Цэс Close

Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялагдуулсан М.Тулгат, Т.Доржханд нар хариуцлагаа хүлээх үү?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль санал хураалт явагдаж, урьдчилсан дүнгээр МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгууллаа. Одоо хэсгийн хороодод гар тооллого үргэлжилж байгаа юм байна. Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгууль дуусмагц улстөрийн шинэ үйл явдлууд гарч ирэх нь мэдээж.

Хамгийн түрүүнд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн намуудын “шинэ дарга” хэн бэ гэдэг яриа улстөрийн хүрээнд өрнөх биз. Ерөнхийлөгч болон УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн намын дарга нар улстөрийн соёл гаргаж огцордог.

Жишээлбэл 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа намаа ялагдуулсан АН-ын дарга С.Эрдэнэ үүрэгт ажлаа хүлээлгэж өгч байсан. Мөн ХҮН-ын дарга Б.Найдалаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж намын даргын суудлыг УИХ-ын гишүүн Т.Доржхандад өгч байсан.

Тэгвэл сонгуульд ялагдсан намын дарга ажлаа хүлээлгэж өгдөг соёл үнэхээр манай улс төрийн намуудад үнэхээр байгаа бол одоо ХҮН-ын дарга Т.Доржханд, АН-ын дарга М.Тулгат нар огцорч дараагийн хүндээ ажлаа хүлээлгэж өгөх үү?

АН-ын хувьд дотооддоо тамганы маргаан дэгдээж, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны өмнөхөн М.Тулгат албан ёсны дарга болох нь хүлээн зөвшөөрөгдсөн. Гэвч нэр хүнд нь унасан АН-ыг аврах боломж нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах байсан боловч ийнхүү өвдөг шороодлоо.

Харин ХҮН-ын дарга Т.Доржханд намын тамга тэмдгийг энэ оны 1-р сард гардаж авсан. Намаа удирдаж оролцсон анхны сонгуульдаа ялагдал хүлээсэн нь цаашид ХҮН-ыг Т.Доржханд удирдах уу үгүй гэдэг асуултыг асуухад хүргэж байна.   

Харин МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан учраас намын даргын суудлыг өгөх мэдээжийн хэрэг. Монгол Улсын Ерөнхийлөгч нам бус байх учиртай. Ямартай ч МАН-д дараагийн намын дарга хэн бэ? Гэдэг санал асуулга явагдаж эхэлсэн гэнэ.

Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн гурван нам даргагүй болох уу? дараагийн намын дарга хэн бэ? гэдэг асуулт ирэх өдрүүдэд биднийг хүлээж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах