Цэс Close

И.Мөнхжаргал: Иргэд АН-д итгэж саналаа өгвөл НӨАТ-ын буцаалтыг таван хувь болгоно

АН-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулж, зарим гишүүнийг улс төрийн хоригдол болгосон хэмээн байр сууриа илэрхийллээ.

Тус намын дэд дарга Ч.Өнөрбаяр "АН-ын ҮБХ-ны гишүүн Ч.Отгочулуу, Н.Мөнхбаяр нарыг улс төрийн хоригдол болгож, шүүхээс ял өгсөн. Эрх баригч нам шүүхийг өөрийн гар хөл болгож байгаа гэдэгт бүгд эргэлзэхгүй байгаа. Иргэд лизингээр утас авч, түүнийгээ алдчихаад цагдаад гомдол гаргахаар хуулийнхан явдаггүй мөртлөө сөрөг хүчний залуучуудын асуудлаар шүүх түргэвчилсэн журмаар хуралдаад ял өгчихдөг. Эрх баригч намын  өөрсдийн хүмүүс торгуультай, эсвэл ялаас мултардаг.

Ерөнхий сайдаа та ухаан зарж, бодох хэрэгтэй. Монгол төрийн Ерөнхий сайд болохоос биш МАН-ын даргын өнцгөөс төрийн ажлыг битгий хий. Монгол Улсын Ерөнхий сайд дэргэдээ байгаа сөрөг хүчний болон иргэдийн шүүмжлэлийг даадаг, сонсдог байх ёстой. Шүүмжилсэн иргэдээ цагдаагаар айлгаж, сөрөг хүчнийхнийг шоронд хийдэг улсыг хойч үедээ хүлээлгэж өгөх гэж байна.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өөрсдөө төрийн өндөрлөгт хүрсэн хэрнээ төр нь авлигад ялзраад дуусаж буйг гайхсан, иргэдээ автобусанд суухыг заадаг, түүхэнд байгаагүй 22 сайдтай Засгийн газар гэдэг нэр зүүх нь" гэв.

Энэ үеэр Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Мөнхжаргал “2024 онд АН-д итгэж саналаа өгвөл НӨАТ-ын буцаалтыг таван хувь болгоно” гэв. Энэ талаар тэрбээр “УИХ гүйцэтгэх засаглалдаа бариулсан, түүнд эрх мэдлээ алдсан дүр зургийг харж байна. УИХ-ын дарга НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгох санаачилга гаргаж, 100 гаруй мянган хүний дэмжлэг авсан ч УИХ-ын босго давуулж чадахгүй, энэ асуудлыг Сангийн сайд унагааж байна. Иргэдэд өгөх мөнгийг яагаад харамлаж байна вэ. НӨАТ-ын 5 хувийн буцаалт бол энгийн иргэнд маш их нэмэр” гэсэн байр суурийг илэрхийлж, ирэх сонгуулиар итгэл хүлээлгэвэл энэ асуудлыг АН цэгцэлнэ гэдгийг хэлэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах