Цэс Close

Д.Сүнжид: ХЭҮК “Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн судалгаа” болон бусад судалгааг амжилттай хэрэгжүүлсэн

Хүний эрхийн Үндэсний Комисс, Үндэсний Статистикийн Хороо, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага болон “Эн Ар Си Си” судалгааны байгууллагатай хамтарч гүйцэтгэсэн “Монгол Улс дахь хоригдлын хөдөлмөрийн нөхцөл байдал”, “Монгол Улс дахь цэргийн хөдөлмөрийн судалгаа”, “Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөрийн судалгаа”-ны дүнг өнөөдөр /2024.03.26/ танилцууллаа.
Монгол Улс Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөртэй холбоотой суурь конвенцуудад нэгдэн орсноор хүний эрхийг ноцтой зөрчсөн эдгээр практикийг хориглох, устгах үүргийг хүлээсэн.
Түүнчлэн дэлхийн улс орнуудын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг 2015 онд батлахдаа 2025 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн бүх хэлбэрийг, 2030 он гэхэд албадан хөдөлмөрийг устгах зорилтыг дэвшүүлсэн юм.
Эдгээр үүрэг зорилтын хэрэгжилтийг хянаж, ахиц дэвшлийг үнэлэх, цаашдын бодлого хөтөлбөрийг боловсруулахад дээрх тоон болон чанарын судалгаанууд ихээхэн чухал хувь нэмэр оруулж буй.
Арга хэмжээг нээж, ХЭҮК-ын дарга Д.Сүнжид “Комисс Олон улсын Хөдөлмөрийн байгууллагатай 2020 оноос хойш хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд “Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа”, “Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн судалгаа”, “Монгол Улс дахь хоригдлын хөдөлмөрийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгаа”-г амжилттай хэрэгжүүлснийг дурьдах нь зүйтэй.
Албадан хөдөлмөр эрхлэлтийг устгаснаар хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд ахиц дэвшил гарна. Дээрх тоон болон чанарын судалгааны үр дүнг Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21, 22 дахь илтгэлүүдэд тусгаж, холбогдох саналын хамт УИХ-д хүргүүлсэн. Илтгэлийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд холбогдох арга хэмжээ авах тухай тогтоол баталж, Засгийн газарт даалгасан. Өөрөөр хэлбэл, албадан хөдөлмөр эрхлэлтийг устгаж, таслан зогсоох чиглэлд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, зохион байгуулалтад тодорхой ахиц дэвшил гарч байна. Одоо хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж нь чухал” гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах