Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймагт ажиллалаа
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутагт ажиллаж, газар тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
Булган аймаг энэ жил 55.5 мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд урьдчилсан балансаар 37 мянган га талбайгаас 50 мянган тн улаанбуудайн ургац хураан авах тооцоо гарчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт маш том дэмжлэг болж, тариалалт нэмэгдэж байгааг тариаланчид хэлж байв.
Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн унасан хур тунадасны улмаас ургац хураалт удааширсан хэдий ч тооцоолсон ургацыг хураан авч, аймгийн хэрэгцээг бүрэн хангана гэсэн итгэлтэй байгаагаа Булган аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан хэллээ.
Энэ жил нэгж талбайгаас хураан авах ургацын хэмжээ өндөр байгаа хэдий ч ургац хураалт удааширсантай холбогдуулан малчдын нүүдэлтэй давхцах нөхцөл үүсээд байгааг “Эг тариа” ХХК-ийн агрономич Р.Сод-Од энэ үеэр хэлж, олон жил малчид, тариаланчдад тулгамдаж буй энэ асуудалд төр, засгаас бодлогын дэмжлэг хүслээ.
Засгийн газраас энэ асуудлаар УИХ-ын намрын чуулганаар Хөдөө аж ахуйн бүс нутгийн тухай хуулийн төслийг өргөн барьж, бодлогын зохицуулалт хийх талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээлэл өгөв.
Түүнчлэн төр, засгаас улаанбуудайн хэрэгцээг импортоор биш, зөвхөн дотоодын ургацаас хангах бодлогыг барьж байгааг хэллээ.
Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулснаар махны экспортыг нэмэгдүүлэх боломжтой
Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь Хутаг-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй эрчимжсэн мал аж ахуйн “Занаду Разорбак” ХХК-д ажиллалаа.
Тус компанийн үүсгэн байгуулагч, Канад Улсын иргэн Жереми Тиссен 1993 онд Монгол Улсад анх ирсэн бөгөөд 2009 онд “Занаду Разорбак” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Анх газар тариалангийн чиглэлээр ажиллаж байгаад 2011 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж, махны чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх болсон байна.
“Занаду Разорбак” ХХК нь нийт 15 ажилчинтай бөгөөд өдөрт 10 үхэр нядлах хүчин чадалтай. Тус компани нь үхрийн гол бордоо болох ногоон тэжээлийг өөрсдөө бэлтгэдэг гэдгээрээ онцлогтой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг талархан дэмжиж буйгаа үүсгэн байгуулагч Жереми Тиссен онцолж байв. Үндэсний хөдөлгөөнийг зарласны дараа хөдөө аж ахуйн салбарт ажиллагсад итгэлтэй, урам зоригтой болсон гэдгийг хэллээ.
Монгол Улсад бэлчээрийн болон махны чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, малчид, фермерүүд хамтран ажилласнаар махны экспортыг нэмэгдүүлэх асар их нөөц бололцоотой бөгөөд үүнд бэлчээр хамгааллын асуудал нэн чухал гэж үзэж байгаагаа хэллээ.
“Занаду Разорбак” ХХК нь 1-2 настай үхрийг малчдаас худалдан авч, эдийн засгийн эргэлтэд оруулан экспортын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй бөгөөд ингэснээр малчид жилийн дөрвөн улиралд орлоготой байх боломж бүрдэж байгаа юм. Тус компани одоогоор 300 гаруй малчинтай хамтран ажиллаж байна.
Тус компани нь халал технологийг нэвтрүүлж, бүс нутагтаа жишиг аж ахуйн нэгж болж байгаагаас гадна одоогийн байдлаар Бүгд Найрамдах Киргиз Улс руу бүтээгдэхүүнээ экспортлох талаар яриа хэлцэл өрнүүлж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд олгож буй хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой гэдгийг албаныхан энэ үеэр хэллээ.
Сэтгэгдэл үлдээх