Цэс Close

Зөвлөлдөх санал асуулгын талаар хэн юу хэлэв?

"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны мэдээлэл цуглуулалт 2023 оны 1 дүгээр сарын 26-наас 2 дугаар сарын 02-ны өдрүүдэд амжилттай явагдаж дууссан. Энэ талаар Зөвлөлийн гишүүдийн тодруулгыг хүргэж байна.

Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ц.Товуусүрэн: Эхний үе шатанд асуултуудыг нууцлах нь иргэдийн нийтлэг үзэл бодлыг зөв тусгах ач холбогдолтой

Ард иргэдийн саналыг хөндлөнгийн нөлөө оруулахгүйгээр, яг өөрийнх нь үзэл бодлоор авахын тулд асуултуудыг зөвлөлдөх санал асуулгын эхний үе шатанд оролцогчдод урьдчилан мэдэгдэлгүйгээр асуудаг. Санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон оролцогчид нийт хүн ам буюу эх олонлогоо төлөөлөхүйц бага олонлог сонгогддог учир тэдэнд урдьчилсан мэдээлэл өгөхгүйгээр шууд асуултыг танилцуулж, хөндлөнгийн нөлөөлөлгүй хариулт авч чадваас энэ нь ард иргэдийн нийтлэг байр суурийг илэрхийлж чадна гэж үздэг. Хэрвээ асуултуудыг оролцогчид урьдаас мэдээд, түүнд бусдын нөлөөгөөр хариулах юм бол ард түмний нийтлэг санал бодлыг үнэн бодитойгоор гаргаж ирж чадахгүй гэж үздэг.

Үндэсний статистикийн хорооны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболд: Зөвлөлдөх санал асуулгад нийгмийн бүх бүлгийн төлөөлөл оролцож байна

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Улсын Их Хурал баталж, анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг 2017 онд зохион байгуулж байсан. Бидэнд үндэсний хэмжээнд зөвлөлдөж байсан туршлага бий. Олон улс орон хэрэглэдэг зөвлөлдөх ардчиллын туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах, нийгэм, эдийн засгийн тодорхой асуудлуудыг хөндөж иргэдээсээ саналыг нь авах, шийдвэр гаргах үйл явцад оролцуулах зорилготой зохион байгуулдаг. Ийм хэлбэрийн зөвлөлдөх санал асуулгыг засаг захиргааны нэгжүүд хэрэглэсэн туршлагууд ч бий. Энэ удаагийнх бол үндэсний хэмжээнд зөвлөлдөх санал асуулга явуулж буй хоёр дахь судалгаа юм.

Академич Г.Чулуунбаатар: Хэлэлцүүлгийн явцад “шинэ” Үндсэн хууль батлах тухай санал олонхын дэмжлэг авалгүй хасагдсан

Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах тухай Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 22-ны 80 тоот тогтоол гарсан шүү дээ. Уг тогтоолоор зөвлөлдөх санал асуулгын зорилгыг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, тэдгээрийг эрэмбэлэх, гарц шийдлийг иргэдтэй зөвлөлдөх, улмаар нийгмийн зөвшилцлийг хангах гэж заасан. Энэ бол Зөвлөлдөх зөвлөлийн ажиллах асуудлын хүрээг тодорхойлж өгсөн хэрэг. Үүнд Үндсэн хуулийг өөрчлөх, шинээр батлах тухай ямар нэгэн үг үсэг, утга агуулга байхгүй. Тэгэхээр зөвлөлдөх санал асуулга хийх замаар “шинэ” Үндсэн хууль батлах гэж байна гэх мэтийн элдэв яриа ташаа юм гэдгийг энд онцолж хэлье.

Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга, доктор Б.Отгонтөгс: Иргэд идэвхтэй, оролцоотой байна. Зөв байна

Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжийг хүмүүс ямар нэгэн шийдвэр гэж ойлгоод байх шиг байгаа юм. 2017 онд батлагдсан “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуульд хоёр шатны санал асуулга авсны дараа Зөвлөлдөх зөвлөлийн боловсруулж танилцуулсан зөвлөмжийг Улсын Их Хурал “харгалзан үзнэ” гэж заасан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, ийм асуудлаар хуульд өөрчлөлт оруулах ёстой юм байна, энэ асуудал дээр болохоор тогтоол гаргахад болох юм байна, үүнийг нь эрчимжүүлэх учиртай юм байна гэх мэтээр цааш цаашдаа бодлого, шийдвэр гаргахдаа харгалзан үзээд явахыг хэлж байгаа юм. Зарим нь тийм ч ноцтой асуудал биш байна, ирэх жилүүдэд ийм, тийм юман дээр нь анхаараад, ингэж, тэгж шийдээд явахад болох юм байна гэх мэтчилэн харгалзаж үзнэ гэсэн үг. Зөвлөлдөх зөвлөл ч зөвлөмждөө асуудлуудыг тодорхой хэмжээнд эрэмбэлж танилцуулна. Ер нь цаашдаа Улсын Их Хурал зөвлөлдөх санал асуулгын мөрөөр маш их бүтээмжтэй, нухацтай, үр дүнтэй ажиллах шаардлагатай гэж би хувьдаа харж байгаа. Тэгээд эргэж иргэд, олон нийтдээ мэдээлэл өгөхгүй бол төр, засгийн үйл ажиллагааны тогтвортой байдалд ихээхэн сөргөөр нөлөөлж болзошгүй хэцүү нөхцөл байдал нийгэмд бий болчихсон байгааг бид хаа хаанаа ойлгох ёстой.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах