Цэс Close

Жоковичийн гомдлыг хүлээн авч тоглолтуудыг үдээс хойш эхлүүлэхээр болжээ

Токиогийн олимпын наадмын талбайн теннисний тэмцээний эхний тоглолт Улаанбаатарын цагаар бол 10:00-д эхэлж байгаа. Цельсийн 30 хэм давсан халуунд тамирчид цангаж, хурдан эцэх, сульдах явдал тохиолдсоор байгаа юм. Тиймээс ч Дэлхийн тэргүүн теннисчин Новак Жокович энэ талаар гомдол мэдүүлсэн юм.

“Тоглолтын цагийг яагаад хойшлуулж болохгүй байгааг ойлгохгүй юм. Өнөөдрийн сүүлчийн тоглолт л гэхэд 17 цаг хүрээгүй байхад дуусчихлаа. Тамирчин бүр л Олимпын наадамд оролцохыг мөрөөддөг. Гэвч талбайд гараад ердөө цаг хагасын дараа л цангаж сульдсандаа тоглолтоо дуусаасай гэж хүсч байна. Өөр сонголт бидэнд алга. Маш их чийглэг хэрнээ их халуун ийм нөхцөлд мөрөн дээр маш их ачаалал очих юм. Хөл ч хурдан түргэн хөдлөх боломжгүй. Мэдээж, бид анх удаагаа халуунд тоглож байгаа юм биш л дээ. Гэвч зарим тамирчид “Ийм халуунд тоглож үзээгүй” гэж хэлж байна” хэмээн Новак Жокович өгүүлсэн юм.

Ингээд нөхцөл байдлыг Олон Улсын Теннисний Холбоо анхаарч үзээд Олон Улсын Олимпын Хорооныхонтой зөвлөлдсний дүнд эхний тоглолтыг 10:00-д бус харин 14:00-д эхлүүлж байхаар тогтсон байна.

Өнөөдөр Новак Жокович хоёр тоглолт хийх хуваарьтай. Эхлээд эрчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймд Кэй Нишикоритой, дараа холимог хосын төрөлд Нина Стояновичийн хамтаар Лаура Зигмунд/Кевин Кравиц нартай өрсөлдөх юм.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах