хуулиараа батлан тогтоосон парламентат ёсны ардчилсан тогтолцоог сонгож авсан явдал манай Монгол орны онцлог, монголчуудын оюун сэтгэхүйд нийцсэн туйлын зөв сонголт байжээ. Хэдийгээр алдаа оноо гарч байсан ч гэсэн энэ тогтолцооныхоо хүрээнд бид  парламентын сонгуулийг хуулийн дагуу тогтмол хугацаанд шударга, ардчилсан зарчмаар явуулж чадсан бөгөөд сонгуулийн үр дүнгээр Засгийн эрхийг улс төрийн нэг хүчнээс нөгөө хүчиндээ тайван замаар шилжүүлсээр ирсэн юм. Энэ бол Монголын ардчилсан тогтолцооны хамгийн гэрэл гэгээтэй, ололттой тал буюу олон улсын түвшинд биднийг ялгаруулан харагдуулж буй онцлог маань билээ. Сүүлийн жилүүдэд Монгол дахь ардчилсан хөгжлийн үйл явцад доголдол үүсч, ардчилсан өөрчлөлт шинэчлэлийн өмнөх ололт амжилтаасаа ухарсан, нэг хүн , эсвэл цөөнхийн ноёрхол давамгайлсан авторитар чиг хандлагууд ажиглагдах болсонд ОУАХ-ны зүгээс зохих ёсоор анхаарал хандуулж, холбогдох тогтоол гарган дэлхийн олон нийтэд хандсан уриалга гаргаж байсанд бид талархалтай байдаг” хэмээв.

За тэгээд баахан илтгэлүүдийн араас хэлэлцүүлгүүд өрнөв.      Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр "Хууль дээдлэх ёс ба ардчилсан өөрчлөлт” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байх юм. Ардчилсан намын даргын дэргэдэх Боловсролын зөвлөлийн гишүүн, боловсрол судлаач Э.Сүндарь  Монгол Улсад ардчилсан зарчмууд хэрэгжиж буй бодит жишээ, үйл явдлуудаас дурдан, ИНБ-ууд ардчилал бэхжихэд оруулж буй үнэтэй хувь нэмэр, гаргаж буй өөрчлөлтүүдийн талаар ярилаа.

Ардчилсан намын Гадаад бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн  “Бид одоо яах ёстой вэ” сэдвийн хүрээнд сүүлийн үед дэлхийн ардчилсан улс орнуудад ажиглагдаад байгаа “Мэдээллээр зэвсэглэсэн автократ дарангуйлагчид” судалгааг танилцууллаа. Тэрээр  илтгэлдээ, “Манай улсад ч мэдээллээр зэвсэглэсэн автократ шинж тэмдгүүд илэрсээр байгаа эсэхийг ч бид нэгдсэн дүн шинжилгээ хийж, тодорхойлох нь зүйтэй гэж бодож байна. Яагаад гэвэл уг онолын дагуу тус дарангуйлагчид нь ардчилсан сонгуулиар эрх мэдэлд хүрч, улс төрийн бусад институциудыг далдуур бусниулж, ардчиллыг нүүр царайг л зөвхөн хадгалж эрх мэдлийг төвлөрүүлдэг” гэсэн юм.

Улс төрийн зөвлөлийн гишүүн С.Эрдэнэ "Ардчилал бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа" сэдвээр илтгэл хэлэлцүүлэг өрнүүлж, Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж "Монголд тулгамдаж буй эдийн засгийн хүндрэлүүд ба гарц" сэдэвт хэлэлцүүлэг хийв. Ёстой чөлөө завгүй хуралдаж, хэлэлцэнэ гэж үүнийг л хэлдэг байх.

Энэ өдөр бол ардчиллаар амьсгалсан өдөр байлаа.  Ардчиллын талаар эцэс төгсгөлгүй ярилцаж, хэлэлцсэн энэ өдөр хэдий бэрхшээл саад туулж, гажуудсан энэ тэрийг сонсож, гарц гаргалгаа хайж байгааг мэдэж байвч ардчилсан оронд амьдарч буйгаа мэдэрч суух сайхан. Тэрийг мэдрүүлэх эрх чөлөө хаашаа ч юм бүү нисчихээсэй.

ОУАХ-ны даргын бие төлөөлөгч Тони Клемент  хэлэхдээ “Монгол улсын ардчилал, үүсэн бий болсон ардчиллын уламжлалыг ОУАХ дэмждэг. Удахгүй болох сонгуулийн эгзэгтэй цаг үед сонгууль шударга, өрсөлдөөнтэй, ямар нэгэн гадны нөлөөгүйгээр явагдах нь чухал юм.  Дэлхийн хэмжээнд нэг хандлага явж байна. Ардчиллыг үгүйсгэх, дарамт үзүүлэх зэрэг. Гэхдээ бид үүнийг даван туулж байж ардчилсан тогтолцоогоо хадгалж үлдэнэ” гэв.

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах