Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээ
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж буй. НХААГ/20240103208 тендерийн дугаартай нэгдүгээр шатны шалгаруулалтыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр нээсэн. Энэ хугацаанд 11 улсын 20 компани тендерт саналаа ирүүлсэн бөгөөд хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зарлаж, тавдугаар сарын 3-ны өдөр нээх байсан боловч тендерт оролцож буй аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу тендерийг 17 хоног хойшлуулсан юм. Ийнхүү тавдугаар сарын 20-ны 14:10 минутад хоёрдугаар шатны тендерийг нээлээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн нэгдүгээр үе шатанд Англи, Энэтхэг, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Герман, Франц, Швейцар, Израил, Орос, Монгол буюу нийт 11 улсын 20 компани саналаа ирүүлсэн. Тухайн 20 компанийн ирүүлсэн саналыг техникийн тодорхойлолтод тусган, ажлын даалгаврыг боловсруулж, хоёрдугаар шатны тендерийг зарласан. Үүний дагуу хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтад дөрвөн аж ахуйн нэгж, байгууллага материалаа, үнийн саналын хамт ирүүлжээ. Дээрх дөрвөн аж ахуйн нэгжээс нэг байгууллага тендерийн баталгаагаа ирүүлээгүй байна. Үнэлгээний хороо дээрх дөрвөн байгууллагын техникийн тодорхойлолт, ажлын даалгавартай танилцаж сонгон шалгаруулалтыг явуулна. Ийнхүү шалгарсан компани нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх юм. Мөн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлж, төслийн урьдчилсан ТЭЗҮ-г шинэчлэх, төслийн бүх үе шатанд гүйцэтгэгчийн гүйцэтгэлийн чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж, шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэж ажиллана. Үүний дараа метро барьж байгуулах этгээдийг сонгон шалгаруулах тендерийг зарлахаар төлөвлөж байна” хэмээв.
Мөн Монгол Улсад анх удаа хоёр үе шаттай тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байгаа нь цаашид хөрөнгө оруулалтын орчин нэмэгдэх ач холбогдолтой. Мөн сонгон шалгаруулалт амжилттай болбол энэ намартаа багтаан метро барьж байгуулах барилгын ажлыг эхлүүлнэ. Энэ хүрээнд зарим газар чөлөөлөлтийг хийх, бэлтгэл геологийн болон гидрогеологийн судалгаа боловсруулах, газар чөлөөлөлттэй холбоотой нөхцөл байдлыг тодруулах, метро барьж байгуулахтай холбоотой техникүүдийг татан авахаар төлөвлөж байна гэдгийг тэрбээр онцолсон юм.
Түүнчлэн тендерт хамгийн бага үнийн санал ирүүлсэн байгууллагыг сонгон шалгаруулна гэсэн иргэдийн хардлага бий. Гэхдээ үнийн саналаас гадна техникийн тодорхойлолтод тусгагдсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг үнэлэн сонгон шалгаруулалтыг явуулна гэдгийг албаны хүмүүс тодотголоо.
Ташрамд, метроны эхний шугам нь Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэх юм.
Сэтгэгдэл үлдээх