Цэс Close

Зайсангийн шинэ гүүр ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын анхны тулгуурт байгууламжийн нэг болох Туул гол дээгүүрх Зайсан чиглэлийн төмөр бетон гүүрийг шинэчлэх, өргөтгөх ажлын эхний хэсгийг дуусгаж, өнөөдөр авто машины зорчих хөдөлгөөнийг нээлээ. Хуучин гүүрийн баруун талд баригдсан шинэ гүүрийн зорчих хэсгийн өргөн долоон метр, өргөн 10 метр, явган замын өргөн хоёр метр, 225 метрийн урттай.

Өрөмдмөл шон суурьтай, хүчитгэсэн дам нуруутай уг гүүрийг дотоодын “ЗМЗ” компани барьж, зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35 мянган машин нэвтрүүлнэ.

Хуучин гүүрийн тухайд, 1968 онд ашиглалтад оруулсан бөгөөд нэг ч удаа их засварт орж байгаагүй юм. Өдгөө 55 дахь жилдээ ашиглагдаж байгаа уг гүүрийг 2012 онд авто замын салбарын Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хурлаар гүүрийн элэгдэл, нуман тулгуурын даац муудсан зэргийг үзлэг шалгалтаар тогтоож, “Нурааж шинээр барих” дүгнэлтийг гаргаж байлаа.

Сүүлийн арав гаруй жил энэхүү хуучин гүүрийг нурааж, шинэчлэх өргөтгөх төсөв шийдэгдэхгүй явсаар ирснийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар УИХ, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлж, 2023 оны Улсын төсвийн тодотголоор батлуулсан юм.

Хуучин гүүрээр хоногт 16 мянган тээврийн хэрэгсэл зорчих хөдөлгөөн хийдэг байсан бол шинэ гүүрийг ашиглаж эхэлснээр нэвтрүүлэх чадвар 56 хувиар нэмэгдэнэ гэдгийг хөдөлгөөн зохицуулалт, авто замын инженерүүд тооцоолсон юм. Ийнхүү 55 жилийн дараа монголчууд Зайсангийн гүүрийг хоёр эгнээ бүхий шинэ гүүрээр өргөтгөн шинэчиллээ.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:

-Зайсангийн гүүрээр хоногт 16 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Харин шинэ гүүр ашиглалтад орсноор замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэнэ. Мөн Богд уул болон Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний эрчмийг 10 хувиар сайжруулах юм. Цаашид “Оргил” худалдааны төвийн урд талын уулзварыг хоёр түвшний болгох зургийн ажлыг эхлүүлээд байна. Түүнчлэн гүүрний өргөтгөл, шинэчлэлийн хүрээнд Богдхан уулын замыг өргөтгөхөөр төлөвлөсөн.

Шинэ гүүрийг үндэсний компаниуд есөн сарын турш бүтээн байгууллаа. Өмнө нь бид гуравдагч орны тусламжтайгаар гүүрэн байгууламж барьдаг байсан бол анх удаа үндэсний компани богино хугацаанд, харьцангуй хямд өртгөөр гүйцэтгэлээ” гэв.

Гүйцэтгэгч “ЗМЗ” ХХК-ийн захирал Д.Ганбаатар:

-Цаг агаарын нөхцөл байдлаас буюу их хэмжээний усархаг борооноос үүдсэн үерийн улмаас  бүтээн байгуулалтын ажил сар гаруйн хугацаанд зогссон. Уснаас доош 20-30 метр газарт барилга угсралтын ажил хийсэн бөгөөд энэ нь гүүрэн байгууламжийн ажлын 50 гаруй хувийг бүрдүүлнэ. Харин уснаас дээш 24 метрийн урттай, 60-70 тонн бүхий олон дам нуруунуудыг 100 тоннын хоёр кранаар угсардаг. Бүтээн байгуулалтад манай компанийн 60-70 хүнтэй баг, инженер техникийн ажилтан 17 жижиг, том техниктэйгээр ээлжгүй ажилласан. Гэрээний хугацаа дуусаагүй, цаашид ногоон байгууламж, тохижилтын ажлыг хийнэ гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн авто замын түгжрэлийг бууруулах болон авто зам тээврийн асуудал хариуцсан зөвлөх Б.Одсүрэн:

-Одоогийн байдлаар Улаанбаатар хотод долоон гүүр баригдаж байгаа бөгөөд эхнээсээ ийн ашиглалтад орж байна. Энэ гүүр Хотын төвөөс Зайсан руу явдаг гол замын нэг, маш их ачаалалтай байсан.  Зам  дөрвөн эгнээ явж байгаад гүүрэн дээр хоёр эгнээ болдог тул зорчих хөдөлгөөн удааширдаг байлаа. Шинэ гүүр ашиглалтад орсноор зорчих хөдөлгөөн нэмэгдэж, энэ хэрээр түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулна хэмээн ярилаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах