Цэс Close

Ирээдүйн өв сан буюу ашигт малтмалын нөөц ашигласны татварын орлогын 65 хувиар санхүүжиж хуримтлал үүсгэдэг санг бий болгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хийлээ. Төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөлд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн сан байгуулах, сангийн эх үүсвэр, төрөл, зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ. Байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс бүрдүүлсэн “Үндэсний баялгийн сан” бий болж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бодитоор хэрэгжих юм.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Монгол” нэгдлийн Захирал С.Наранцогтоор ахлуулсан ажлын хэсэг гарч дээрх ажлыг гүйцэтгэсэн. Тодруулбал, Парламентад суудалтай улс төрийн намууд хоорондоо Баялгийн сангийн хуулийн концепцоор ойлголцож санамж бичигт гарын үсэг зурж,  энэ хаврын чуулганд өргөн барьж батлуулах шийдвэрт хүрсэн. Намуудаас гарсан ажлын хэсэг, ЗГ-аас байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж шийдвэрээ өнөөдөр танилцуулж, дэмжлэгийг авлаа.

Баялгийн сан дотроо гурван сантай байх зохицуулалтыг хийж байна.

  1. Ирээдүйн өв сан буюу өнөөдөр өөрийн хууль, эрх зүйн орчноор зохицуулагдаж байгаа ашигт малтмалын нөөц ашигласны татварын орлогын 65 хувиар санхүүжиж хуримтлал үүсгэдэг сан. Энэ сан 2030 он хүртэл хуримтлалаа үүсгэнэ. Түүнээс хойш өөрт хуримтлагдсан хөрөнгөөр ирээдүйд хөрөнгө оруулалт хийх томоохон бодлогыг хэрэгжүүлэх болно.
  2. Хуримтлалын нэгдсэн сан бий болгоно. Иргэн бүр өөрийн нэрийн данстай байх зохицуулалтаар хангагдана. Энэ санд төвлөрсөн мөнгө хөрөнгийг иргэн бүр бэлэн бусаар зарцуулах боломж нөхцөлөөр хангагдана. Ямар нэгэн байдлаар бэлэн хэлбэрээр ногдол ашиг шиг олгохгүй гэдэг нь ойлгомжтой. Орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр иргэн өөрөө захиран зарцуулах боломжийг нээж өгсөн хязгаарлагдмал сан юм.
  3. Мөн Хөгжлийн санг бий болгохоор шийдвэрлэсэн. Орон нутгийн хөгжлийн сан хэлбэрээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа хөгжлийн санг бүс нутгийн хөгжлийг дэмжих бодлого, хөтөлбөрийн хүрээнд  Бүс нутгийн хөгжлийн сан болгон өөрчилж байна.  Дан ганц аймаг, сумын асуудлыг хэлэлцэхээр илүүтэйгээр бүс нутгийн хөгжлийн бодлогыг Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлоготой уялдуулсан бодлогоор хэрэгжүүлж захиран зарцуулж явах юм.

Танилцуулга дээрээ орлогын эх үүсвэрийг 2023 оны улсын татварын үзүүлэлтээр авч үзсэн. Өнгөрсөн оны байдлаар авч үзвэл Тогтворжуулалтын санд, Орон нутгийг дэмжих сангийн хуваарилалтууд хийгдсэний дараа 65 хувь нь Ирээдүйн өв санд үлдэнэ.

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийн 34 хувийг Хуримтлалын нэгдсэн санд төвлөрүүлнэ" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах