Цэс Close

Кранаар өргүүлсэн мэт гэнэт цойлсон “Буде Глимт”

[cmsmasters_row data_shortcode_id="ru4i3vdo46" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="8pxfi7cx8t" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="05bk9vb65f" animation_delay="0"]

Хэсэг залуус кран түрээслэж аваад стадионы хажууд зогсоожээ. Нэг нь краныг дээш өргөж, нөгөө хэд нь дээшилсээр стадионы ханаас дээш өргөгдөн , хөлбөмбөгийн тоглолт үзэж цэнгэн баяссан явдал Норвегт өнгөрсөн намар болсон юм. Ийм болчимгүй гэмээр үйлдэл гаргасан залуусыг Цагдаагийн хэсэг дээр түр саатуулж, харин “Буде Глимт” клубыг фанатуудаа сахилгатай байлгаж чадаагүй гэж мөнгөн торгууль тавьсан байна. Торгохдоо цагдаа нар хүртэл инээдээ барьж ядан мушилзсан гэнэ. Энэ бол Норвегийн Буде хотын хөлбөмбөгийн баг “Буде Глимт”-тэй холбоотой явдал юм. Фанатууд нь стадиондоо томоос том шүдний шар сойз аваачих дуртай энэ багийн тоглолтыг улс даяараа үзэхийг хүсдэг болжээ.

Норвегийн лигийн дундуур жагсаж чадвал дээдийн заяад тооцогддог байсан баг өнгөрсөн улиралд улсынхаа аварга болж, түүхэндээ байгаагүй гайхамшигтай амжилтад хүрсэн юм. Тэд лигийнхээ 24 тоглолтын 21-д нь хожиж, 83 гоол оруулж, дээд амжилтуудыг ээлж дараалан тогтоосоор байлаа.

“Буде Глимт”-ийн амжилтыг эхлээд цөөн тооны фанатууд, дараа нь хот тэр чигээрээ, тэгснээ Норвег даяараа, сүүлдээ бүр Европын зэргэлдээ улсын иргэд ч анзааран дэмжиж, тэдний төлөө залбирах нь холгүй болжээ.

Түүхэндээ 600 үзэгч цугласан нь хамгийн ихэд тооцогддог энэ багийн тоглолтыг үзэхээр дунджаар 200 үзэгч л ирдэг байсан бол одоо Европ даяар тэдний тоглолтыг шууд дамжуулахаар телевизийн сувгууд санал тавих болсон байна.

Академийн дасгалжуулагч Орьян Бергийг өмнө нь хүмүүс таньддаггүй, тоодоггүй байсан бол одоо гудамжинд хүртэл танихгүй хүмүүс гар сунган баяр хүргэж, амжилт хүсэх болжээ. Орьяны хүү 22 настай Патрик шигшээдээ дуудагдахад Эрлинг Холанд, Мартин Одегар нар угтан авсан гэнэ. Тэд Норвегийн лигийг үздэггүй ч гэсэн “Буде Глимт”-ийн амжилт эрхгүй анхаарлыг нь татаж, тоглолтуудыг нь үзэх болсноо хэлжээ.

Хөлбөмбөгийн ертөнцөд гайхмаар, итгэмээргүй амжилт үзүүлсэн багууд байдаг. Тухайлбал, Исландын шигшээ ДАШТ-ээр хэрхэн чангарлаа. Мөн “Лестер”-ийнхэн Английн Премьер лигт түрүүлж олон сая хүнийг алмайруулсан нь саяхан. Тийм гайхалтай амжилтад хүрэхэд заавал нэг хүчин зүйл нөлөөлсөн байдаг. Гэтэл “Буде Глимт”-ийн түүхээс тэр гол хүчин зүйлийг олж харахад хэцүү.

Дасгалжуулагч нь 52 настай Кьетиль Кнутсен. Аймшигтай мундаг мэргэжилтэнд тооцогддоггүй энэ эр хөлбөмбөгчдийнхөө хүсэл сонирхлыг хүртэл сонсдог гэнэ.

Энэ багийн ихэнх тоглогчид нь нэг нутгийнхан. Берг, Солтнесс, Бреде Мо тэгээд Хауге гээд бүгд “Буде”-гийн академиас гарсан тоглогчид. Ер нь Умард нутгийнхнаа тоглуулах дуртай. Үүнд нь фанатууд ч дуртай.

“Багийн хагас нь нутгийн хөвгүүд шүү дээ. 40 хувь нь Умард нутгийнхан, мөн яг хотынхоо залууст тоглох хугацааны 15 хувийг заавал өгдөг. Энэ л бидний гол барьдаг бодлого. Фанатууд маань нутгийн залуусаа харах их дуртай л даа” хэмээн Орьян Берг өгүүлсэн байна.

Орьяны хүү Патрик бол багийнхаа гол од. Тэр сайн хөлбөмбөгчөөс гадна нутгийнхаа хөлбөмбөгийн гэр бүлийн үргэлжлэл учир их нэр хүндтэй. Аав Орьян нь “Буде”-дээ тоглож байсан, авга ах Рунар, Арильд нар ч мөн адил. Мөн өвөө Харальд нь 1975 онд “Буде”-тэй Норвегийн цомд түрүүлж байжээ.

Гэлээ ч Берг хэдэн жилийн өмнө хөлбөмбөгчийн хувиар амжилтад хүрэхийг хүсэхдээ багаасаа явах гэж үзжээ. “Тэгэхэд би өөрөөсөө бусад бүх хүнийг буруутгаж, их уур цухалтай байсан юм” хэмээн Патрик Берг дурсан ярьжээ. Багийн ахлагч Солтнес ч амжилт гаргахгүй болохоор тоглох хүсэл эрмэлзлэл нь унтарч, хөлбөмбөгөө орхих тухай бодож явсан нь саяхан.

“Гурван жилийн өмнө гэмтэл бэртэл, хожигдол, бүтэгүйтэл гээд бид бараг бүгдээрээ хөлбөмбөгөөс залхаж, тоглохоо больё гэж бодож байлаа. Гэтэл одоо хар л даа” хэмээн Солтнес Европа лигт Италийн “Милан”-ы эсрэг тоглосныхоо дараагаар өгүүлсэн байна.

“Буде Глимт”-ийнхэн гэнэт цойлсон ч гэлээ улирлын өмнө том төлөвлөгөө огт гаргаагүй гэнэ. “Бид ер нь нэг их том юм ярихаа больсон. Зүгээр л илүү дээр тоглоё л гэдэг. Амжилтын нууц юу вэ? гэх мэт асуулт их тавидаг. Гэвч тэр нууц гэхээр зүйлийг хэн нэгэн хүн юмуу үйл явдалтай холбон тайлбарлах боломжгүй. Өөрөө аяндаа л ийм болчихлоо. Бид бүр ингэнэ, тэгнэ гэж улирлын өмнө төлөвлөгөө ч гаргаагүй” хэмээн Солтнес өгүүлж байна.

Гэхдээ хэвлэлийнхэн нэг “баатар”-ыг олжээ. Энэ бол Афганистан болон Ливид цэргийн үүрэг гүйцэтгэсэн бөмбөгдөгч онгоцны нисгэгч Бьорн Маннсверк. Маннсверк хөлбөмбөгт нэг их дуртай биш. Харин хүмүүсийн сэтгэлзүйтэй ноцолдохдоо гарамгай нэгэн гэнэ. Тиймээс ч багийнхаа эмч, сэтгэлзүйчээр ажилладаг байна.

“Би хоёр л дүрэм мөрддөг. Нэгд, өөрөө хүсч тэмүүлдэг байх ёстой. Хоёрт, би хөлбөмбөгийн агент биш тул хөлбөмбөгчдийг сэтгэл санаагаар бүү уна, зүгээр сайн ажилла гэдэг. Эхэндээ хөлбөмбөгчид их намуухан дөлгөөн хүмүүс шиг санагдсан. Тиймээс би тэдний дотор хүнийг сэрээж, архируулья гэж бодсон” гэж Маннсверк өгүүлжээ.

Ахлагч Солтнес сэтгэлзүйн зөвлөгөөний талаар “Маннсверктэй бид ярья гэсэн бүхнээ ярьдаг. Манай багт илэн далангүй, нээлттэй байх гэсэн соёл үйлчилдэг. Ингээд хэлчихвэл намайг сул дорой гэх болов уу гэх айдас хүмүүст байдаг. Харин бид тэгдэггүй. Би бодсон бүхнээ л элдэв юм бодолгүй шууд ярьдаг” хэмээн ярьж байна.

Харин Маннсверк тоглолтын дүнгийн тухайд урьдчилан бодох ямар ч шаардлагагүй байдгийг онцлон дурьджээ. “Тоглолтын дүнгийн тухай бодвол тэгээд л стресс, дарамтанд орно гэсэн үг. Тэгэхээр зүгээр л сайн тоглоё, сайхан тоглолт үзүүлье л гэж бодох хэрэгтэй” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Хоёрхон улирлын өмнө лигтээ 11 дүгээр байрт орсон баг ингэж аварга боллоо. Мэдээж, гэнэт цойлсон багт сайн тоглогчид байх нь гарцаагүй. “Милан” тэдэнтэй тоглосныхоо дараагаар Хаугег нь худалдаад авчихсан.

“Хөлбөмбөгийн тавилан ийм. Бидэнд одоогоор ивээн тэтгэгч, фанатууд гээд бүгд байна. Гэхдээ эрт оройгүй илүү том араатнууд сул доройгоо хэсэгчлэн залгидаг нь хууль шүү дээ” гэж Орьян Берг өгүүллээ.

Хаугегаас гадна хэдхэн хоногийн өмнө дани довтлогч Филипп Цинкернагелийг Английн “Уотфорд” үнэгүй авсан. Гэрээ нь дууссан болохоор үнэгүй очиж байгаа нь тэр. Гэхдээ “Буде Глимт”-ийнхэнд сандрах зүйл байхгүй. 19 хүртэлх насны багийн дасгалжуулагч хайж зар гаргахад 400 гаруй хүн хүсэлт тавьсан гэнэ.

“Манай клубын нэг хэсэг болохыг олон хүн хүсч байна. Энэ бол түр зуурын нөлөө байж болох ч гэлээ маргаашдаа унтарчихгүй гал. Бид дараа дараачийн улиралдаа илүү сайжрахыг хичээнэ” хэмээн Орьян Берг өгүүлж байна.

Р.Гэгээ

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах