Зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамрууллаа
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Go Mongolia” уриан дор зочлох үйлчилгээний салбарын ажилтан, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Экперт хоспиталити” ХХК зэрэг байгууллагууд хамтран зочлох үйлчилгээний сургалтыг тавдугаар сарын 6-9-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтыг БНСУ-ын Сэжун их сургуулийн Профессор Кю Сун Кан, И Ми Ён нар удирдан явуулсан бөгөөд зочлох үйлчилгээний салбарын 25 байгууллагын 140 гаруй удирдах болон үйлчилгээний ажилтнуудыг хамруулсан юм.
Энэхүү сургалтыг зохион байгуулснаар аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэн, мэргэшсэн ажилтан, албан хаагчдын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцолсон.
Сургалтыг удирдан явуулсан БНСУ-ын Сэжун их сургуулийн багш, профессор И Ми Ён болон зохион байгуулагчдын төлөөллийг НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг амжилттай удирдан явуулсанд талархал илэрхийлж, үйлчилгээний салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа хэлэв.
БНСУ-ын Сэжун их сургуулийн багш профессор И Ми Ён: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар зочлох үйлчилгээний салбарын ажилтан, албан хаагчдыг мэргэшүүлэх, хүний нөөцийг бэлтгэхэд онцгойлон анхаарал хандуулж ажиллаж байгаа явдалд баяртай байна. Цаашид энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулахад бидний хамтын ажиллагаа өргөжнө гэдэгт итгэлтэй байна гэв.
Сэтгэгдэл үлдээх