Мягмар гариг: Өдөр тутмын сонины ТОЙМ

www.niitlel.mn мэдээллийн сайт 2023 оны тавдугаар сарын 30-ны өдөр тутмын сонины тоймыг хүргэж байна.
"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт: "Өдрийн сонин"-ы тэргүүн нүүр УИХ-ын гишүүн асан, хуульч, өмгөөлөгч О.Баасанхүү "Хэвлэлээр гарсан шиг Ч.Хүрэлбаатар гадныхантай мөрийтэй тоглож, ууж, идээд явсан бол маш том ёс зүйн алдаа. Алдаа битгий хэл гэмт хэрэг ч байж болох үйлдэл", ШЕЗ: Нүүрсний гэх нэг ч хэрэг шүүхэд шилжиж ирээгүй байна, “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог "Баримт, үзэл бодол" нүүрт "Монголчуудын үр хүүхдээ баруунд боловсрол эзэмшүүлэх хүсэл 100 жилийн дараа дахин дайралтад өртлөө", Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сокорро Эскалантег хүлээн авч уулзав, Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан "Эдийн засгийн сэргэлтийг хэрхэн хадгалж, суурь асуудлыг зөв шийдвэрлэх нь энэ жилийн гол сорилт" зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээ мэдээллийг нийтэлжээ.
"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт: Шинэ хотуу дын сураг чимээ. Дүүргийн Засаг дарга нарын олгосон газрын мэдээллийг ил болгов. “Нүүрсний” зарим хэргийг шүүх шийдвэрлэхгүй байна, Эрүүл мэндийн сангийн мөнгийг тусгай мэргэжлийн төвүүдээр дамжуулан “угаадаг” байж болзошгүй, 63 компанийн ТУЗ хурал хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болжээ зэрэг мэдээ мэдээлэл, ярилцлага, нийтлэлийг нийтэлжээ.
Онцлох нь: Эрүүл мэндийн сангийн мөнгийг тусгай мэргэжлийн төвүүдээр дамжуулан “угаадаг” байж болзошгүй
ЭМЯ-НЫ АЛБАН ТУШААЛТНУУД ЭЗЭН СУУВ
Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журамд сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрөл, шийдвэрээр захиран зарцуулна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, тус сангийн хөрөнгийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар л “хөдөлгөх” зохицуулалттай гэсэн үг. Мөн тус журмаар Эрүүл мэндийн сайдын эрх олгосон удирдах албан тушаалтан нь сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх иргэн, хуулийн этгээдтэй холбогдох гэрээг байгуулж, хяналт тавих үүрэгтэй гэнэ. Үүнийг далимдуулан ЭМЯ-ныхан сангийн хөрөнгөөр “тоглосон” зөрчил цөөнгүй байна. Тухайлбал, 2018 оны аудитын тайланг үзвэл тус сангийн хөрөнгөөр орон нутгийн өрхийн зургаан эмнэлэгт зориулалтын бусаар 22.3 сая төгрөгийн үндсэн хөрөнгө худалдан авч өгчээ. Ийм алдаа, зөрчил гаргасан албан тушаалтан нь ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа, мэргэжилтэн Ж.Дөлгөөн нар гэж тайланд тэмдэглэсэн байна. Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд 2017 онд хэвлэлийн цех, мэдээллийн студи байгуулахад шаардлагатай 180.1 сая төгрөгийг сангийн хөрөнгөөс гаргуулжээ. Гэсэн ч 2018 онд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд ашигласан сургалт, сурталчилгааны холбогдох материалуудыг тус төвийн студи, хэвлэлийн цехээр гүйцэтгүүлээгүйг шалгалтаар илрүүлсэн аж.
ТӨРИЙН САНГИЙН ГҮЙЛГЭЭ ХААГДАХТАЙ ЗЭРЭГЦЭН 691.5 САЯ ТӨГРӨГ ЗАВШСАН УУ
2018 онд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц А/448 дугаар тушаал гаргаж, 691.5 сая төгрөгийг өрийн сангийн данс хаагдах өдөр яамны харьяа байгууллагууд руугаа яаран шилжүүлсэн баримт мөн аудитын тайланд байна. Үүнд яамны ерөнхий нягтлан бодогч Х.Отгонзул гар бие оролцсоныг аудитын тайланд дурджээ. Эрүүл мэндийг дэмжих сангийн тухайн жилийн хөрөнгийн үлдэгдлийг Сангийн яаманд “хураалгахгүйн” тулд оны эцэст буюу Төрийн сангийн гүйлгээ хаагдах үеэр эрүүл мэндийн байгууллагуудад холбогдох гэрээ, сонгон шалгаруулалтгүйгээр ийнхүү шилжүүлдэг байж. Сангийн хөрөнгийг иргэдийн эрүүл мэндийг дэмжих төсөл, хөтөлбөрт л зарцуулна гэсэн журмыг салбарын яамныхан ийм маягаар зөрчиж иржээ. Түүнчлэн төрийн албан хаагчдыг чадавхжуулахад 5.4, удирдах ажилтныг чадавхжуулах сургалт зохион байгуулахад 1.2 сая төгрөгийг тус сангаас гаргуулсан аж. Уг асуудалд ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын мэргэжилтэн О.Оюунчимэг, ахлах мэргэжилтэн Я.Болормаа нар нэр холбогджээ. Түүгээр ч зогсохгүй ЭМЯ-ныхан сангийн хөрөнгөөс 89.6 сая төгрөгийг олон улсын арга хэмжээ, гадаад томилолтод зарцуулсан байна. Тухайн үеийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц, ерөнхий нягтлан бодогч Х.Отгонзул нар энэ асуудалд хамаатай аж. Ингэхдээ тэд Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/234 дүгээр тушаалаар, салбарын бус албан тушаалтныг гадаад вуулж, сангийн мөнгийг хууль бусаар зарцуулахад нь гар бие оролцжээ. Эрүүл мэндийг дэмжих сангийн өмнөх онуудын шалгалтаар ч энэ мэт зөрчил цөөнгүй илэрч байсан гэнэ. Үүнийг үндэслэн улсын аудиторууд сангийн удирдлагуудад холбогдох хуулиудыг чанд хэрэгжүүлж, санхүүгийн сахилга баттай ажиллах албан шаардлага хүргүүлж байж. Гэсэн ч тэд зөрчлөө арилгасангүй, дараа дараагийн жилүүдэд ч давтан үйлдсээр ирэв.
"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаарт: Цар тахлын сургамж: Хүний эрхийн зөрчил, Шинэчлэлийн үр дүнг хэрэглэгчид л хүртдэг, Т.Онон: Эмэгтэй хүний мэдрэмж дипломат албанд давуу тал болдог, Г.Оюунцэцэг: Чех дэх монголчууддаа хэрэгтэй мэдээлэл хүргэхийг зорьдог, Ц.Найдан: Улсын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлийг хангалаа зэрэг ярилцлага, мэдээ мэдээллийг нийтэлжээ.
Онцлох нь: Т.Онон: Эмэгтэй хүний мэдрэмж дипломат албанд давуу тал болдог ярилцлагаас...
-Ер нь эмэгтэй дипломатч байхын гол онцлог юу вэ. Жишээлбэл эрэгтэй хүмүүс шийдвэр гаргахдаа илүү шийдэмгий байдаг бол эмэгтэй хүний уян хатан чанар илүү эерэг нөлөө үзүүлж чаддаг болов уу?
-Дипломат албанд зүтгэж байгаа эмэгтэйчүүд мэдээж мэргэжлийн бүх шалгуурыг эзэмшсэн байх ёстой. Шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд шийдэмгий байдаг гэж болох ч нөгөө талаар шийдэмгий эмэгтэй хүн бас бий. Ер нь манлайллын хувьд ярихад эрэгтэй, эмэгтэй гэж ялгаж салгах нь хэр оновчтой бол. Тухайн ажлыг эрэгтэй, эмэгтэй аль нь ч хийж чаддаг л бол хүйс хамаагүй. Гэхдээ эмэгтэйчүүдэд нэг давуу тал бий. Эмэгтэй хүний мэдрэмжтэй байдал илүү эерэг үр дүн авчирдаг байж болох юм. Дипломат алба гэдэг зөвхөн цаас бичиг боловсруулахдаа биш яриа гэрээ хэлэлцээ хийх, улс орнуудын харилцааны асуудал учир биеэ авч явж байгаа байдал, хувцаслалт, ярьж байгаа байдал бүгд хамаардаг. Гэхдээ эмэгтэйчүүдийн мэдрэмж илүү эерэг байдлыг бий болгодог. Жендэрийн хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил эрхтэй байх ёстой. Хийж чадаж байвал эрэгтэй, эмэгтэй хүйс хамаарахгүй гэж боддог. Нэг зүйлд би их баяртай байдаг. Намайг анх Элчин сайдаар томилогдож байхад буюу 2001 оны үед маш цөөхөн эмэгтэйчүүд Элчин сайдаар ажиллаж байсан. Тэгвэл өнөөдөр зургаан эмэгтэй Монгол Улсыг төлөөлөөд гадаад улс оронд Элчин сайдаар ажиллаж байна. Энэ бол ахиц гэж боддог. 2020 онд манай клуб болон гурван бие даасан шинжээчтэй хамтраад дипломат албаны жендэрийн асуудлыг судалж, үнэлгээ гаргаж үзсэн. Энэ үед ямар зураг харагдсан бэ гэвэл манай ГХЯ-нд эмэгтэй эрэгтэйчүүдийн харьцааны хувьд зарим талаар эмэгтэй нь давамгайлсан харьцаа байсан. Харин албан тушаал өндөрсөх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тоо харьцангуй бага үзүүлэлттэй байсан. Гэхдээ энэ байдал сүүлийн жилүүдэд арай дээрдэж байна. Жишээ нь Гадаад харилцааны сайдаар эмэгтэй хүн ажиллаж байна. Ер нь бол манай гадаад харилцааны салбар гурван эмэгтэй сайдтай байсан түүхтэй.
-Та ахмад дипломатчдын хувьд та сүүлийн үеийн салбарын боловсон хүчнүүдээ хэр үнэлж явдаг вэ?
-1990-ээд оноос хойш нийгэм өөрчлөгдөөд харьцангуй залуу дипломатчуудад сургууль соёлд сурах, мэдлэг мэдээллээ тэлэх боломж багагүй нээгдсэн. Бидний үед хөрөнгөтөн орнууд гэж нэрлэгдэж байсан Америк, Англи, Австрали, Герман зэрэг өрнөдийн оронд очиж мэдлэг боловсрол эзэмших боломжтой болсноор ур чадварын хувьд, хэлний хувьд илүү чадвартай болсон. Харин өөрсдийгөө дадлагажуулж, туршлага хуримтлуулах тал дээр ажиллах шаардлагатай санагддаг. Аливааг их сайн нухаж, гүн рүү нь орж ажиллах хэрэгтэй. Би муу гэж хэлэхгүй. Гэхдээ хандаж байгаа хандлагаасаа болно. Дипломат алба гэдэг тухайн улс орны талаар бүх талын мэдээлэлтэй, нарийн мэргэшсэн байхыг шаарддаг. Нийгэм, улс төр, соёл, хүмүүнлэгийн салбарт гарч байгаа өөрчлөлтүүдийг ч ойлгож мэддэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй. Ялангуяа хоёр орны харилцааны түүхийн талаар маш сайн мэдэж байж орчин үеэ, өнөө цагаа ярих болдог. Ирээдүй гэрэлтэй, залуучууд чадалтай байна гэж хардаг.
Сэтгэгдэл үлдээх