Цэс Close

МОНГОЛД ГАНЦХАН ЭХ ОРОНЧ БАЙГАА, БУСАД НЬ БҮГД УРВАГЧИД

Дотоодын дайсагнал гадны түрэмгийллээс ч илүү хор хөнөөлтэй

Монголчуудын хөгжил цэцэглэлт, мандан бадралт нь хоорондын эв нэгдэл, бат цул хүчинд суурилж байсныг түүх өгүүлсээр байгаа. Харамсалтай нь бид нар өвөг дээдсийнхээ үлдээсэн захиасыг санаж, мартаад байх шиг байна. Халх ойрдын дайны уршигаар Манжийн дарлалд 300 жил болсон түүх мартагдах учиргүй. Гадаад дотоодын хар хүчний хавчлага дор орж Автономит төрөө устгуулж, гамин бароны хөл дор сөхөрч явсан түүх бас бий. Энэ бүх дарлал, доромжлолыг гагцхүү эв нийлсэн их монголын хүч л сөрөн зогсч, даран сөнөөж байсан бахархам түүхтэй улс билээ.

Одоо бид нар ямар юмных нь адын хорлол болчихоороо хоорондоо арсалдан тэмцэлдэж, амь тавин үхэлдэж байна вэ? Өнөөх л Оюу толгой, Тавантолгой, Оффшор гэсэн хэдэн үгээр халхавч хийж улс төрийн өшөө хорсол авах кампанит ажил газар авлаа.

Ганзага дөрөө нийлж, гайгүй сайн явах юм болов уу гэж харж байсан Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр маань нэг л өглөө хоёр тийшээ харж, хоорондоо арцалдаж, зодоон цохион дээрээ тулаад авлаа. Өчгдөрхөн цацагдсан мэдээллээр бол Үндсэн хуулийн өөрчлөлт, Шүүхийн шинэчлэлт Ерөниийлөгч Х.Баттулгад таалагдаагүй бололтой. Эрх мэдлийн хязгаарлалт, дахин сонгогдох магадлал нь буураад ирэхээр Х.Баттулгын уур бухимдал цээжиндээ багтаж ядаж байна. УИХ, Засгийн газартай учир зүйгээ олж чадаагүй болохоор Үндсэн хуулийн цэцийг айлгаж, дарамталж байгаад асуудлыг өөрийнхөө талд шийдүүлэхээр улайрч байна эхэллээ.      

Олон нийтийг цахим дайнд улайран дуудаж, монголд ганцхан эх оронч байгаа, тэр Х.Баттулга гэнэ. Харин түүний эсрэг УИХ, Засгийн газар, АН, МАХН, ХҮН нам, Увсын бүлэг, MCS, Шунхлай, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Су.Батболд, Т.Доржханд гээд өөр хэн хэн ч гэнэ вэ, аль л өнгөтэй өөдтэй бүхэн түүний заналт дайсан юм байхаа. Ийм л мэдээллийг Х.Баттулгын троллууд сүүлийн үед эрээ цээргүй цацах боллоо. Элдэв сонин нэртэй шинэ шинэ пэйж хуудсууд нээж, олон нийтийн санаа бодлыг үймүүлсэн хар бараан бичлэгүүдийг санаан зоргоороо эрээчиж, түгээх боллоо. Түүнийг нь унших тусам айдас хүйдэст автуулж, "Энэ ч одоо юу болох гээд байна вэ? Иргэний дайнд өдөөд байна уу?" гэх эргэлзээ тээнгэлзээнд иргэдийг оруулж байна. Ингэтлээ ард олныг айдас хүйдэст авахуулах ямар хэрэгтэй юм бэ?

Ерөнхийлөгчийн суудал Х.Баттулгад асар үнэтэй тусч байна. Тэрээр өөрийнхөө улс төрийн өрсөлдөгчдийг тролл хэдэн сэтгүүлчдээрээ гутаан доромжилж, хууль, хүчний байгууллагуудаараа дарамтлан нугаслахыг оролдсон ч цаг ирэх тусам үнэнд гүйцэгдэж, худал хуурмагын баг нь хуу татагдаж байна. Түүний гар, хөл болсон шүүх,цагдаа, АТГ-ын албан хаагчдынх нь үнэн царай ил гарч, түмний шившиг боллоо. Тэдний гараар хэчнээн аавын хүүгийн хувь заяаг эргүүлж, тамын ёроолд живүүлсэн билээ.

Одоо Х.Баттулгад түших тулах хүч үгүй болжээ. Тэрээр аргаа бараад ард түмнээс дэмжлэг авах нэрээр уриалан дуудаж, дотоодын үймээн самуунд түлхэж байна.

Монголчуудаа сонор сэрэмжтэй байгтун. Дотоодын дайсагнал гадны түрэмгийллээс ч илүү хор хөнөөлтэй.

Х.БАЛДАН

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах