Л.Цандэлэг: Сүүлийн гурван жилийн хугацаанд гурил үйлдвэрлэгчид 3 их наяд төгрөг ард түмнээс халаасалсан
Гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж үнээ дураараа нэмдэг, зах зээлд монопол болсон нь тариалан эрхлэгчдийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж, иргэдийг үнэтэй гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэхэд хүргэж байгаа Засгийн газар шүүмжилж байна.
Нөгөө талд буюу гурил үйлдвэрлэгчид импортын гурил орж ирснээр дотоодын үйлдвэрлэгчид хаалга барих эрсдэл үүснэ гэж тайлбарлаж байгаа бөгөөд гурилын үнэ өндөр байгаа нь улаан буудайн үнэ өндөр байгаатай холбоотой гэв.
Гэтэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн тайлбарлаж байгаагаар гурилын үнэ 2018 онд 1040 төгрөг байсан бол 2023 онд 2426 төгрөг болж нэмэгдсэн. Тэгвэл гурилын гол түүхий эд улаан буудайн үнэ 2018 онд 600 төгрөг байсан бол 2023 онд 750 төгрөг буюу 5 жилийн хугацаанд 150 төгрөгөөр өссөн байгаа юм. Өөрөөр хэлбэл гурилын үнэ огцом өсөлт гарсан ч улаан буудайн үнэд өөрчлөлт ороогүй байгаа нь зах зээлийн зарчим биш гэж дүгнэж байна.
Энэ талаар “Ургац хүдэр” ХХК-ийн захирал Л.Цандэлэг: “ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан шиг муу хүн байхгүй мэт ойлгогдож байна. Энэ бол гурилын мафийн ажиллагаа. Засгийн газар ард түмнээ бодох ёстой. Засгийн газар ард түмнийх болохоос биш “Алтан тариа”-гийнх биш. Өнөөдрийг хүртэл хугацаанд таван гэр бүл Монголын бүх тариаланчдын үр тарианы үнийг тогтоодог гажуудал арилсангүй. Газар тариалангаа алгадаж унагасан. Бид жилдээ дунджаар 360 мянган тонн улаанбуудай иддэг. Нэг килограмм улаан буудайнаас хамгийн багадаа 1000 төгрөг унагахад нийт дүнгээрээ 360 тэрбум төгрөг болно. Сүүлийн гурван жилийн хугацаанд гурил үйлдвэрлэгчид 3 их наяд төгрөг ард түмнээс халаасалсан. Улсын хэмжээнд ханасан улаан буудай байхад үйлдвэрлэгчид даварч үнэгүйдүүлж биднээс хямд үнээр авдаг. Бидний үр тариаг голж шилсээр 500-600 мянган төгрөгөөр авч, цааш нь гурилыг долоо дахин нугалсан үнээр 3600 төгрөгөөр зарж байна. Гурилын үнийг дагаад талх нарийн боовны үнэ нэмэгддэг, хөдөө орон нутагт амьдрал хүнд байна шүү дээ. Гурилаараа боорцог хайрч, цуйвангаа хийж иддэг, гурилтай хоол иддэг. Хүнсний гол хэрэглээ нь мах, гурил байна. Гэтэл баячууд нь гурил идэхээ больсон шүү дээ. 50 гаруй мянган төгрөг байсан гурил 100 мянган төгрөг давлаа” гэлээ.
Цаашид зах зээлийн зарчмаар гурилын үнийг тогтоож, гурилын үйлдвэрүүд дампуурах нь дампуурч өрсөлдөх чадвартай нь цааш хөгжих ёстой гэсэн байр суурийг тариаланчид ярьж байгаа юм. Харин зөв зах зээлийн зарчим механизмд оруулж өгөөгүй цагт энэ салбарт маш хүнд болоод байна.
Сэтгэгдэл үлдээх