Цэс Close

Д.Отгонжаргал: НИТХ-аар нийтийн тээврийн тариф, дамжин суултыг дөрвөн удаа болгох асуудлыг шийднэ

Нэгдүгээр сарын 20-н буюу маргаашаас шинэчлэгдсэн 74 чиглэлд 1.074 автобус үйлчилгээнд явж эхлэх гэж байгаа талаар өнөөдөр Нийтийн Тээврийн Газраас хэвлэлийн хурал зохион байгуулж мэдээлэл өглөө.

Энэ үеэр автобусны шинэ чиглэлийн мэдээллийг  imap.mn сайтаас авах боломжтой болсог талаар мэдээлсэн бөгөөд шинэчлэлтэй холбоотой сэтгүүлчдийн асуултад Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын дарга Д.Отгонжаргал хариулт өгсөн юм.

-Автоубсны буудлууд дээр шинэ маршрутын мэдээллийг хэрхэн харуулсан бэ, хороолол чиглэлийн автобус хотын төв рүү яаж явах вэ?

-Одоогоор 224 буудал дээр автобусны шинэ чиглэлийн мэдээллийг хэвлэмэл байдлаар байршуулаад байна. Хойгуур явж байгаа чиглэлийн автобуснаас урд чиглэлийн автобус руу дамжин суух маршрутыг зураглалаар оруулсан. Мөн автобус дотор Улаанбаатар смарт карт төлбөрийн хэрэгсэл хэвээрээ байгаа.  imap.mn App Store болон Play Store-д албан ёсоор орсон байгаа учир иргэд татаж аваад гар утаснаасаа автобусны чиглэлүүдийг харах боломжтой.

Иргэд 500 төгрөгөөрөө зорчино, дамжин суух хугацаа 30 минут дотор байх нь хэвээрээ. Удахгүй болох НИТХ-аар нийтийн тээврийн тариф, дамжин суултыг дөрвөн удаа болгох асуудлыг шийднэ.

-Автобусны төлбөрийг ямар ч хэлбэрээр төлөх боломжтой болно гэж байсан. Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Санд жилд хэчнээн төгрөг төвлөрөх вэ?

-Улаанбаатар смарт картын төлбөрийн хэрэгслийн хүртээмж бага байгааг иргэд шүүмжилдэг. Тиймээс автобусны төлбөрийг төлөхөд бүх төрлийн карт уншдаг, QR уншуулж төлдөг болгох хөгжүүлэлтийг хийж байна, ирэх сарын сүүлээр биеллээ олно.

Шинээр ирж байгаа автобус найман камертай, үүний нэг хэсэг нь орж байгаа иргэдийг тоолно. Ингэснээр цахим төлбөр тооцооны хэрэгсэл уншигдсан тоо, үйлчлүүлсэн зорчигчдын тоо зөрөхгүй байх юм.

Шинэ маршрутаар үндсэн чиглэлийн автобус хоорондын зай 4 минут, тойрог чиглэл болон дамжин суух автобус хоорондын хүлээгдлийн хугацаа 10 минут байна.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар автобусны төлбөрийг 1.000 төгрөг болгох журам хэлэлцүүлгийн шатанд байгаа. Одоогоор 1.000 төгрөг төлөөд 4 удаа үнэгүй суух санал гаргасан байгаа ч эцэслэн батлагдаагүй байна гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах