Цэс Close

 Ерөнхий сайдын томьёолсон “20 минутын хот” буюу Улаанбаатар хотын хөгжлийн шинэ гараа

Улаанбаатар хотын өнөөгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гол гарц бол бүсчилсэн хөгжил гэж үзэж байна. Түгжрэл, агаар, хөрсний бохирдол, төрийн байгууллагын үйлчилгээ гэх мэт бухимдал нэмж буй тулгамдсан асуудлыг өнгөрсөн хугацаанд нэг, нэгээр нь шийдвэрлэхийг оролдож, гал намжаах байдлаар ирсэн ч хүссэн үр дүн гарсангүй. Үүнийг олж харж, Улаанбаатар хотыг бүсчилж хөгжүүлэх эрхзүйн болон бүтэц зохион байгуулалтын реформыг Засгийн газраас эхлүүлээд байна.

    Нийслэл хотыг бүсчилж хөгжүүлэх гэж юуг хэлээд байгааг тайлбарлая. Нийслэл хотын өнөөгийн бүтэц болох 9 дүүрэг, 204 хороог бүсчлэн хувааж 42 нэгж болгох юм

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувьд нь нийслэл Улаанбаатар хот байдаг. Нийт хүн амын 50 орчим хувь нь энд оршин суугаа. Үүн дотроо Нийслэлийн төвийн 6 бүсийн нийт нутаг дэвсгэрийн 0.02 хувь буюу Бага тойрууд эрх мэдлийн 90 хувь нь төвлөрч түгжрэлийн асуудлыг үүсгэж байгаа нь судалгаанаас тодорхой болсон байна.  Түгжрэл ингэж хотын төвөөсөө эхлэлтэйгээр үүсдэг буюу Бага тойруу орчмын 86 га газарт төрийн захиргааны 50 гаруй төв байгууллага нэг дор төвлөрч буйтай холбоотойгоор тийш зорчих хөдөлгөөн их байдаг.

  Иймээс нийслэлийн 9 дүүргийн бүтцийг задлах, одоогийн 5-6 хороог нэгтгэж нэг нэгж бий болгох буюу 42 нэгжид хуваах төлөвлөлт яригдаж байгаа юм.

Өнөөдөр бодит байдал дээр иргэдийн дийлэнх нь хорооноосоо төрийн үйлчилгээ бараг авахгүй шахам болсон. Одоогийн хороо гэдэг нэгж үндсэндээ эрх мэдэлгүй, хот нийтийн аж ахуйн ямар ч чиг үүрэггүй, татвар төвлөрүүлдэггүй, төсөвгүй, үйл ажиллагаа нь эрэлтгүй болчихоод байгаа юм.

Иймд Нийслэлийн хүн амын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн 42 нэгжээр бүсчилж хөгжүүлэх шинэ төлөвлөлтийг Засгийн газар, хотын удирдлагуудтай хамтран хийж эхэлсэнтэй холбоотойгоор иргэдтэй уулзалт хийж, Нийслэлд олон жил ужгирсан хүндрэлийг шийдэх боломжуудыг танилцуулж байна.  Хотын хэт төвлөрөл, төвлөрөлөөс үүдсэн ужгирсан олон асуудлууд он оныг дамжсаар, эрх баригчид шийдэл хайсаар ирсэн ч дорвитой үр дүнд хүрэхгүй байлаа. Гэвч юунаас эхлэх нь тодорхойгүй, нэг хэсэгтээ аргацаасан шийдлүүдээр өнөөг хүрсэн.

Ерөнхий сайд салбар салбарынхантай уулзалт хийгээд нэлээд удлаа. Энэ удаагийн ээлжит уулзалт гуравдугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Яармаг бүсэд болж өнгөрсөн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцуулах үеэрээ: -“ Хүндрэлийг шийдэхийн тулд бүтэц, зохион байгуулалтаас эхлээд хууль, эрх зүйн өөрчлөлт хийх замаар цогцоор нь шинэчлэх, дүүргүүдийг задлах, төрийн үйлчилгээг заавал хотын төв эсвэл дүүргийн байр руу очиж авахгүйгээр иргэд тухайн оршин суугаа бүсдээ түгжрэл, бухимдалгүйгээр 15-20 минутад төрийн, нийгмийн зэрэг хүссэн үйлчилгээгээ авдаг болох нь чухал юм. Бүсчилсэн хөгжлийн дагуу “Хорин минутын хот”-ыг бий болгоно. Ер нь бүсчлэл гэдэг бол эрх мэдлийг задална гэсэн үг” гэв.

Энэ нь Улаанбаатар хотын захын дүүрэгт амьдарч байгаа иргэн төрийн аливааг үйлчилгээг авахын тулд заавал хотын төвийг зорих шаардлагагүй. Өөрт ойр байрлах төрийн үйлчилгээний нэгжид хандах боломжтой болох тухай юм.

 “20 минутын хот” гэж товчхоноор томьёолж болох Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зорьж буй “Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжил”-ийн бодлого нь хотын өнөөгийн тулгамдаж буй олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэж чадах алсын хараа юм.

Өнөөдрийн хэрэгжүүлэхээр зорьж буй бүсчилсэн хөгжлийн бодлого манай улсад цоо шинэ зүйл биш.  2001 онд УИХ-ын 57 дугаар  тогтоолоор Монгол Улсын бүсчилсэн хөдөлгөөнийг баталснаас хойш 23 жил өнгөрчээ. Энэ хугацаанд улс орноо бүсчлэн хөгжүүлэх бодлого амьдрал дээр бодит болж хэрэгжиж чадаагүй хэрэг. Тиймээс энэ ажлыг бодитой болгохоор Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар санаачилж, 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, улмаар бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилт рүүгээ ороод байна.

Манай улс өнгөрсөн хугацаанд бүсчилсэн хөгжилд анхаарал хандуулаагүй явж ирсний горыг монголчууд хот, хөдөөгүй өнөөдөр амсаж байгаа. Ер нь ирээдүйг харж төлөвлөөгүй хот гэж Монголын нийслэлийг хэлж болно. Төлөвлөлтгүй хот дээр нэг хэсэг ёстой л дураараа дургисан. Хаа дуртай газраа хэн дуртай нь газар авч, байшин барилга барьж, өнөөх нь түгжрэлийн гол  эхлэлийг тавьж, мордохын хазгай гэгчээр цементэн ширэнгэ болгож, тэр дундаа улсаараа шахам бухимдаж амьдрах болсон.  Цаашид хүн амын тоо улам өссөөр л байна. Дэлхийн улс орнуудын л адил төв рүүгээ чиглэсэн хөдөлгөөн тасрахгүй нь ойлгомжтой. 2045 он гэхэд Монгол Улсын хүн ам 5 саяд хүрч нийслэлд амьдрах хүн амын тоо 57 хувьд хүрнэ гэсэн төсөөллийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байдаг. Гэтэл нөгөө талд орон нутаг дахь хүн амын өсөлт ажиглагдахгүй байгаа юм.

Иймд одооноос бүсчилж хөгжүүлэх бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж эхлэхгүй л бол хүн амын төвлөрөл Нийслэлд улам ихээр асуудал дагуулж, амьдрахад таагүй болох нь тодорхой юм. Одоо ямар бачуурам байгаа билээ. Үер ус, хальтиргаа гулгаа, утаа, тоос тортог, агаар, хөрсний бохирдол, замын түгжрэлээс эхлээд нийтээрээ бухимддаг энэ байдал дахиад хэдэн жилийн дараа яг энэ байдлаараа үргэлжилвэл юу болохыг төсөөлөхөөс ч аймшигтай санагдаж байна.

Яалт ч үгүй дорвитой шинэчлэл  хийж, хууль эрх зүйн орчныг нь  өөрчлөхөөс эхлээд алхам хийх нь зайлшгүй болсон. Алсын хараа ярьдаг Ерөнхий сайдын бүсчилж хөгжүүлэх бодлого хэрэгжиж чадвал алсдаа гарах олон эрсдлээс сэргийлж,   нийслэлийн тулгамдсан олон асуудлаас гарч болох том гарц байж болох юм.     Нийслэлийг хөгжүүлэх цоо шинэ гарааны эхлэл цэг дээр бид ирчихсэн юм биш биз гэсэн өөдрөг мөрөөдлөөр үүнийг өндөрлөе.

Б.НАРАН

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах