Цэс Close

ИЗНН: Хөрөнгө оруулалтын хууль дээр нийгмийг талцуулж, хуваах биш эдийн засгийн бодлогын шийдлээ танилцуул

ИЗНН-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар ИЗНН-ын дарга Б.Батбаатар, тус намын даргын эдийн засгийн зөвлөх Д.Амгалан, Т.Чинбат нар мэдээлэл хийлээ.

ИЗНН-ын дарга Б.Батбаатар: "ИЗНН шударга ёс, эрх чөлөө, байгаль орчин, иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллаж ирсэн. ИЗНН авлигын эсрэг хуулийг анхлан санаачилсан. Өнөөдөр авлигыг арилгах, авлигатай тэмцэх ажлыг иргэд олон нийт ойлгож, дэмжиж, тэмцэж байна. ИЗНН байгаль орчин ногоон хөгжлийн бодлогыг Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн яам болгож, Засгийн газрын үндсэн чиглэлийн яам болгож байсан. Өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болчихсон, үндсэн чиглэлийн яамны статусгүй байна.

ИЗНН сарын өмнө хуралдаж, дүрмэндээ өөрчлөлт шинэчлэлт хийсэн. ИЗНН өмнө нь ч одоо хулгайчгүй нам байсаар ирсэн. ИЗНН аль ч цаг үед олон түмний, ард түмний тайз байх болно. Эх орноо гэсэн сэтгэлтэй иргэн бүрийг энэ тайзан дээр гарч ирж оролцохыг уриалж байна. Өнөөдөр УИХ дээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж байна. Үүн дээр ИЗНН тодорхой байр суурийг  илэрхийлж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт бол эдийн засгийн, эрхзүйн, тусгаар тогтнолын тухай хууль. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль Монголд ус агаар мэт хэрэгтэй. Энэ хуулийн төслийг оруулж ирж байгаа, уг хуулийн төслийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн улс төрийн тоглоом болж, нийгмийг талцуулж хувааж буйг ИЗНН хүлээн зөвшөөрөхгүй.

Гадны хөрөнгө оруулалт нь шүүхийн зөв шударга схем, шүүхийн зөв тогтолцоотой холбоотой. Үндэсний валют, монгол төгрөгийн ханш удаан хугацаанд тогтвортой байх нь гадаадын хөрөнгө оруулалтыг татдаг. Засгийн газар, эрх мэдэлтнүүд нь шударга бус, хулгайч байх аваас гадны хөрөнгө оруулалт орж ирдэггүй юмаа. Гадаадын хөрөнгө оруулалт нь Монгол Улсад хэрэгтэй зүйл нь үнэн. Гэхдээ зөв шударга, эдийн засгийн орчинтой газарт өөрсдөө орж ирдэг юм.

Ч.Хүрэлбаатар сайдын санал оруулж ирсэн төслийг хардаж байгаа. Өмнө нь гурван ч удаа УИХ-д орж ирж буцаагдсан төсөл. Дахиад орж ирж байна. Өнөөдөр ард түмэн хар цагааныг ялгадаг, "хулгайчдыг" таньж чаддаг. Уг хуулиар далимдуулж унасан нэр хүндээ өсгөх, хуулиар “шоу” хийсэн байдлаар оруулж ирж байгаа нь зохисгүй юм. Энэ хаврын чуулганаар энэ хууль батлагдана гэдэг нь ч эргэлзээтэй. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, эдийн засгийн өөрчлөлт ус агаар мэт дутагдаж байгаа өнөө үед өөрсдийн нэр хүндийг өсгөх, хувааж захир гэдэг шиг олон түмнийг хувааж талцуулан, иргэдийн дэмжлэгийг авах гэсэн сонирхол болгож болохгүй юм. ИЗНН өнөөдөр шинэчлэгдэн зохион байгуулагдсан. Өнгөрсөн оны есдүгээр сард намын Их хурлаа хуралдаж, аравдугаар сард УДШ намын шинэ удирдлагыг бүртгэж авсан. ИЗНН цаашид ч аль ч цаг үед олон түмний нам, ард түмний тайз байх болно. Хулгайчгүй нам байх болно гэдгийг дахин давтаж хэлмээр байна. ИЗНН гадаадын хөрөнгө оруулалт дээр өөрийн гэсэн бодлоготой. Үүнийг цэвэр эдийн засгийн аргаар шийдэх ёстой гэж үздэг нам юм.

ИЗНН-ын эдийн засгийн зөвлөх доктор Д.Амгалан: Хөрөнгө оруулалтын тухай хууль Монгол Улсын эдийн засагт ахиц үзүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, Монголын эдийн засгийн валютын урсгалыг татах асуудлыг хөндөн ярих ёстой байтал асуудлын эрэмбийн хувьд хойгуурх зүйлийг хоёр нам улс төр болгож ярьж байгаа нь эдийн засгийн асуудлыг шийдвэрлэнэ гэхээсээ илүүтэй улс төрийн өнгө аястай харагдаад байна. Магадгүй сонгууль дөхсөнтэй холбоотой байх. Гадны хөрөнгө оруулагч орж ирэх босгын асуудал бол эрэмбийн хойно байгаа асуудлын нэг.  Хөрөнгө оруулалттай шууд хамааралгүй газрын асуудлыг хөндөж нийгмийг талцуулж байна. Газрыг 60 жил эзэмших, 40 жилээр олгох нь Үндэсний аюулгүй байдлыг дагуулах хэрэг.

Уг нь гадаадын хөрөнгө оруулалтыг ярих гэж байгаа бол татварын орчин, төрийн хүнд суртал, төрийн бодлого шийдвэр тогтвортой байх эсэх, энэ нь хөрөнгө оруулагчдад хэрхэн нөлөөлдөг тухай асуудлыг хөндөх ёстой юм. Хөрөнгө оруулалтын хувьд Монгол Улс ямар бодлого барьж байгаа, аль салбартаа хөрөнгө оруулалт татах, татвар чөлөөлөлт юу хийгдэх вю, уул уурхайн салбараас гадна эдийн засгаа солонгоруулах бодлогыг гаргаж ирчихээд уялдуулж хөрөнгө оруулалтыг татах ёстой.

Монголд хөрөнгө орууллаа гэхэд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш хэр тогтвортой байна, үүнийг хэрхэн барьж хамгаалж байгаа тухай ярих ёстой. Шүүхийн шийдвэр хөрөнгө оруулалтын тухай асуудлыг шийдвэрлэхэд хэр чадамжтай вэ. Манай улс бизнесийн таатай орчин, бизнесийг хамгаалдаг байдлаар улс орнуудаас хойгуур байна. Хөрөнгө оруулалтын тухай хууль нь эдийн засагт ирэх үр өгөөж, ард түмний амьжиргаанд нөлөөлөх нөлөөлөл, улс орон руу валютын урсгалыг ямар хэлбэрээр татах уу, яаж нэмэгдэх вэ гэдэг нь чухал. Түүнээс биш нийгмийг талцуулж улстөржүүлдэг сэдэв биш шүү. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг бид дэмжиж байгаа. Хөнгөн хуумгай байдлаар биш удаа дараа буцаагдсан хуулийн төслийг сайжруулж оруулж ирэх ёстой. Тэгсэн өнөөдөр  улс төрийн сэдэв болгочихсон нь харамсалтай байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах