Цэс Close

Ламонт Жэйкобс: Гэр бүлээ зур гэж багш хэлэхэд би ганцхан ээжийгээ зурдаг байлаа

Усэйн Болт юмуу эсвэл америкчууд л түрүүлдэг гэх ойлголтыг тас цохиж Олимпын наадмын эрэгтэйчүүдийн 100 метрийн зайд итали залуу түрүүллээ. 26 настай Ламонт Жэйкобс 9.80 секундын хурдаар Дэлхийд ноёлсон энэхүү түрүүгээс өмнө европчууд Олимпын наадмын энэ төрөлд ердөө дөрвөн удаа л /1960 онд Германы Армин Хари, 1972 онд ЗХУ-ын Валерий Борзов, 1980 онд Их Британийн Аллан Уэллс, 1992 онд Линфорд Кристи/ алтан шаргал медаль авч дөнгөсөн юм.

Европ тивд Дэлхийн хамгийн хурдан хүний алдрыг Олимпын алттай хамт авчирсан 26 настай Ламонт Жэйкобс 188 сантиметр өндөртэй, галзуу гэх хочтой. АНУ-д төрсөн ч ердөө гурван сартайд ээж нь хүүгээ тэврэн Италид шилжин суурьшжээ.

Ламонт багаасаа л хөнгөн атлетикт дурлаж, гүйлтийн уралдаан тэмцээн алгасдаггүй байж. Гэвч онцгой амжилтад хүрсэн нь үгүй. Тиймээс төрлөөсөө жаахан хазайж уртын харайлт руу хэсэг “урваад” авчээ. Урвасан төрөлдөө том амжилт гаргаж, 8.48 метрийн амжилтаар Италийн дээд амжилтын эзэн болоод амжсан байна. Гэвч дасгалжуулагч Фабио Камосси нь өөрөө гурвын харайлтын тамирчин байсан хэрнээ харайлт биш гүйлт дээр илүү амжилт олох магадлалтай гэж тооцсон нь үнэн байсныг өчигдрийн гайхамшигтай ялалт нотоллоо.

“Ламонтод өөртөө итгэх итгэл л дутаад байсан юм. Магадгүй хувийн амьдралтай нь холбоотой сэтгэлзүйн “түгжээ” ч байсан биз” хэмээн Камосси өгүүлжээ. “Түгжээ” гэдэг нь Ламонт аавгүй өссөнийг тойруулан хэлж буй хэрэг.

“Сургууль дээр би байсхийгээд л эвгүй байдалд ордог байлаа. Багш хүүхдүүдэд “Гэр бүлээ зураарай” гэнэ. Тэгэхээр нь би ганцхан ээжийгээ л зурна. Найзууд хүртэл “Аав чинь хаана байгаа юм бэ?” гэж шална. Би түүний овгийг авсан атал тэр хүн дэргэд минь хэзээ ч байгаагүй. Сэтгэлийн ийм битүү шархтай олон жил амьдарсан. Олон жилийн дараагаар аав надтай холбоо тогтоож, харилцахыг хичээх үед би дасгалжуулагчдаа хэлж, сэтгэлзүйчээс тусламж хүртэл авч байлаа. Одоо бол аавтайгаа харилцдаг. Гүүгл орчуулагчийг нээж байгаад л аавын үгсийг хөрвүүлдэг. Учир нь би Америкт төрсөн гэдэг ч англи хэл мэдэхгүй ээ.

Багадаа би аавыгаа үзэн яддаг байлаа. Харин одоо бол тэр хүн надад амьдрал бэлэглэсэн гэдгийг ойлгосон. Мөн тэр надад галзуу бие хаа, булчин шөрмөс, тэсрэлттэй хурдыг өв залгамжлуулан өгснийг ч мэдсэн. Тэгэхээр аавыгаа үзэн ядаж явсан минь алдаа байсан юм билээ” хэмээн Галзуу хэмээх хочтой Жэйкобс өгүүлж байна.

Жэйкобс өөрөө 19 настайдаа хүүхэдтэй болсон ч тэр эмэгтэйтэйгээ хамт амьдраагүй юм билээ. Харин хожмоо Никольтой гэрлэж, хоёр хүүхэдтэй болсны бага нь одоо хэдхэн сартай.

Олимпын аварга болсон тухайгаа “100 метрт түрүүлнэ гэдэг мөрөөдөл төдий л байлаа шүү дээ. Үнэхээр итгэхийн арга алга. Одоо бол би аварга болчихлоо гэхэд тань ч эргэлзэж байна. Гэвч маргааш бүрэн мэдрэх байгаа.

Үргэлж намайг дэмжсээр ирсэн гэр бүлдээ баярлалаа. Миний ээж, миний хань, миний хүүхдүүд надад их тусалсан. Ээж минь хар багаас минь л үргэлж намайг дэмжиж, урам өгч, өдий хүргэсэн ачтан” хэмээн Жэйкобс өгүүлжээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах