Л.Галбадрах: Монгол, Лаосын соёл хүмүүнлэг, боловсролын хамтын ажиллагаанд ахиц гаргасан чухал айлчлал болно гэж бодож байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 6 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Галбадрахтай ярилцлаа.
-Монгол-Лаос хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш нэгэн жарныг туулсан байна. Хоёр орны харилцааны түүхэн хөгжил, өрнөлөөс ямар чухал цаг үеийг та онцлох вэ?
-“Ирээдүйгээ мэдэхийг хүсэж байгаа бол өнгөрснөө эргэж хар” гэсэн Лаосын ард түмний хэлц үг байдаг. Монгол, Лаосын ард түмэн хүнд хэцүү үед бие биенээ дэмжин тусалж, он цагийн шалгуурыг амжилттай даван туулж, харилцаа хамтын ажиллагаагаа нандигнан хадгалж ирсэн түүхтэй. Монгол Улс БНАЛАУ хооронд 1962 оны 9 дүгээр сарын 12-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс 1976 онд Вьентьянд, БНАЛАУ 1981 онд Улаанбаатар хотноо тус тус ЭСЯ-даа нээн ажиллуулж ирэв. Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэнд нэн чухал үйл явдал болох 1961 оны 11-р сард НҮБ-ын гишүүнээр элсэхэд Лаосын тал Монгол Улсыг тууштай дэмжсэн нь манай хоёр орон нэг нэгийгээ олон улсын тавцанд харилцан дэмжиж ирсэн түүхэн жишиг болон үлдсэн юм.
Өнөөгийн байдлаар хоёр улс “Бие биеэ дэмжин харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурласан найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж байна.
-Та дипломат албанд 40 жил зүтгэжээ. Эх орноо гадаад улс оронд бүрэн эрхтэй төлөөлдөг Элчин сайдын албыг хашихдаа та юуг зорьж, чухалчилж ажилласан бэ?
-Би төрийн албанд 40 жил ажиллахдаа ихэнх хугацааг нь гадаад харилцааны салбарт буюу дипломат албанд зүтгэжээ. Хоёр жилийн өмнө тэтгэвэртээ гарсан. Гэхдээ өөрийн унаган салбараасаа холдож чадахгүй нөхдийнхөө итгэлийг хүлээж, ГХЯ-ны Ахмадын хороон даргаар сонгогдон ажиллаж байна. Гадаад харилцаа, дипломат алба бол өргөн мэдлэг, мэргэжлийн нарийн ур чадвар шаардсан, аливаа жижигхэн алдаа ч гэсэн том хор уршиг дагуулж болзошгүй салбар юм.
Энэ салбарт ажиллах хугацаандаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган зэрэг олон улсын хурал, хоёр талын дээд хэмжээний айлчлал, уулзалтанд оролцож байв. Мөн Монгол Улсаа төлөөлөн БНСУ болон БНАЛАУ-д Элчин сайдаар тохоон томилогдон ажиллах өндөр хариуцлагатай үүрэг хүлээж байлаа. Чингэхдээ би Монгол Улсын үндэсний эрх ашгийг эн тэргүүнд тавьж, хүлээлгэсэн үүрэг хариуцлага, итгэлийг алдахгүйг хичээн ажилласан.
-Лаост томилолт аваад очсон анхны сэтгэгдэл ямар байв, Лаост өнгөрүүлсэн хамгийн дурсамжтай мөч тань юу вэ?
-Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайн 1994 онд БНАЛАУ-д хийсэн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд орж, Лаос нутагт анх хөл тавьж байлаа. Тэр үед би Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Түүнээс хойш 2015 онд Элчин сайдаар томилогдон очсон. Хоёр дахь удаагаа 20 жилийн дараа очсон болохоор энэ хугацаанд гарсан өөрчлөлт, хөгжил дэвшлийг харьцуулж, тус орны аядуухан боловч тогтвортой хөгжил, хүн ардынх нь амьдралын түвшинд гарсан дэвшил зэрэг нь сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа.
Лаос нутагт олон сайхан дурсамжтай мөчүүд тохиолдож байсан л даа. Лаосчууд маш найрсаг, тайван энгийн, монголчууд бидэнд нэн элгэмсэг ханддаг нь тэнд ажиллах, харилцан ойлголцоход хялбар байсан. Монголын Засгийн газраас бэлэглэсэн 1000 гаруй хонийг тээвэрлэн аваачиж, Лаосын харьцангуй сэрүүн, уулархаг хойд нутагт нутагшуулах ажилд оролцсон нь тод дурсамж үлдээсэн байдаг.
-Манай хоёр орны дипломат харилцааны ижил төстэй онцлог тал нь юу гэж та боддог вэ?
-Манай хоёр орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж буй Ази тивийн, далайд гарцгүй, уламжлалт найрсаг харилцаатай хөгжиж байгаа орон.
-Хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд аль салбарын хамтын ажиллагаа сулавтар байна гэж та үзэж байна вэ?
-Монгол, Лаосын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр улсын далайд гарцгүй байдал, дэд бүтцээр төдийлөн холбоогдоогүй зэрэг бэрхшээлээс үүдэн бодит эдийн засгийн хамтын ажиллагаа нь улс төр, нийгэм, соёл, хүмүүнлэгийн зэрэг салбартай харьцуулахад сул хөгжсөн. Хоёр орны хоорондын гадаад худалдааны эргэлт маш бага байна.
БНХАУ-ын Кумин хот БНАЛАУ-ын нийслэл Вьентьяныг холбосон төмөр зам барих бүтээн байгуулалтын ажил 2 жилийн өмнө дуусаж одоо ашиглалтад орсон. Энэхүү мега төслийг хэрэгжүүлснээр манай хоёр орон эх газрын тээврийн сүлжээгээр холбогдон худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж нээгдсэн гэж үзэж байна. Иймд бид Хятадын “Бүс ба зам” хөтөлбөртэй дэд бүтцээ уялдуулах, БНХАУ-аар дамжин өнгөрөх ачаа тээврийн тухай гурван талын хэлэлцээр байгуулах чиглэлээр хамтран ажиллах нь зүйтэй. Чингэснээр манай улс Зүүн өмнөд Ази, АСЕАН-ы орнуудтай Лаосаар дамжин холбогдох бас нэгэн шинэ үүд хаалга нээгдэнэ. Энэ талаар БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисулитын Монголд хэдхэн хоногийн дараа хийх айлчлалын үеэр яригдах байх.
-Лаосын Ерөнхийлөгч манай улсад айлчлах гэж байна. Энэ айлчлалын үр дүнг хэрхэн төсөөлж байна вэ. Улс төр болон бусад салбарт ямар ач холбогдолтой айлчлал болох бол, та юу гэж үзэж байна вэ?
-Энэхүү айлчлалын агуулгад түлхүү анхаарч, цаашид харилцааны цар хүрээг өргөтгөх, ялангуяа бодит эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх шинэ боломжуудыг нээх, ажил хэрэг болгох, түүнчлэн эл чиглэлд чухал түлхэц болох баримт бичгүүд байгуулах нь чухал гэж бодож байна.
Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуйн салбар, тухайлбал, мах махан бүтээгдэхүүн, хивс зэрэг малын гаралтай бүтээгдэхүүнийг Лаост экспортлох, Лаосын талаас сайн чанарын модон эдлэл болон жимс, хүнсний ногоо зэрэг эко бүтээгдэхүүн импортлох, мөн Монголын талд таатай нөхцөлөөр Лаост газар түрээсэлж хамтарсан аж ахуйн нэгж байгуулан цагаан будаа тариалан Монголд нийлүүлэх талаар тавигдсан ажлын эхлэлийг хоёр талаасаа дэмжин хамтран ажиллах талаар айлчлалын үеэр ярилцах байх гэж бодож байна. Түүнчлэн манай тусламжаар Лаосын Сиенгхуанг мужид барьсан “Найрамдал” эмнэлэг, түүнчлэн хонины аж ахуйг бэхжүүлэх талаар тодорхой яриа өрнөх болов уу.
Далайд гарцгүй, хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай манай улсын саналыг Лаос улс анхнаас нь дэмжиж ирсэн. Эл байгууллагын чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллах, мөн Монгол Улс АСЕАН-ы албан ёсны түнш болох асуудал, түүнчлэн хоёр талын соёл хүмүүнлэг, боловсролын хамтын ажиллагаанд ахиц гаргасан чухал айлчлал болно гэж бодож байна.
Сэтгэгдэл үлдээх