Монголд хоёрдох удаагаа тоглолтоо толилуулах гэж буй Алсугийн тухай

ОХУ-ын алдарт дуучин Алсу монголд айлчлан бүрэн хэмжээний тоглолтоо толилуулах гэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан бид уншигч та бүхэнд зориулан алдарт дуучны тухай дараах мэдээллийг бэлтгэлээ.
Алсу Ралифовна Абрамова нь 1983 оны зургадугаар сарын 27-нд Оросын тэрбумтан, нефть олборлогч “Лукойл” компанийн дэд ерөнхийлөгч асан Р.Сафины охин болж мэндэлжээ. Жижигхэн биетэй эвлэгхэн бас өвөрмөц хоолойтой Алсу 1990-ээд оны сүүлчээс 2000 оны эхэн үе хүртэлх хугацаанд Оросын поп хөгжмийн гүнж хэмээн нэрлэгддэг байжээ. Тэрбээр хүүхэд байхаасаа л дуу хөгжмийн авьяастай хүүхэд байсан бөгөөд Оросын хөгжмийн менежер Валерий Белоцерковский нь анх 15 настай Алсуг “I will always love you” нэртэй дууг дуулахыг нь сонсоод түүнийг бишрэн гэрээ хийж байжээ.
Тус гэрээ хийгдээд жилийн дараа Алсу ердөө 16 настай байхдаа хамгийн анхны “Алсу” нэртэй цомгоо гаргаж улмаар ердөө 6 сарын хугацаанд 700. 000 хувь борлуулагдаж төсөөлснөөс илүү амжилт гаргаж байсан юм. Мөн түүний "Алсу" хэмээх цомогт багтсан “Зимний сон”, “Иногда” зэрэг дуунууд нь монголд төдийгүй дэлхий нийтэд түүнийг танигдах эхлэл нь болж байжээ.
Түүний амжилт үргэлжилсээр 2000 онд нийт Европыг хамарсан “Eurovision” дууны тэмцээнд Орос улсаа төлөөлж оролцоод 2-р байранд орсноор Оросдоо гэлтгүй дэлхий даяар алдартай болсон аж. Энэхүү тэмцээнд “Solo” гэх англи дуугаар оролцоод амжилт гаргасан нь цаашид англи дуугаар дуулах сэдэл, санааг өгсөн учир 2001 онд олон англи дуунуудыг гаргасан ба “Before you love me” дуу нь англи дуунуудын жагсаалтын 27-р байранд жагсаж байжээ.
Алсу 2001 онд “MTV Europe Music Awards”-аас “Best Russian Act” шагнал, “World Music Awards”-аас “World’s Best Selling Russian Artist” шагналуудыг тус тус хүртсэн байна.
Авьяаслаг дуучин төдийгүй чадварлаг жүжигчин тэрбээр 2005 онд гарсан “Spirit Trap” английн аймшгийн кино, 2009 онд “Тайны Дворцовых Переворотов” оросын түүхэн кинонуудад тоглож байсан юм. Түүний урлагт оруулсан нөр их хөдөлмөрийг үнэлэн ХУ-ын Татарстаны Бугульма тосгонд төрсөн түүнийг ОХУ-ын гавьяат жүжигчин, Татарстаны ардын жүжигчин, Башкортостаны ардын жүжигчин цолоор шагнаж байжээ.
Тэрбээр өмнө нь 2002 оны наймдугаар сард Монголд анх тоглолт хийж байсан билээ. Тэгвэл үүнээс хойш 23 жилийн дараа Монголд дахин ирэхдээ дан эмэгтэйчүүдээс бүрдсэн өөрийн амьд хөгжмийн хамтлаг болон оркестртой хамтран уран бүтээлээ хүргэнэ.
Бэлтгэсэн: Сарасвати
Сэтгэгдэл үлдээх