Цэс Close

ЗӨВЛӨМЖ: Халдварт бус өвчлөлийг бууруулах үр дүнтэй арга бол давсны хэрэглээгээ бууруулах явдал

ДЭМБ-ын судалгаагаар давс хэтрүүлэн хэрэглэсний улмаас жилд дунджаар 1.9 сая хүн, хоол хүнснээс шалтгаалсан 6 нас баралт тутмын 1-ийг тус тус эзэлж байна. Давсны хэтрүүлэн хэрэглээ нь зүрх судасны өвчин, цусны даралт ихсэлт, тархины харвалт, чихрийн шижин, ходоодны хавдар, бөөрний өвчлөл, таргалалт зэрэг халдварт бус өвчнөөр өвчлөх нэг шалтгаан болдог.

Халдварт бус өвчлөлийг бууруулах хамгийн үр өгөөжтэй арга хэмжээний нэг нь давсны хэрэглээг бууруулах арга хэмжээ бөгөөд түүнд зарцуулсан 1$ нь 12$-ийн үр ашигтай байж, 2023 он гэхэд 7 сая хүний амь насыг аврах боломжтой болохыг ДЭМБ-аас тооцоолжээ.

Монгол улсын хувьд 2019 онд хийгдсэн судалгаагаар насанд хүрсэн хүн хоногт дунджаар 10.5 гр давс хэрэглэж байна. Хүн амын давсны хэрэглээ 2013 онд хийсэн судалгааны дүнгээс 0.6 г-аар буурсан хэдий ч ДЭМБ-ын зөвлөмжөөс 2 дахин их хэвээр байна.

Судалгаагаар хоол хүнс хэрэглэхдээ давслаг сүмс, байнга хэрэглэдэг байдал хот суурин газрын эрэгтэйчүүдийн дунд илүү бөгөөд 5 хүн тутмын 1 нь давс ихтэй боловсруулсан хоол, хүнсний талаар ойлголт, мэдлэггүй, 7 хоногт дунджаар 2 удаа гадуур хоол иддэг байна. Энэ нь хоол хүнсээр авч байгаа давсны агууламжийг хянах боломжгүй болон далд давс агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг маш их хэрэглэх нэгт шалтгаан болоод байна.

Давсны хэрэглээгээ бууруулах талаар Танд дараах зөвлөмжийг хүргүүлж байна

  • Худалдан авч буй бүтээгдэхүүнийхээ шошгын мэдээллийг уншиж сурах
  • Хоол хүнсэндээ аль болох нэмэлт амтлагч, сүмсийг хэрэглэхгүй байх
  • Хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд болон гэрийнхээ хоолны ширээн дээр давс, цуу зэрэг нэмэлт амтлагчийг ил тавихгүй байх
  • Хэт боловсруулсан болон хиам, зайдас, даршилсан, нөөшилсөн бүтээгдэхүүний хэрэглээгээ хязгаарлах
  • Хоолоо амтлахдаа цагаан гаа, лемон, сонгино, сармис, чинжүү, яншуй, халиар, хүмүүл, хар перец зэргээр орлуулан хэрэглэх
  • Давсгүй цай ууж хэвших
  • Аль болох давс багатай хүнсний бүтээгдэхүүнийг сонгох
  • ДЭМБ-аас зөвлөсөн зөвлөмжийн дагуу хоногт 2000мг-аас бага хэмжээний натри буюу 5 гр-аас бага хэмжээтэй давс хэрэглэх
  • Иоджуулсан давсыг сонгох

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах