Цэс Close

Монгол Улсад 9 их наяд төгрөгийн хохирол учруулсан “сахал” Д.Эрдэнэбилэгийн “Эрдэнэт”-ийн 49 хувийн хэрэг шүүхэд шилжжээ

Манай улс авлигатай тэмцэж, авлигачдаа шахаж байна. Энэ удаагийн Засгийн газар болох бүтэхгүй бүхэнтэй тэмцэж байна. Ямартаа ч нийтээрээ авлигын эсрэг давлагаалсны хүчинд төрөөс том томоор нь хулгайлдаг явдал багасч байгаа бололтой. Тийм мэдээллүүд ч дуулдах боллоо. Энэ сайн хэрэг.

Тэгвэл долоон жил гацсан Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал энэ сарын 21-ний өдөр болно. Өдгөө “Дарханы төмөрлөг” үйлдвэр, “Хөтөлийн цемент шохой” компани, Эрдэнэтийн 49 хувь дээр 20 гаруй хүн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад байна. Прокурорын зүгээс эл хэргийг Д.Эрдэнэбилэггүйгээр шүүхэд шилжүүлсэн. Учир нь тэрбээр Монголд байхгүй учраас хэргийг нь тусгаарласан авч үлджээ. Харин Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Д.Эрдэнэбат, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, “Төмөр замын зураг төслийн институт” ХХК, “Кью Эс Си” ХХК гэсэн хоёр компанид холбогдох 322 хавтас хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны аравдугаар сарын 12-нд шилжүүлсэн юм.

Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн 49 хувийг хууль бусаар бусдад шилжүүлсэн албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК-ийн ОХУ-ын эзэмших 49 хувийг тэргүүн ээлжинд Засгийн газарт худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголиан коппер корпрейшн” ХХК-д давуу байдал бий болгосон, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал бий болгосон, “Хөтөлийн Цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан, Төв аймагт тавигдсан автозамуудын шинэчлэлийн ажлын төсвийг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн ажлыг гүйцэтгэсэн компанид давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 21.1 /Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах/, 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 18.6 /Мөнгө угаах/, 22.5 /Хахууль өгөх/, 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Ерөнхийдөө Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой маргаан 2019 оноос, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөл цемент шохойн үйлдвэртэй холбоотой хэргийг 2020 оны эхнээс АТГ шалгаж эхэлсэн байдаг. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр АТГ-аас хэргүүдийг прокурорт шилжүүлсэн.

Эл хэргийн улсад учруулсан хохирлыг тооцвол, Эрдэнэтийн 49 хувийн хэрэгт 4 их наядын хохиролтой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хэрэгт 2.8 их наяд, Цемент шохойн үйлдвэрт 3 тэрбум төгрөгийн хохиролтой буюу нийт 7 их наяд төгрөг.  Хохирлын хэмжээ үүн дээр нэмэгдээд нийтдээ 9 их наяд төгрөгийн хохиролтой хэрэг гэж үзэж байгаа. Улсыг буюу татвар төлөгчдийн 9 их наяд төгрөгийн хохирлыг буцааж авах эсэхийг шийдвэрлэх болох нь. Энэ бол том дүн. Асар их дүнтэй хэрэг яаж эргэх нь олон нийтийн анхаарлын төвд байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, Дархан төмөрлөгийн үйлдвэрийн концесс, “Цемент шохой үйлдвэр” төрийн өмчит компанийн хувьчлалтай холбоотой асуудлаар мэдээлэл өгөхдөө “ЗГХЭГ яагаад хариуцдаг вэ гэхээр шүүхэд итгэмжлэл авдаг нь ЗГХЭГ -ын дарга байдаг. Монголын ард түмний өмнө шударга ёсыг тогтоох, олон нийтийн бухимдлыг төрүүлсэн энэ асуудлын үнэн зөвийг тогтоох нь нэн чухал. Нийт 22 оролцогчтой том хэргийг хоёр тусгаарлах шийдвэрийг прокурорын байгууллагаас гаргаж, шүүхэд хандсан. Хоёр тусгаарлана гэдэг нь Монгол Улсад ирэхгүй байгаа этгээдийн хэргийг тусгаарлаад үлдсэн холбогдогч нартай холбоотой хэргийг нь  тусад нь шүүхэд шилжүүлсэн. Томоохон үйл ажиллагаа явуулж байсан компанийн Монголын талын хувьцаа эзэмшигчийн эрхийг УИХ хэрэгжүүдэг. Гэтэл 49 хувийн арилжаа хийгдэхдээ Засгийн газрын түвшинд хуйвалданааы зарчмаар хийгдсэн” гэсэн юм.

Э.НОМИН

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах