Цэс Close

Монголын сагсан бөмбөгийн холбоод нэгдэн, нэг холбоо болж ажиллахаа Монгол Улсын Ерөнхийлөгчид илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр холбоод хамтран сагсан бөмбөгийн нэгдсэн Дээд лигийн тэмцээнийг  амжилттай зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ. Энэ нь сагсан бөмбөгийн спортынхны дунд үүсээд байгаа үл ойлголцолд цэг тавих эхний алхам болсон төдийгүй энэ спортоор хичээллэдэг, шимтэн үздэг мянга мянган залуусыг баярлуулсан, нэгтгэсэн, идэвхжүүлсэн гэдгийг тодотгов.

Сүүлийн найман жил хоорондоо ойлголцоогүйгээс олон улсын тэмцэээнд оролцож чадаагүй алдаандаа дүгнэлт хийхийг санууллаа.

Талцсан, хуваагдмал байдлаа арилгахын тулд холбоод нэгдэх ёстой. Ингэж байж сагсан бөмбөгийн спортын төрлөөр дэлхийн тавцанд амжилт гаргах боломжтой гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.

Энэ хүрээнд тал бүрийн оролцоог жигд ханган, төлөөллүүдээ оролцуулсан Ажлын хэсэг байгуулж, ойрын хугацаанд хурлаа хийн дүрмээ баталж, шинэ ерөнхийлөгчөө сонгохыг зөвлөв.

Гэхдээ үүнд улс төр орох ёсгүй. Холбоод, дасгалжуулагчид, тамирчид, спортын хорхойтнуудын оролцоотой шийдэгдэх ёстойг анхаарууллаа.

Талцал, хуваагдлаа  хойш тавьж, энэ спортын хөгжил, цаашилбал улсынхаа төлөө хамтдаа зүтгэхийг хүсэж, аливаа спортод сахилга бат, бие биеэ хүлээн зөвшөөрөх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалттай байх нь чухал гэдгийг тэмдэглэв. Мөн төрийн тэргүүний хувьд шинээр байгуулах холбоог бүх талаар дэмжиж ажиллахаа хэлэв.

Уулзалтад Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо болон тамирчдын төлөөлөл оролцлоо.

Төлөөллүүд Ерөнхийлөгчийн санал, уриалгыг дэмжиж, ойрын хугацаанд хурлаа хийн, бүгд хүлээн зөвшөөрсөн дүрэмтэй, удирдлагатай болохын төлөө харилцан ойлголцож ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах