Цэс Close

Мойес: Оле багтаа хүссэнээ хийж болно, гэхдээ шударга өрсөлдөөн...?

Дэвид Мойесийн удирдаж буй Английн “Вест Хэм” өчигдөр талбайдаа “Эвертон”-д хожигдож, Аваргуудын лигийн эрхийн төлөөх өрсөлдөөнд тун чухал оноо алдлаа. Тоглолтын дараагаар шотланд мэргэжилтэн “Манчестер Юнайтед”-ын хуваарийн тухай ам нээжээ. Учир нь түүний багтай Аваргуудын лигийн эрхийн төлөө өрсөлдөж буй хоёр баг болох “Лестер”, “Ливерпүүл” –ийнхэн “Манчестер Юнайтед”-тай дараалан тоглох юм.

Тав хоногт гурван тоглолт хийх хуваарь тавиулсан “Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагч Оле Гуннар Сульшер энэ хоёр тоглолтын аль нэгд нь сулруулсан гараа гаргахаас өөр аргагүй болж буйгаа ил цагаан мэдэгдсэн. “Лестер”-тэй хийх тоглолт дунд нь таарч байгаа тул түүн дээр тэр гараагаа гаргах болов уу гэсэн таамаг тархаад байгаа юм. Тиймээс ч энэ талаар Дэвид Мойес бодлоо хэлсэн байна.

“Коронавирус цар тахлын хөл хорио тавигдаж, тэмцээнийг дахин эхлүүлэхийн өмнө шударга өрсөлдөөний тухай мөн ч их ярьж хэлцгээсэн. Гэтэл одоо юу болж байна?

Оле багтаа хүссэн зүйлээ хийж болно. Гэхдээ өөрөөр шийдэх арга байгаа эсэх нь сонирхолтой. “Манчестер Юнайтед” хэзээ ч хүчтэй бүрэлдэхүүн гаргах чадалтай баг.

“Манчестер Юнайтед”-“Ливерпүүл”-ийн тоглолтыг хойшлуулсан нь шударга явдал эсэхийг Премьер лигийн удирдлагаас асуух нь зөв болов уу.

Аваргуудын лигийн эрх авах найдлага маань багаслаа. Гэвч бид тэмцлээ үргэлжлүүлнэ. Би зорилго тавьчихсан яваа, түүндээ хүрэхийг л хичээх болно. Гэхдээ хөлбөмбөг маш барьцгүй спорт. Түүнийгээ ч харуулсаар байна” хэмээн Мойес өгүүлжээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах