Цэс Close

Ерөнхийлөгчийн ҮХЦ-д хандаж мэдээлэл гаргасан Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу үүсгэсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хуульзөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцлээ.

Шүүгчийн хараат бус байх, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилго бүхий Шүүхийн Ерөнхий зөвлөл болон шүүгчийн сахилга хариуцлагын асуудлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд хамаарах шүүгч бус гишүүнийг тус тус Улсын Их Хурал дангаар томилохоор Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгасан байна. Энэ ньҮндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцлийг бүрдүүлж улмаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас  дүгнэлээ.

Иймд Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4, 95.5, 95.7 дахь хэсгийг тус тус түдгэлзүүлэв.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтэд тусгасан Шүүхийн тухай хуулийн бусад заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэж Цэц үзлээ.

Түдгэлзүүлсэн заалтууд...

76.2. Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож, бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно.

95.4. Сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож, Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. Сахилгын хорооны шүүгч бус гишүүн нь шүүгчээр ажиллаж байгаагүй иргэн байна.

95.5. Нийт шүүгчийн чуулган энэ хуулийн 77.12, 77.13, 77.14, 77.15, 77.16, 77.17, 77.18-д заасан журмаар Сахилгын  хорооны шүүгч гишүүнийг нийтээрээ, чөлөөтэй, шууд, тэгш сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, олонхын саналаар сонгоно. Улсын Их Хурал энэ хуулийн 77.1, 77.2, 77.3, 77.4, 77.5, 77.6, 77.7, 77.8, 77.9, 77.10-т заасан журмыг баримтлан Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилно.

95.7. Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилох ажиллагаанд хараат бус, нээлттэй, ил тод байдлыг хангах журмыг Байнгын хороо энэ хуульд нийцүүлэн батална.

Эх сурвалж: ҮХЦ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах