Цэс Close

“Замаас холд” гэж шаардлага тавьсан иргэнийг нэг удаа цохиж, амийг нь хохироожээ

Иргэн П согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гудамжинд автомашин жолоодож явсан А-тай маргажээ. А түүнд “Замаас холд” хэмээн шаардлага тавихад, П нь “Машинаараа дайрах шахлаа” гэж маргалдан, улмаар А-г машинаасаа бууж ирэхэд нь түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисноос А унаж, газар дээрээ нас барсан байна.

Прокуророос П-г “хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хуульд хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

П-ийн санаатайгаар цохисон үйлдлийн улмаас иргэн А тархиндаа гэмтэл авч амь нас нь хохирсон тул түүний үйлдэл хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэжээ.

Анхан шатны шүүхээс П-г “хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Түүний өмгөөлөгч ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхийг хүсэж, давж заалдах шатны шүүхэд хандсан ч П өмнө нь гурван удаа бусдын биед халдаж, ял шийтгүүлж байсан ч засрал хүмүүжлийг олоогүй гэж дүгнэн ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зөв гэж үзжээ.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хүнийг:
2.1.онц харгис хэрцгийгээр;
2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
2.3.захиалгаар;
2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотнын хүнийг;
2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
2.11.бүлэглэж;
2.12.эрүүдэн шүүж;
2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
3.Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах