Цэс Close

Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэг дээр

[cmsmasters_row data_shortcode_id="nh5ktqacsp" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="m4c9j4i19" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="8b4a1bpg9" animation_delay="0"]

-Гурван музейн гунигт байдал-

Ард түмний маань оюуны үнэт өв, соёлын эрхэм дээжис хадгалагдсан гурван музейд очсон хэн боловч нүд сэтгэл баясахын сацуу гунигт автаж, ашид мөнхийн гайхамшигтай бүтээлүүд өдөр бүр өнгө зүсээ алдаж, хадгалалт хамгаалалт муугаас эвдрэх, устах аюулд орж байгааг хараад сэтгэл зовних болжээ. Манай улсад үндэсний музей байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан музейн ажилтан, ажилчин нийт хамт олонд МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс ирүүлсэн баярын бичигт “Ард түмнийхээ соёлын өв санг байнга эрэн сурвалжилж, хадгалж, хамгаалах ажлыг хүчтэй болговол зохино” гэж дурдсан юм. Хадгалалт, хамгаалалтын талаар ямар ажил зохиож байна вэ?

Хааны ордон музейг үзээд гарч явсан хэсэг залуус:

-Мөхөөлдөс болох шахлаа. Аварга том хөргөгч дотроос арай хийж амьд гарлаа” гэж шуугилдаж байв. Ямар ч халаалт үгүй, хүйтэн хөндий хонгил тэр музейд хүмүүс зооринд орсон мэт даардаг. Музейн үйлчлэгчид нь хөвөнтэй өмд, эсгий гуталтай, үстэй дээл хувцастай, дах дэгтий болсон хүмүүс манаачийн үүргийг гүйцэтгэн, амьд амьтан тэсэхийн аргагүй тэр хүйтэнд өдөржин дагжин чичирч зогсоно. Тиймээс ч эндхийн ажилд үйлчлэгч тогтдоггүй үргэлж халагдаж, солигддог ажээ.

Нэг  ч хадаас оруулалгүй найман  багананд суурилуулж 108 төрлийн оньс сүлжээний уран зохиомжоор хийсэн “Амгалан энхийн хаалга” нь уран барилгын хосгүй дурсгал юм. Гэтэл одоо баруун тийшээ нэлээд хазайж, тулгуур багана нь дороосоо ялзарч, дээшээ өдөр ирэх бүр   идэгдсээр байна. Он жил улирч, эдгээр хаалгууд нэг л өдөр пархийтэл нурж унах цаг ирэхэд гаславч хожимдсон байх вий!?...

“Түүх соёлын дурсгал бол манай ард түмний оюун санааны баялаг, хүч хөдөлмөрөөр бүтсэн, Монголын ард түмний бүх үеийн турш уламжлан хуримтлагдсан соёлын өв, үндэсний баялагийн хэсэг мөн” гэж БНМАУ-ын соёлын дурсгалт зүйлийг хамгаалах хуулинд заажээ.

Улсын нэгдүгээр зэргийн хамгаалалтад авсан 21 ховор нандин дурсгал, түүх соёлын өвийн дотор Богд хааны ордон музей, сүм музей хоёр багтдаг юм.

Музейн үзмэрүүд бүр ч эмгэнэлт  байдалд оржээ. Дээрх музейнүүд өөрийн ховор нандин үзмэрээр зөвхөн Монголын ард түмний төдийгүй хүн төрөлхтөний соёлын үнэт нандин өвийг бүрдүүлэгч үнэлж баршгүй үзмэртэй юм. Зөвхөн “Амгалан энхийн хаалга” гэхэд л 11 сая төгрөгөөр үнэлэгддэг байна. Гэхдээ хэргийн учир зөвхөн үнэ цэндээ бус, дахин давтагдашгүй урлагийн дээж гэдэгтээ бий билээ.

Өнөөдөр бид нэг модон сандалд улсын өмч гэж пайз зүүгээд, хэн нэгэн хүнд харьяалуулж, нүдлэн хамгаалуулдаг хэрнээ хэдэн саяар яригдах, цаашилбал дахин хэзээ ч үл давтагдах оюуны үнэт эрдэнэсийг мөхөлд оруулах гэж үү? Сандлыг хэмхэрэхэд  сандал хийгээд орлуулна. Урлагийн нэг нандин бүтээл устахад дахин хэзээ ч бий болохгүй. Бид соёлын үнэт өвөөрөө бахархахын зэрэгцээ, хадгалж хамгаалах талаар өнгөрсөн, өнөө ба ирээдүйн өмнө хариуцлага хүлээх ёстой.

   Б.Шаравын бүтээлүүд сүйрч байна 

Ардын хувьсгалын ууган зураач, шинэ цагийн дүрслэх урлагийг үндэслэгчийн нэг, Лениний хөргийг Ази тивд анх бүтээсэн их зураач Б.Шаравын бүтээлүүд мөхөх аюулд  оржээ.

Хааны ордон музейн уналга, хөсөгний танхимд “Богд хааны өвлийн ордон” гэдэг шороон будгаар зурсан бүтээл нь хүйтэнд тас хөлдөөд, доод талаасаа өмрөн унаж, урагдаж, шарлаж, харлаж, халцраад сэхэл авахаас нэгэнт өнгөрч ус, чийг нэвчсээр хатаж хорчийсон адсага шиг болжээ.

Хааны торгон цэргийн амьдралыг харуулсан бүрэн хэмжээний зохиомж энэ зураг  хаалга онгойх бүр салхинд үлээгдэн, орсон гарсан бүхний гар хурууны ором, хир нэвчсээр сүйрч байна. Музейнхэн урагдсан хэсэгт нь том цагаан даавуугаар нөхөөс тавьсан нь бүр ч хөөрхийлөлтэй...

Энэ зураг түүхэн сэдэв, цаг үеийнхээ амьсгааг харуулсны хувьд ч, уран сайхныхаа үнэ цэнийн хувьд ч дэлхийн сонгодог урлагийн бүтээлүүдтэй эн зэрэгцэх билээ!

Хааны ордон музейн фондын ажилтан Цэцгээ:

-Энэ зургийг 1982 онд гаргаж тавьсан гэж байлаа. Таван жил болоход уг зураг бүрмөсөн сүйрчээ. Яагаад сэргээсэнгүй вэ? Яагаад хадгалж, хамгаалсангүй вэ? гэдэг асуулт зүй ёсоор гарахад “Энэнээс их зургууд манайд байгаа” гэж огт тоомжиргүй хариу өгөв. Надтай цуг явсан урлаг судлаач Д.Дашбалдан өөрийн эрхгүй гаслан шагширч, “Даанч дээ, ийм болгочих гэж...” хэмээн хэлэхэд “Чи арай ч хэтрүүлж байна аа...” гэв.

Үнэхээр Дашбалдан хэтрүүлж байна уу? гэвэл тийм бус, эргэн тойронд буй зургууд , ялангуяа “Бага хөсгийн аялал” хэмээх нэр үл мэдэгдэх зураачийн бүтээл норж шарлаад, Б.Шаравын алдарт зургуудын хуулбар ч муудаж, зарим газар нь хуруугаар үрж цоолсон байв.

Хариуцлагагүй байгааг нь Цэцгээд сануулахад уурлаж, биеэ өмөөрөхөөс бус, урлагийн тэдгээр үнэт бүтээл мөхөж, ард түмний оюун санааны хэрэгцээнээс гарч байгаад харамссан шинж огт үгүй, харин ч “Энэ яахав” гэж суулаа.

Дүрслэх урлагийн музейд байгаа Шаравын алдарт бүтээлүүдийг би гадаадын зохиолчдод үзүүлж явахдаа нүүр улайж, өөрийн эрхгүй ичив.

“Үрс гарч байна”, “Нэг өдрийн үйл явдал зэрэг дэлхий нийтэд алдаршсан зургууд нь нэгээс хоёр зүйдэлтэй шилний цаанаас өршөөл эрсэн мэт бүүдийж, туйлын болхи бүдүүн хийцтэй модон жааз нь хир даг болж, модон дээр гипс асгаад дээрээс нь боронздон нүд хуурсан нь энд тэндээсээ ховхорч, цагаан гипс нь цухуйсан харагдана. Зөвлөлтийн яруу найрагч Э.Балашов урам нь хугарсан янзтай “Урлагт ингэж хандаж болохгүй” гэв. Тэрбээр Дүрслэх урлагийн музейн үзмэрүүдийг “Дэлхийн шилдэг бүтээлүүдийн энд тэнцэнэ” гэж бахархахын сацуу, андын сэтгэлээр бидний дутагдлыг ний нуугүй ярьсан юм.

Б.Шаравын “Үрс гарч байна” зургийг 1980-аад оны эхээр ЗХУ-д аваачиж сэргээн засварлалт хийжээ. Дүрслэх урлагийн музейд шил олдохгүй байна гэж үү? Дэлхийн аль ч музей сонгодог бүтээлийг ингэж зүйдэлтэй шилээр шиллэж “дооглодоггүй” билээ.

“Нэг өдрийн үйл явдал” хэмээх сонгодог зургийн жаазны хүрээ нь нэлэнхүйдээ халцарч, хир буртаг, ялааны баас зэрэгт дарагдан, шилний зүйдлийн завсраар нь нарийн тоос байнга орж зургийн материалын чанарыг муутгаж байна.  Эдүгээ соёлт хүн төрөлхтөн мэдэх их зураач Б.Шаравыг гадаадын урлаг судлаачид Нидерландын сонгодог зураач П.Брейгелтэй эн тэнцэх их авьяастан гэж үнэлдэг билээ. Зөвлөлтөд Б.Шаравын тухай судалгааны бүхэл бүтэн ном хэвлэгдсээр арав гаруй жил болдсон байхад бид нэг ч номгүй, түүний уран бүтээлийн намтар, цомог ч үгүй сууж байна.

Б.Шаравын бүтээлүүд нь Монголын урлагийн түүхийн алтан хуудас, манай үндэсний бахархал гэдгийг ойлгоход бидэнд ухаан дутмааргүй юм.

Энэ үнэт бүтээлийг зориуд гутааж, нас сүүдрийг нь санаатайгаар богиносгох гэсэн мэт уурын халаагуур дээр тавьжээ. Гар тавьж үзэхэд зах мод нь халуун байв. Дороосоо үргэлж халах нь зургийг бүрмөсөн сөнөөж мэднэ.

Рерихийн зургийн хувь заяа

 

Оросын суут зураач Николай Рерихийн бүтээлийг дэлхий дахинаар нандигнан, түүний бүтээл байгаа музейг дэлхийн шилдэг үзмэртэй хэмээн бахархаж  Москва, Ленинград, Нью-Йорк, Делид түүний зургуудыг хүний суу билгийн гайхамшигт илрэл гэж үзэн хүндэт байрандаа залж, бишрэн дээдэлдэг билээ. Гэтэл манайд байгаа Рерихийн цорын ганц эх зураг “Улаан хүлэгт баатар”-ыг гялгар цаасаар бүржээ. Тохьгүй байранд тухгүй байсаар үрэгдэхэд ойртсон энэ зураг доод талаасаа будаг нь хуурч эхлээд зотон даавуу нь ил гарч, зурагдаж гэмтсэнээр барахгүй, бүрсэн гялгар цаасыг зургаас салгах тэр нэгэн цагт юу болохыг урьдаас таахад хэцүү болсон байна.

Хэний ямар тушаалаар юм бэ, бүү мэд, Хааны ордон музей, Дүрслэх урлагийн музейн ихэнх зургийг гялгар цаасаар бүрсэн нь “нүглийн нүдийг гурилаар хуурна” гэдгийн үлгэр болжээ.

Энэхүү гялгар цаас нь чийг татах бөгөөд тосон будаг, шороон будгийн зургийг муутгаж, өвөл цан татан, хавар ууршиж, тусгаарлагч үгүй учир цаад зурагтаа наалдан, хожим салгах гэхэд бүх зургууд гэмтэж мэдэхээр байна. Шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй энэхүү “шинэ санаачилга” нь урлагийг үл мэдэх хүмүүсийн туйлын бүдүүлэг ажиллагаа юм.

Рерихийн манайд буй үнэт нандин зураг чухам энэ “санаачилгад” өртжээ. Зургийг шиллэх шил олдохгүй гэж үү? Энэ зургийг үзэхээр ирсэн соёлт хүн төрөлхтөний үр сад юу хэлэх вэ?

Дэлхийн соёл урлагийн нэрт зүтгэлтнүүдээс Монгол орныг Рерих шиг нарийн мэдэрч, илэрхийлсэн хүн ховор биз. Чухамхүү аугаа их хүн л билгийн нүдээр тийнхүү алсыг нэвт харж, холыг зөгнөж чаддаг нь “Энэ Монгол Улсын араас бүх Ази сэрнэ” гэж 1927 онд хэлснээс тодорхой. Рерих шинэ Монголын сүр хүч, хөгжил, цэцэглэлтийг бэлгэдэж, “Улаан хүлэгт баатар” гэдэг алдарт зургаа манай ард түмэн, засгийн газарт бэлэглэсэн юм.

Энэ зургийг темпер хэмээх хуурай тосон будгаар бүтээсэн бөгөөд Рерихийн уран бүтээлийн жагсаалтад байдгийг дэлхий нийт мэднэ.

1982 онд Москва хотноо нээгдсэн эцэг, хүү Рерихийн уран бүтээлийн үзэсгэлэнг үзсэн хүмүүс “Улаан хүлэгт баатар”-ыг үгүйлж байсан нь учиртай.

Рерих “Монгол орон бол ертөнцийн хүчирхэг амьсгал” гэж бичжээ. Тэрээр Монголын сэдвээр дэлхийд алдаршсан бүтээлүүд туурвиж, ард түмний маань баатарлаг түүх, эх орны маань үзэсгэлэн гоог ер бусын их уран чадвараар илэрхийлсэн юм.

Түүний зургуудаас Монгол орон үлгэрийн гэмээр сүрлэг, хурц тод өнгөтэй, гал дөл шиг, эсхүл ариун нандин цэнхэр өнгөтэй, хорвоогийн нууцыг хадгалсан,сансрын мэдрэмжтэйгээр илэрдэг юм. Рерих Монголыг сансрын орон мэт дүрсэлдэг байсан, ингэж ч дэлхий нийтэд мэдрүүлсэн юм. Сансрын анхны нисэгч Ю.Гагаринаас ТАСС-ын сурвалжлагч  “Сансраас эх дэлхий маань ямар харагдаж байна” гэж асуухад Рерихийн зураг шиг гэж хариулсан билээ. Рерихийн эх зураг хадгалж байгаадаа бахархаж, хайрлан хамгаалахын төлөө бололцоотой бүхнийг хийх цаг болжээ.

 

 

  Занабазарын суут бүтээлүүдийг хамгаалъя

Монголын аугаа их уран барималч Г.Занабазарын /1635-1724/ бүтээлүүд бол дэлхийн сонгодог урлагийн санд зүй ёсоор орох ховор нандин эрдэнэс юм. “Ногоон дарь эх” хэмээх хосгүй туурвилыг нь суут Леонардо да Винчийн Мона Лиза буюу алдарт Джоконда, “Цагаан дарь эх”-ийг нь Рафаэлийн “Сикстинийн эх дагина”-тай эн тэнцэх бүтээлүүд гэж гадаадынхан бичдэг болжээ. Зөвлөлтийн зохиолч В.Астафьев, Ю.Друнина, Е.Исаев, Э.Балашов, Е.Осетров нар гайхан бахархсан сэтгэгдлээ манай сонин хэвлэлд бичиж, В.Шугаев “Литературная газета” сонинд хүний суу билгийн ер бусын илрэл, соёлын үнэт өвийг үзээд биширсэн сэтгэгдлээ бичжээ.

Занабазар Монголын урлагт дахин сэргээлт хийсэн бүтээлч бөгөөд шарын шашин Монголд ноёрхсон нөхцөлд анх удаа бурхныг бус, хүнийг  бүтээлээрээ өргөмжилж, эгэл хүний гоо сайхныг бурхнаас илүү хэмээн урлан бүтээсэн юм. Түүний бүтээсэн 21 Дарь эх, түүн дотроос “Сияаматара” буюу Ногоон дарь эх, “Ситатара” буюу Цагаан дарь эх нь эх хүн, бүсгүй хүнийг өргөмжилсөн сүр жавхлант дуулал бөгөөд эгэл монгол бүсгүйн гоо үзэсгэлэн, сайхан сэтгэлийн ертөнц нь бурхдын хиймэл сүр жавхлан, домгийг үгүйсгэн гэрэлтэж буйг харуулжээ. Занабазарын өв маш их бөгөөд дүрслэх урлагийн музейд буй язгуурын таван буддагийн дөрөв нь мөн Ситатара, Бодь суварга, Хааны ордон музейд буй 21 Дарь эх, сүм музейд байгаа түүний дотор Раднасамбава зэрэг бүтээлүүдийг нэгэн доор цуглуулан тусгай музей байгуулууштай билээ.

Занабазарын бүтээлүүд талын нэг тарснаас болж музей бүрт Занабазарын тухай ярьдаг, бүтээл нь байдаг. Энэ нь Монголын дүрслэх урлагийг ганцхан  хүн л илэрхийлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр байна. Нөгөө талаас Занабазарын бүтээлийн тухай цогц бүрэн ойлголттой болохоос хөндийрүүлж байна. Гуравдугаарт хадгалалт, хамгаалалтыг журамлаж, нэг чиглэлтэй болгоход саад болж байна.

Дэлхий нийтийн жишээнээс үзэхэд Парисын Луврт хадгалагдаж байгаа “Джоконда” гэдэг уран зургийг одоогоос арав гаруй жилийн өмнө 50 миллиард доллараар үнэлж байжээ. Энэ үнэ нь жил бүр нэмэгддэг. Суут энэ бүтээл нь нийт хүн төрөлхтөний баялаг болохоор улс орон бүр хүндэтгэж, хадгалалт хамгаалалтад нь анхаардаг байна. Тиймээс далан хэдэн онд ЗХУ-д “Джоконда”-г аваачих үед цэргийн хоёр ч онгоц дагалдан хамгаалж явсан нь “Джоконда”-г амьд хүн шиг, тэгэхдээ бүр хүндэт дээд зочны хэмжээнд Москвад хүлээн авсныг харуулахаар барахгүй Зөвлөлтийн ард түмэн урлагт хэрхэн хандаж байгаагийн нэг илрэл болжээ.

Зөвхөн Джоконда гэхэд л буун сум, ус үл нэвтрэх, гэрэл, агаар нь тогтмол хэвийн тусгай хоргонд хадгалагдаж, Францын онцгой хамгаалалтад байдаг байна.

Манайд зарим хүн, урлагийн үнэт бүтээлийг шашинтай холбон, соёлын өв дурсгал гэж огтхон ч үздэггүй, харин “бурхан” гэж бодох, тэгээд, “бурхныг” сэргээвэл хэрэгт орно гэж ойлгодог гунигт явдал-хуучирсан сэтгэлгээ ч байна.

Занабазарын бүтээлийг шашинтай холбож тайлбарлах нь хоцрогдсон үзэл мөн. Энэрэнгүй сэтгэлийн дээд илрэл болсон Андрей Рублёвын бүтээлүүд, Ивановын “Христос заларсан нь”,  Леонардо да Винчийн “Нууц үдэш”, Микеланджело болон бусад суутнуудын дэлхий дахинаа гайхагдаж, хүний олон үеийг оюуны гэрлээр гийгүүлсэн бүтээлүүдийг хэн ч бурхан шашинтай холбон үгүйсгэдэггүй шүү дээ.

Хааны ордон музейд байгаа Занабазарын шилдэг туурвилуудыг туйлийн болхи гүнгэрваанд хадгалснаас хүн үзэх ямар ч боломжгүй, гэрэлтүүлэг нь муу байна. Занабазарын бүтээлүүдийг урлагийн музейд авчирч орчин үеийн хоргонд хийж, эргэн тойрон харж болохоор байрлуулж, аль ч талаас нь харахаар төгс төгөлдөр туурвисан тэр зориулалтаар нь үзүүлэх хэрэгтэй байна. Эдгээр бүтээл яагаад бусад бүтээлээс нь тусгаарлагдан, Хааны ордон музейд “хашигдаж” буйг асуухад “VIII  богд шүтэж байсан учир энд байх ёстой” гэв.

Монголын урлагийн гайхамшигт үзэгдэл, монгол хүний урлан бүтээх чадварын онцгой илрэл болсон Занабазарын бүтээлийг хамгаалах нь эх оронч сэтгэлийн хэрэг байх ёстой.

   Цагаан Жамбын бүтээлийг цаашид яах вэ?

Зураач Цагаан Жамба бол амьтдын зураг зурах талаар хосгүй их мастер, дорно дахины давтагдашгүй өвөрмөц сэтгэлгээний нэгэн ертөнц юм.

Түүний “Жаргалын найман морь”, “Эвтэй дөрвөн амьтан”, “Тэмээн сүрэг”, “Дугар зайсан”, “Ан амьтад” зэрэг зургууд нь Монголын дүрслэх урлагийн түүхэнд мөнхөд байраа эзэлж, монголчуудын энэрэнгүй сэтгэл, ан амьтдыг хайрлах, байгаль ертөнцийг эрхэмлэн дээдлэх үзлийн тод илрэл болсоор байх болно.

Тэр бол зураачийн хувьд урлах арга барил, ертөнцийг үзэх дотоод сэтгэлгээгээрээ өнгөрсөн жил 100 жилийн нь ойг Зөвлөлт орон даяар нижгэр тэмдэглэсэн Гүржийн их зураач Нико Пиросманашвилитэй төрөлсөх эрхтэй юм.

Хувьсгалын эхэн үед баруун хязгаарыг түйвээж агсан зандалчин Дамбийжаа Цагаан Жамбыг аваачин зураг зуруулаад, “Дахиад ийм сайхан зурж чадах уу” хэмээсэнд “Чадна” гэсний хариуд хоёр нүдийг нь сохлон тамалж, гайхамшгийг бүтээх чадваргүй болгосон гэлцдэг. Гэтэл бид түүний ард түмэндээ үлдээсэн шилдэг бүтээлийг “сохлох” ёсгүй. Цагаан Жамбын зургуудыг харж үзэж, хайрлах хамгаалах талаар асар их санаа тавихгүй бол мөдхөн ор мөргүй болоход хүрээд байна. Түүний зургууд цөмөөрөө шарлан гандаж, өнгө зүсээ алдан, заримд нь хэт цагаан толбо сууж, будаг нь уусч алга болж байна. Бүгд чийг авч үрчийж, хорчийжээ. Энэ шинж тэмдэг хэдийд үүсэв? Ихсэж байна уу? Багасав уу? Үүнд хариу алга, учир нь зураг бүрт хяналт тавьж, протокол хөтөлж байх үүргээ музейнхэн  биелүүлдэггүй юм. Цагаан Жамбын бүтээлийг одоохон аврахгүй бол авах юмгүй болох нь ээ!

Гурван бэрхийн аюул

 

     Дүрслэх урлагийн музей 1976 оны арванхоёрдугаар сард галын аюулд өртөж, өдий төдий ховор нандин бүтээл үрэгдэж, их хохирол учруулсныг хөдөлмөрчид мартаагүй байна. Түүнээс хойш 12 жил өнгөрлөө. Гэтэл “Азарганы ноцолдоон” мэт ганц нэг зургийг өнгөлснийг эс тооцвол өнөөдөр музейн танхимаас түймрийн утааны үнэр арилаагүй байна гэхэд хилсдэхгүй.

Төрийн хошой шагналт, ардын зураач О.Цэвэгжавын “Бухын мөргөлдөөн”, “Монтёр”, ардын зураач Г.Одонгийн “Жүжигчин Ичинхорлоо” зэрэг олон бүтээл утаа тортогт харласан хэвээр, БНМАУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Жамбаагийн “Ногоочин”, С.Доржпаламын “Зэлэн дээр” зэрэг гөлтгөнөн баримлууд эвдэрч бутраад фондын мухарт новшрон хэвтэнэ. Гэтэл тэдгээрийг бүтээгчид одоо энх тунх байна. Яагаад сэргээн засварлуулах, дахин хийлгэх талаар санаа эс тавин амарлингуй сууна вэ? XIX зууны Их хүрээний мастеруудын бүтээсэн “Цамба” гэдэг 300х200 см хэмжээтэй торгон зураг галд шатаж, усанд нэрвэгдсэний ул мөр нь огт арилаагүй фондод хөглөрөн байна. Энэ үнэт бүтээлийг дахин сэргээх ямар ч боломжгүй, хэсгийг нь ч аврах нөхцөлгүй гэв. “Дүншингийн 35” хэмээх 12 метр урттай торгон зургийн хосгүй бүтээл нэг талаасаа хааш хаашаа ам дөрвөлжин шатсан нь одоо ч хэвээрээ!

Түүнийг сэргээх засварлах боломжтой ч  хөрөнгө мөнгө дутагдсан гэнэ. Музей удирдах газарт улсаас жилд 250000  төгрөг сэргээн засварлах хийгээд, шинэ бүтээл худалдан авахад нь  зориулж өгдөг байна. Энэ мөнгийг зөвхөн музейн сан хөмрөгийг  шинэ үзмэрээр баяжуулахад зарцуулдаг гэнэ. Байгаагаа хайрлаж хамгаалахад жилд ядахдаа 50 мянган төгрөг зарцуулдаг бол сүүлийн арван жилд урлагийн нэлээд бүтээлийг сэргээн, хэвийн байдалд оруулж   болох байжээ.

“Дүншингийн 35” хэмээх  дэлхийд өөр хаана ч үгүй торгон зургийг сэргээхэд ердөө л арван мянган төгрөг орох юм байна. Зөвхөн уран бүтээлийн зардалд жил бүр өгдөг 250000 төгрөгөөс  10 мянга  нь шүү дээ. Гэтэл 12 жил өнгөрөөд байна. Нэг төгрөг ч зориулсангүй.

Ерөнхий нягтлан бодогч  Ц.Бүүвэйбаатартай уулзахад: -Үзмэр сэргээн засварлах, эрэл хайгуул, шинэ үзмэр худалдаж авах, үзмэрээ сурталчлах ажилд бид дээрх мөнгийг зарцуулдаг гэв.

“Буддагийн 12 зохионгуй” хэмээх шилдэг зураг, галаас аврах үеэр усанд цохиулсан нь одоо болтол засагдаагүй байна. “Махгал” хэмээх торгон зураг сэргээн засварлалт хэзээ ч авахгүй учир актална гэж музейнхэн ярьж байв. Нэгэн цагт бид музейнхээ бүх бүтээлийг “акталж” мэдэхээр байна.

Музейнүүдэд гал, ус, хулгайн аюул заналхийлсэн хэвээр бөгөөд 1976 онд Дүрслэх урлагийн музейд тохиолдсон бузар явдал давтагдахгүй гэх баталгаа алга. Галаас хамгаалах дохионы систем бүгдэд тавьсан. Гэтэл Хааны ордон музейнх ерөөсөө ажилладаггүй. Төв музейнх заримдаа ажиллаж, заримдаа саатдаг. Сүм музейнхэн дохионы систем нь ажиллагаатай эсэхийг мэдэхгүй, 1987 оноос хойш ер шалгаагүй ажээ. Ажилладаг, ажилладаггүй галын дохионы системтэй гэвч, хулгайгаас сэргийлэх дохионы систем алга.

Хамгаалж, урьдчилан сэргийлэхийн оронд дохионы систем тавьсан төдийгөөр сэтгэл амарч музейнхэнд найдан суугаа галын аюулаас хамгаалах газрын  нөхөд ч нойроос сэрж, хариуцлагаа өндөржүүлэх цаг болжээ. Галаас гадна, усны аюул ч бий. Сүм музейн дээвэр нэвтрэн  дусаал гоожиж таазны чимэглэлийн зураг баларч арилж мэдэгдэхгүй болжээ. Борооны ус нэвтэрч, норж урагдаж, үрчийсэн зургуудыг дахин сэргээнэ гэхэд нэн бэрх, бараг бүтэшгүй зүйл. Цонхоор нь салхи сэнгэнэж үзэхээр ирсэн хүмүүс хэдхэн минут болоод л даарч, төдөлгүй явахын түүс болно.

Сүм музейд 1986 онд хулгай орсон жигшүүрт явдлын тухай “Үнэн” сонин шүүмжилсэн. Тийм адал явдал давтагдахгүй гэх баталгаа одоо бас л алга.

Урлагийн бүтээлүүд алдагдаж, ухвар мөчид хүмүүс эвдэж сүйтгэх буюу бүрмөсөн  үгүй хийх, гал, ус, шороо тоосонд идэгдэх зэргээр ард түмний оюуны сан хөмрөгт нөхөшгүй гарз гарч байгааг хэн хариуцах вэ? Харгалзагч, үйлчлэгч, гэрээт харуул манаа ажилладаг, эдгээр нь туйлын хангалтгүй, гэрээт харуул нь сонсоход сүртэй болохоос хэрэг дээрээ жирийн манаанаас төдий л үл ялгарна.

 

 

Торгон зургаар тоглож байна

Манай ард түмнээс, дэлхийн урлагийн эрдэнэсийн санд оруулсан үнэт хувь нэмэр бол торгон зураг юм. Зарим нь зээгт наамал гэдэг. Музейн тайлбарлагчид бол гадны хүмүүст “апликация” гэж орчуулдаг байна. Энэ нь үнэхээр өрөвдөлтэй, “апликация” гэдэг нь цэцэрлэгийн хүүхдүүд өнгийн цаасаар хийсэн наамлыг л нэрлэж болохын дайтай зүйл билээ. Зээгт наамал гэвэл гар урлалын бүтээл болно. Гэтэл дээрх туурвилууд нь урлагийн дахин давтагдашгүй бүтээлүүд бөгөөд, тэдгээрийг “торгон зураг” буюу “шелковая живопись” гэвэл сая мөн чанар нь илрэх юм.

Урлагийн эрдэнэт нандин бүтээл торгон зургийг “апликация” гээд зогсож буйг нь харсан гадныхан биднийг гайхах биз.

Дүрслэх урлаг, Хааны ордон музейд байгаа торгон зургууд эдүгээ сүйрэх замдаа нэгэнт орж үргэлж ил байдаг учир тоос дарж, нарны гэрэлд гандаж, торго нь сэмэрч, хүнд дог доош татан, урагдаж, оёдол нь тавигдаж, нэг үгээр хэлбэл аажмаар “үхэж” байна.

Хүнд догийг нь хөнгөнөөр сольж, гэрлээс хамгаалдаг тусгай шил худалдан авч, тэдгээр бүтээлийг аварч болмоор санагдана.

Дүрслэх урлагийн музейд буй торгон зургуудыг юм үзэж, нүд тайлсан гадаадынхан үнэн сэтгэлээсээ бишрэн магтаж монгол хүн урлах чадвараар төгс төгөлдөр болохыг талархан шагшдаг боловч дахин давтагдашгүй ийм бүтээлүүд одоо олон жилийн насгүй болжээ. Торгон зураг мэтийг тордох,  тоос шороо, чийг, хорхой шавьжнаас хамгаалах алба манайд алга.

                                   Танка зургийн тавилан

 

Өнөөдөр дэлхийн бүх шилдэг музейнүүд гэрэлтүүлэг, агааржуулалтыг нарийн чанд зохицуулж, нэг хэвийн дулаантай нөхцөлд үзмэрээ хадгалж байдаг. Энэ нь манай музейнүүдэд зөвхөн “мөрөөдөж” болох өнө холын зүйл ажээ. Хааны ордон музей, сүм музейд буй бүх бүтээл өвөлд “хүйтэн тамд”, зунд “халуун тамд” тарчилж, хэврэгшин муудсаар байгаагийн дотор танка хэмээх хуйлмал уран зургуудын хувь заяа бүр ч хэцүүдэж байна. Энэ нь Түвдэд бага зэрэг дэлгэрч байсныг эс тооцвол дэлхийд Монголоос өөр хаа ч үгүй бүтээлүүд юм. Тэдгээрийн үнэ цэнийг гагцхүү Рембрандт, Рублёвын хэмжээнд эн тэнцэх урлагийн суут бүтээлүүд гэж хол ойроос ирсэн жуулчид, эрдэмтэд, зохиолчид шагширдаг билээ. Эдүгээ тоосонд дарагдаж, хөлдөж, цан хүүрэг болсон эдгээр бүтээлийг мөн л гялгар цаасаар хамгаалах туйлын бүдүүлэг арга хэрэглэсэн нь “нуухыг авах гээд нүдийг нь сохлох” гэгч болжээ.

Шороон будгийн зургийг чийг татдаг гялгар цаасаар бүрэх аргыг хэн санаачилсан юм бол? Өвөл тогтсон цан, урин дулаан орохоор ууршиж, чийг татна. Эрдэнэ мэт зургууд тиймэрхүү залхаалт олон жил үзэж, чанар нь муудсаар одоо авах юмгүй болж байхад хэн ч сэтгэл өвдөхгүй хараад сууж болох юм уу?

Дүрслэх урлагийн музейд тавьсан XVIII-XIX зууны нэрт мастеруудын танка зураг, торгон зураг бүхий их танхимд Гэндэндамбын /1865-1935/ “Бэгзэ Дармапала” хэмээх бүтээлийн доод талын оёдол нь ханзарч, будаг нь баларч эхлээд хүмүүс хуруугаар байнга хүрснээс цоорсон үзэгдэнэ. Гэтэл “Бэгзэ Дармапала” нь тус музейн сонгодог гол бүтээлийн нэг юм.

“Нууц Хаянхирваа” хэмээх шилдэг бүтээлийн өнгө нь цайрч бараг цагаан болжээ гэхэд хилсдэхгүй, оёдлын захыг сөхөж үзвэл жинхэнэ өнгө нь тод улаан байсан нь мэдэгдэнэ.

                                    Дүрслэх урлагийн музейн дүр төрх

Дүрслэх урлагийн музейд зураасан болон монгол зураг, баримал, хөөмөл холилдон эмх замбараагаа алдаж, сэдэв төрлөөр нь огт ангилаагүй, мөн зураачдыг цаг үеэр нь эс ялгаснаас манай шилдэг зураачдын бүтээлүүд “эхлэн бичигчидтэйгээ” нэг эгнээнд байх юм.

Үзмэрийн танхимуудаар явж байхад музейн үзмэрийг зохион байгуулагчид жинхэнэ  мэргэжлийн урлагийн бүтээлийг  хэрэглээний гар урлалаас ялгахаа больсныг үзэхэд харамсалтай.

“Нэгдэл” гэдэг барагтайхан зургийг жаазаар нь өөд татах гээд ч нэмэр болсонгүй. Гэтэл энэ зургийг 1987 онд улсад худалдан авсан гэнэ.

Соёлын яам, музей удирдах газрын үзмэр худалдан авах комисс чухам ямар хэмжээний соёл, боловсролтой хүмүүсээс бүрддэгийг анхаарууштай болжээ. Зарим бүтээлийг сэдвийн   чухал гэдгээр хаацайлдаг биз. Гэвч уран сайхны бүтээлийг сэдвээр дулдуйдан чанар, урлагийн түвшинг эс харгалзан авах нь улсыг хуурч буй хэрэг мөн.

Музейн фонд гэгчид нь урлагийн бүтээлүүд сүйрч байна. Фонд хэрэг дээрээ эд барааны агуулахаас ч дор болжээ. Дүрслэх урлагийн музей 7 фондтой, мэргэжлийн хүн, эрдэм шинжилгээний ажилтан нэг ч үгүй. Гэтэл 1966 онд байгуулагдахдаа эрдэм шинжилгээний ажилтан, зураач, барималчтай байжээ.

Дэлхийн томоохон музейн фонд бүхэн өөртөө лабораторитой, засах, сэлбэх, сэргээх ажлыг зэрэг хийж байдаг. Дүрслэх урлагийн музейн фондод XIX зуунд бүтээсэн арав гаруй метр өндөртэй дөрвөн том торгон зураг хадгалагдаж байна. Гэтэл одоо болтол тэр нь хөдөлмөрчдийн хүртээл болж чадахгүй байгаа нь нэг талаас байрных, нөгөө талаас хариуцлага  санаачилга дутсаных юм.

“Энэ зураг дэлхийд байхгүй ховор нандин бүтээлүүд” гэж фондын эрхлэгч М.Хайдав ярьсан. Арга барахдаа энэ жил хоёрыг нь  салхи үзүүлэн сэврээж, хорхой шавьжаас хамгаалахын тулд улаан тамхи хийсэн байна. Шинжлэх ухааны үндэсгүй иймэрхүү бүдүүлэг аргаар аврах бус хөнөөж байна. Улаан тамхи чийг татна. Чийг авсан материал яах билээ?

“Фондод хөл тавих зайгүй, нэг үзэсгэлэн ирвэл бид бусад юмаа коридорт гаргаж тавьдаг. Фондод орохын ч аргагүй. Бүх юм тоос шороондоо дарагдсан, ядахдаа цэвэрлэгч өгдөггүй” гэж тасгийн дарга Д.Санжаа ярилаа. Урлагийн эрхэм нандин бүтээлүүдийг бие биетэй нь давхарлан хурааж гэмтээж, тоос, хүйтэн, халууны хямралд өртүүлснээ бусдын анхаарал, хараанаас далдлах гэсэн юм шиг “Музей удирдах газрын даргын зөвшөөрөлгүйгээр фондод ямар ч хүн ордоггүй” гээд, хэрэг дээрээ олон арван саяар үнэлэгдэх ард түмний баялгийг улс, олон нийтийн оюуны хэрэгцээ хяналтаас бүрэн  тусгаарласан байна.

Дэлхийн музейнүүд усан будаг, гуашаар зурсан бүтээлүүдийг үзмэрт зургаан сараас илүү хугацаагаар тавьдаггүй, хуулбарыг нь гаргаж, эх бүтээлийг тусгайлан хадгалдаг юм. Гэтэл манайд гуашаар зурсан бүтээлүүд зургаан сар  байтугай арван жилээр ил байж, агаар, гэрэл тохироогүй байранд “эцсээ хүлээж” байна.

Өнөөдөр дэлхийн бүх томоохон музейн захирлаар тухайн мэргэжил, шинжлэх ухааны доктор, профессор хүмүүс, фондын эрхлэгчид нь дор хаяхад дэд эрдэмтэд ажиллан, фондуудаа эрдэм шинжилгээний лаборатори болгосон байдаг.

Гэтэл манай зарим чухал музейн эрхлэгч дээд боловсрол ч үгүй хүмүүс байна. Дүрслэх урлагийн музейн гурван тайлбарлагчийн нэг нь урлаг судлагч, хоёр нь мэргэжлийн бус, Хааны ордон музейн тайлбарлагчийн нэг нь багш, нөгөө нь сүүний технологич, сүм музейн тайлбарлагч нь хоёулаа багшийн мэргэжилтэй. Музейгээ тайлбарлаж, сурталчилж гадуур явж лекц уншдаг хүн нэг ч үгүй. Орлогоор хөөцөлдөхийг гол болгоод, үнэн хэрэгтээ хүн амыг соёлоор үйлчлэх асуудлыг ийнхүү ноцтой сулруулдаг байна. Музей удирдах газрын хэмжээнд орлого хөөцөлдөх нь дээд цэгтээ хүрч ард түмнийг гэгээрүүлэх, эх орныхоо түүх, соёл, ахмад үеийн туулж ирсэн замнал, баатарлаг дайчин уламжлалаар хүмүүжүүлэх нь хоёрдугаар зэргийн ажил болжээ.

Музейг тойруулан зохиох ажил бүрмөсөн орхигдсоноос, үзэгчид, орлогын төлөвлөгөө муу биелдэг, урлагийн музей гэхэд нэг ч бүтээлийн слайд үгүй, аппарат ч алга.

ЗХУ, социалист бусад орнууд музей сурталчилгааны ажил сайн хийдэг учир хүмүүс их сонирхож, музейн үүдэнд ямарч өдөр уртын урт цуваа үргэлжилж байдаг бол манайд үйлчлэгч, цэвэрлэгч, слесарь, манаач нар нь билетээ борлуулахын тулд энд тэнд хэсч музей үзэхийг хэн хүнээс гуйж явдаг байна.

Тэд голдуу сургуулиудаар явна. Багш нартай нь ярьж, хүүхдүүд ч бөөн бөөнөөрөө очиж үзэх болдог. Гэтэл мөнгийг нь урьдчилан авсан атлаа, музей үзэхээр ирэхэд нь “хог шороо болгочихлоо, хурдан тойруулаад гаргачих” гэж тэднийг тээршээдэг. Музейн сурталчилгаа ийм л байна. Цөөн хүн очиход музейн тайлбарлагчид үл хөдөлнө. Музей үзэгчид зарим бүтээлийн нарийн учрыг сайн мэдэж чадалгүй өнгөц харсан болоод буцна.

         Сүм музей сүйрэх үү?

  XX зууны эхэн үеийн уран барилгын гайхамшигт цогцолбор энэ сүмийг тухайн үеийн барилга архитектурын хамгийн шилдэг хэв загвар, дорно дахины хэлбэр маяг, монгол үндэсний өвөрмөц онцлогийг тусган, асар цамхаг бүхий дөрвөн том хаалга, том жижиг дөрвөн сүмээс бүрдэл болсон нарийн уран хийц загвараар бүтээжээ.

Үндэсний хээ угалз, үлгэр домгийн сэдэвтэй зураг, өнгө будгийн зохицоог нарийн тааруулж, зүмбэрлэж, алтдаж хийсэн уран барилга, зураг баримлын суут хослол сүм музейн үзмэрт XX зууны эхэн үеийн Монголын нэрт уран барималч Пунцаг-Осорын долоон мянган дан улаан шүр шигтгэж, алтаар чимж хийсэн гуч гаруй кг-ын жинтэй шүрэн баг, уран сийлбэрч Балган, Сүрэн нарын хийсэн үлгэр домгийн сэдэвтэй томхон цогцолбор модон сийлбэрүүд, Занабазарын бүтээл зэрэг манай шилдэг урчуудын оюун билиг, авьяас хүчээрээ он оны турш бүтээсэн алт, мөнгө, өнгөт металл, үнэт чулуу, хүрэл цутгамал, хөөмөл, цаасан шуумал, шавар баримал, торго  магнагаар хийсэн оёмол, наамал, хатгамал, торгон зураг, өнгөт болон зураасан дардас, нагтан зураг зэрэг Монголын уламжлалт дүрслэх урлагийн бүх төрлийг хамарсан урлаг, соёл, түүхийн үнэт эрдэнэсийн дээжис, хамгийн ховор нандин зүйлийн цуглуулга энд байдгийг  нийтээр мэднэ.

Олон арван сая төгрөгийн үнэ цэнтэй ийм бүтээлүүд одоо ямар хувь тавилантай байна?

Сүмийн тулгуур багана ялзарч, хагарч, өөдөөс хүйтэн жавар сэнгэнэн, модон шал нь чахран хотолздог энэ музейд цаасан шуумлууд нь тас хөлдөж, гол сүмд байгаа  Жамсрангийн зүүн гарын чигчий хуруу хугарч санжиганан, баруун гарын эрхий хуруу, долоовор нь хуурчээ.

Чулуун барын 16 Найдан үрчийж хорчийн хатсан шир шиг болоод, дөрөв, долоо, найм дахь зураг жаазнаас мултарч мөхлийн ирмэгт иржээ. Шатгүй учир дээд талын зургуудын тоосыг авч чаддаггүй гэнэ. Нэлдээ хуучирч, өнгө зүс алдаж, будаг шунх нь муудаж, ихэнх нь халцарчээ. Эдгээр сүмд ороход эзэнгүй айл шиг санагдана.

1960-аад онд засвар хийсэн гэх зуугийн сүмд буй баримлуудыг тосон будаг, боронз сэлтээр будаж, өнгөлснийг харахад “Зэрлэг зураач умтгай бийрээр, сод бүтээлийг гутаажээ...” гэсэн А.С.Пушкины шүлгийн мөрүүд бодогдоно.

Урлагийн шилдэг бүтээл, танка зургуудыг /XIX зууны үеийн/ Ядамын сүмийн хаалганы дотор талд цавуугаар наасан нь урлагийн бүтээлд мунхаг сохроор ханддаг балар цээжтэй хүмүүс л ингэх байхаа гэж бодогдоно. Мөнөөхөн зургууд дороосоо урагдаж, тоос шороонд дарагдаж, бас тэгээд дансны нь дугаарыг  хаалганы модон дээр тосон будгаар сарайлган бичжээ. Энэ хоёр зураг  борооны ус нэг л нэвтрэхэд эсхүл сахилгагүй хүүхэд нэг самардахад дуусахаар байна.

Соёлын үнэт өвийг сэтгүүлийн зураг шиг хаалгандаа цавуугаар наадаг тийм музей манайхаас өөр хаана ч байхгүй биз. Занабазарын бүтээлүүд хадгалагддаг сүм дөрвөн зүгээсээ хагарч, салхи үлээж, ингэмэл баримлууд нь гэмтэж эхэлжээ. Дусаал ч гоождог гэнэ. Хаалганы хажуугаар хуруу ором зайтай, түүгээр нь гадагш шагайхад бүх юм харагдаж гаднаас дотогш шагайхад бас бүх юм үзэгдэнэ. Дээврийн шавар, вааран чимэглэл нь салхи хөдлөхөд нурж унасан гэж музейн ажилчид ярив.

Сүм музейд байгаа Доржсэмбэ, Аюуш хэмээх сонгодог бүтээлүүд ямар ч хорго хамгаалалтгүй ил байна. Мөн цаасан шуумлууд хүйтэнд хагарч гэмтэхээс бус дулаанд гайгүй гэж мэргэжлийн хүмүүс ярьж байхад музейнхэн, хүйтэн байхгүй бол баримлууд муудна гэж тэс зөрж байх юм.

“Болоод ирсэн, болох л байлгүй” гэнэ  

  Хааны ордон музей дэх гуутай бурхдыг шиллэсэн нь өнгөц харахад аюулгүй мэт боловч үнэн хэрэгтээ нүд хуурсан хэрэг гэж зураачид ярьж байна. Шил, зураг хоёр нь тусгаарлагчгүй болохоор хоорондоо наалдаж хожим салгах гэвэл гэмтэж болзошгүй гэж болгоомжилж байна. Ямандаг, Махагала, Шири Дэви, Базарваань, Бэгзэ Дармабал зэрэг шилдэг бүтээл хамгаалалтгүй, тоосонд дарагдаж, гандаж гунджээ. Хар, улаан дэвсгэртэй нагтан, магтан зургууд бол Европт байтугай дорно дахинд үгүй. Түвдэд бага зэрэг дэлгэрсэн, зөвхөн Монголд хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн дүрслэх урлагийн сонгодог төрөл юм. Гэтэл тийм бүтээлүүд хөлдөж, будаг нь бүдгэрэн муудаж байхад музейн удирдлага санаа зовохын оронд өөрсдийгөө өмгөөлж, сурвалжлахаар очсон хүмүүсийг “Хэн тэднийг оруул” гэсэн юм бэ гэж загнаж байлаа. Музейг хэн ч үзэх эрхтэй, үзсэн хүн үзмэрийн нь төлөө санаа зовж, гэмтэж байгаа тохиолдолд иргэний үүргээ биелүүлэн, зохих шаардлага тавих ёстой.

Хааны өвлийн ордны барилга ч ихээхэн муудаж, дотор нь ороход шал нь ёолох мэт чахран доргиж, бүх үзмэр нь харжигнан дуугарна. Тасалгааны температур энд хэт халуун учир ангийн үсээр хийсэн эдлэл, амьтдын цуглуулга хөөрхийлөлтэй болж, сармагчингийн цуглуулга бүр муудаж, ноолуур нь унаж, чихмэл арслан, анаашны арьс энд тэндээсээ язарч, удахгүй үзмэрээс бүрмөсөн хасагдах төлөвтэй байна. Музейнхэн орлогоо л бодохоос музейн үзмэрийг эс боддог аж. Үзмэргүй бол сүүлдээ юугаа үзүүлж орлого олох юм бол доо.

150 ирвэсийн арьс зоолж хийсэн тугдам гадаад, дотоодын үзэгчдийн сонирхол их татдаг. Тоос, хүний амьсгал, чийг зэргээс болж ирвэсийн арьс одоо ихэд мууджээ. Хоёр жилийн өмнө нэг удаа гаргаж сэргээсэн гэнэ. Уг нь жилд хоёроос доошгүй гаргаж, хоёр өдрөөс доошгүй агаарт байлгаж, салхиар тоосыг нь гөвөх хэрэгтэй гэнэ. Музейд хулгана үүрлэх бас   нэг аюул бий болжээ.

     

                                   Эрдэнэзуугийн эмгэнэлт явдал

Өнгөрсөн намар Монголын утга зохиол орчуулагчдын олон улсын уулзалтад оролцогчид манай эртний уран барилга, соёлын эрхэм дурсгал Эрдэнэзууг үзэхээр очоод тийм гайхамшгийг бүтээсэн Монголын ард түмэнд баярлахын сацуу, ийм муу хадгалалт хамгаалалттай байгаад харамсч байв. Унгарын нэрт монголч эрдэмтэн Кара Дьёр “Дэлхийд Занабазар хэмээх сод хүүг төрүүлж өгсөн Ханджамц эхийн шарил дээрх суварганы хамгаалалт даанч муу байгааг толгой сэгсэрч “Та нар харамсах цаг ирнэ ээ” гэж хэлсэн.

1585 онд Автай сайн хааны байгуулсан Эрдэнэзуу хийд дээр нэмж Цамба, Аюушийн сүмийг 1674 онд Зая бандид Лувсанпэрэнлэй бүтээжээ. Эрдэнэзуугийн хашааны хаалгаар ороход баруун зүүн талд бий гурав гурван хаалгатай хоёр сүмийн хананд уран сайхны зураг зурсан нь эдүгээ ихэд муудаж реставрац шаардсаар...  Ер нь цаашдаа Монголын сүм дуганын ханын зураг чимэглэлийг яах юм бэ?  Ингээд үрэгдэх үү?  Бурхан сэргээвэл буруутна гэж айгаад зөвхөн гадна талыг нь нүд хууран хөнгөн засдаг, дотор талыг нь орхидог хуучин сэтгэлгээг өөрчлөх болсон юм биш үү?

XXI зуунд бид түүх соёлын дурсгалаа яаж уламжлуулах вэ? Үүнд хариу өгөх, тодорхой арга хэмжээ авах цаг болжээ. Ноён уулын Хүннүгийн булшнаас олдсон ширмэл ширдэг ЗХУ-ын алдарт Эрмитажид бий. Америкийн Бостоны музейд IX зууны Уйгарын үед хамаарагдах торгон дээр зурсан язгууртны хөрөг Төв азийн урлагийг төлөөлж явдаг юм. Мөн VIII зууны Түрэгийн үед хамаарагдах “Хөгжимчид” гэдэг торгон дээр зурсан зураг Бостоны музейд байдаг. Уйгарын үеийн буддын сүм хийдийн хана туурганы зураг Энэтхэгийн шинэ Дели хотын үндэсний галерейг чимэглэдэг юм. /Манайд зөвхөн хуулбар нь буй/

Дэлхий нийтээр манай эртний урлагийг ингэж өндөр үнэлж,  хүн төрөлхтөний соёлын үнэт өв гэж нандигнаж байхад бид өөрсдөө Монголын ард түмний олон үеийнхний бүтээж хуримтлуулсан оюуны эрхэм дээжист ингэж хүйтэн сэтгэл гаргасаар байх уу? Эрдэнэзууг сэргээн засварлаж байсан зарим хүн өөрсдөө тэр үнэт зүйлээс нь хулгайлсан ноцтой хэрэг ч өнгөрөгч намар гарлаа.

Хөнөөлт байдлынхаа бурууг дээш нь хийсгэж нам, засгаас олигтой анхаарч харахгүй, хөрөнгө мөнгө, хүч чадал хүрэхгүй, асуудал тавихад дээд байгууллага ойшоохгүй байгаа мэтээр музейнхэн ярьж байв. Гэтэл 1970 онд БНМАУ-ын Соёлын дурсгалт зүйлийг хамгаалах хууль, 1974 онд “Хөшөө дурсгалын зүйлийг хамгаалах, сэргээх асуудал эрхэлсэн комиссын тухай”,  1978 онд “Хархорин, Эрдэнзуугийн талаар авах арга хэмжээний тухай” МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тогтоол, 1971 онд “БНМАУ-ын соёлын дурсгалт зүйлийг хамгаалах хуулийг биелүүлэх заавар батлах тухай”, мөн онд “Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах арга хэмжээний тухай” Сайд нарын зөвлөлийн тогтоол гарчээ.

1979 онд “Музейн үзмэр, сан хөмрөгийн тооллого явуулах тухай” Сайд нарын зөвлөлийн тогтоол, 1975 онд “Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах ажлыг хүчтэй болгох тухай”, 1977 онд “Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах ажлыг цаашид сайжруулах тухай”, 1980 онд “Музей түүх, соёлын хөшөө дурсгалыг түшиглүүлэн зохиох ажлыг сайжруулах тухай” Сайд нарын зөвлөлийн албан даалгавар, 1983 онд “Түүх, соёлын дурсгалт ховор нандин, үнэт эрдэнийн зүйлийг хадгалах, хамгаалах ашиглалтад тавих хяналтыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тогтоол зэрэг нийтдээ арав гаруй хууль тогтоол, албан даалгавар гарчээ. Тогтоол шийдвэр цөөдсөнгүй. Харин түүнийг хэрэгжүүлэх хүн л дутаж байна.

Гал, усны аюулаас дутуугүй “Хариуцлагагүйн аюул”-ыг юугаар ч халхалж болохгүй юм. Музейн тухайд нам, засгаас авсан арга хэмжээ, гаргасан хөрөнгө мөнгө чамлахааргүй бөгөөд  харин тэдгээр шийдвэрийг биелүүлдэггүй, хөрөнгө мөнгийг үрэн таран хийдэг, соёлын үнэт өвийг аажмаар  хөнөөдөг этгээдүүдийг хууль, хяналтын байгууллагууд нүдээ анин өөгшүүлсээр иржээ гэхээс өөр тайлбар олдохгүй байна. Мөнгө идсэн хүн шийтгүүлдэг бол мөнгөнөөс үнэтэй соёлын дурсгалт зүйл сүйтгэгчид гэм зэмгүй байж болох уу?

“Монголыг үзэхгүйгээр үхэж болохгүй” гэж Францын коммунистуудын төв хэвлэл “Юманите” сонины ерөнхий захирлын хэлснийг саяхан “Үнэн” сониноос бид уншсан. Монголын  ард түмний олон зууны турш бүтээсэн соёлын их өв, өнөөгийн хөгжил цэцэглэлтийг дэлхий нийт хэрхэн үнэлдгийн жишээ энэ юм. “Газрын хөрсөн дор, газар дээрээ ийм олон янзын соёл боловсролын арвин дурсгалтай орон бараг байхгүй байх аа” гэж Монголын тухай нэрт эрдэмтэн П.К.Козлов бичсэнийг дэлхий дахин мэднэ. Эх орныг маань үзэхээр гадаадын аялан жуулчлагчид мянга мянгаараа ирж, жил бүр тоо нь нэмэгдсээр. Ирсэн бүхний нүдийг хужирладаг гол хэдэн музейг бид яагаад гаргуунд гаргах ёстой билээ.

Ард түмний маань олон зууны түүх соёл, гаднаас ирэгсэдийн хувьд музейгээс эхэлнэ. Бид ямаршуу соёлтой, урлагт хэрхэн ханддаг улс болохоо музейгээрээ л харуулна. Аль ч ард түмэн хүн төрөлхтөний салшгүй хэсэг юм. Монголчуудын оюуны эрдэнэсийн сан нь дэлхий нийтийн соёлын алтан сангийн хэсэг юм. Бид түүнийг XXI зууны хэдхэн жилд үрэн таран хийчихээд урган гарах зууны ач гуч нартаа юу бодож золгох юм бэ?

                                 Эрдэм шинжилгээний ажил хоцрогджээ

      Манай улсад үндэсний музей байгуулагдаад 60 гаруй жил өнгөрсөн боловч одоо болтол олон улсын музейн холбоонд /ИКОМ/ элсээгүй байна.

Манай үнэт бүтээлүүд хүн төрөлхтөний анхааралд өртөж, улс орнуудад сурталчлагдан, түүгээр ч барахгүй гол бүтээлүүд нь ИКОМ-ын бүртгэлд  багтаж, олон улсын баталгаатай, эрхтэй болох ёстой. Хэрэв тэгсэн бол өнөөдрийн энэ гунигт явдал гарахгүйсэн. Зарим үнэт бүтээлээ сэргээн засварлах ажил ч өөр түвшинд байхсан. Бид “Джоконда-г эх орондоо урьж авчран, “Сияаматара”-г хариуд нь илгээж, сонгодог бүтээлүүдээ харилцан солилцож болохсон. Өнгөрсөн жил Улаанбаатарт манай хөдөлмөрчид Италийн сонгодог зургийн үзэсгэлэнг үзсэн. Гэвч тэр нь хуулбар бөгөөд зүйрлэвээс жинхэнэ цэцэг бус дуураймал цэцэг юм. Музейнүүдэд  өнөөг болтол мэргэжлийн ажилтан нэг ч алга. Урлаг судлагч ганц нэг хүн бий боловч “Би яг музейн мэргэжилтэн бус, ийм тийм” гэж өөрсдөөсөө зайлуулдаг. Зөвхөн дүрслэх урлагийн музей гэхэд л 10000 гаруй үзмэртэйгээс эрдэм шинжилгээний тодорхойлолт арван хувьд нь алга. Гэтэл уран зураг, урлаг соёлын үнэт зүйлсийг эрдэм шинжилгээний тодорхойлолт, тодотгол, үнэлэлт, дүгнэлтгүйгээр нэг ч музей үзмэртээ тавьдаггүй дэлхий нийтийн мөрддөг хэв журам бий! Энэ нь манайд зөрчигдөж хэвийн үзэгдэл болсонд санаа зовох хүн алга. Зүй нь музейн үзмэр бүхэн хувийн паспорт, намтар, түүхтэй, он дарааллын тэмдэглэлтэй байх ёстой.

Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэн чимэглэлийн танхим уран сайхны удирдагч, урлаг судлагч, урлаг судлаач-тайлбарлагч, зураач, чимэглэгч, эрдэм шинжилгээний ажилтан гэсэн бүрэн хэмжээний орон тоотой, мэргэжлийн хүмүүстэй байхад, Дүрслэх урлагийн музейд тийм орон тоо алга. Тус музейн тасгийн дарга Санжаа төлөвлөгөө биелүүлэх, үзэгчид зохион байгуулж музей үзүүлэх үүрэгтэй гэнэ. Гэтэл заал зохион байгуулагч нь үзэгчид орлогын төлөвлөгөө хариуцсан хүн байх юм.

Музей удирдах газрын эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн орлогч дарга Ө.Бүрнээтэй уулзахад “Би мэдэхгүй, та даргатай л уулз” гэж суулаа.

Урлагийн бүтээлүүд сүйдэж байхад тэрбээр ажигч үгүй зориулалтын алба хааж цалин авсаар л явна. Боловсон хүчнээ анхааралгүй, мэргэжлийн хүмүүс бэлтгээгүйн улмаас хүнд байдалд оржээ. Музей байгуулагдсан цагаас хойших бүхий л хугацаанд урлагийн бүтээл сэргээн засварлах чиглэлээр Польшид ганц хүн сургууль төгсч ирээд зураг чимэглэлийн ажил хийсээр, өөрийн олсон мэргэжлээсээ бүрэн хөндийрсөөр дөнгөж саяхнаас сэргээн засварлах ажлаа эхэлж, ганц хоёр бүтээл засч байна. Гэтэл МУЭ-ийн хороо, Соёлын яамны нэр дээр жил бүр өдий төдий хүн уран зургийн сургуульд явдаг хэрнээ, урлагийн үнэт бүтээлийг сэргээн засварлах чиглэлээр, мөн музейн мэргэжлээр яагаад мэргэжлийн боловсон хүчин бэлдсэнгүй вэ?

Сэргээн засварлахыг хүлээсэн уран барилга, уран бүтээл өдий төдий байна. Хааны ордон музейн сүмийн гадаад талын чимэг, зураг, зүмбэрүүд муудаж, будаг нь ховхорсныг цагаатгах гэж оролдохдоо “Будгийнх нь химийн найрлагыг мэддэггүй юм. Иймээс сэргээх боломжгүй” гэж байв. Гэтэл өнөөгийн ах дүү аль ч оронд илгээж химийн найрлагыг тодруулж болох шүү дээ. Тэгээд ч сэргээн засварлах ажилд их мөнгө орох учир  саатаж байгаа гэхэд хэвийн байдалд нь хадгалах, дахин муутгахгүй хамгаалах ажлыг хямд төсөр үнээр хийж болох л ёстой.

Музейн удирдах газрын эрдэм шинжилгээ, арга зүйн хэлтэс гурван ажилтан, нэг даргатай боловч, тэдэнд улсаас найдаж оноосон үүрэг, өгч байгаа цалинг ямар нүүрээрээ эдэлж байдаг юм бэ?

Саяхан сургууль төгсч ирээд ажилд орсон, урлаг судлагч Д.Алтаннавч “Бүтэц зохион байгуулалт маш муу байна. Ажиллах ямар ч сонирхол алга. Мэргэжлийн ажлаа хийж чаддаггүй. Аар саархан юманд зарагдаж, дарга нарыг хий гэснийг л гүйцэтгэдэг. Үнэндээ би энд юу хийхээ ч мэдэхгүй байна. Зааж сургах ч хүн алга. Цэнджав гуай хөдөө явахдаа ажлаа надад утсаар түр хүлээлгэж өгсөн” гэж ярилаа.

Төв музей, Хувьсгалын музей эрдэм шинжилгээний ажилтантай байхад үндэсний урлагийн гурван музейд яагаад алга байна вэ? Дүрслэх урлагийн музейн доорх хонгилд хадгалагдаж буй зургуудыг яах вэ? Одоо болтол урлагийн үнэт бүтээлд тогтсон үнэ үгүй, комисс үзэмжээрээ үнэлж авдгийг яах вэ? Өөр аль ч улс оронд байхгүй, нүүдэлчин ардын минь бүтээсэн өв их эрдэнийг сүйрлээс хэн яаж аврах вэ? Энэ мэт олон яах вэ? Бидний өмнө тулгараад байна.

Ард түмний соёлын өв, их эрдэнэд ийнхүү хүйтэн сэтгэлээр хандаж, мөнхийн суут бүтээлүүдийг мөхлийн ирмэгт авчирсан гэм бурууг ганцхан Соёлын яам, түүний музей удирдах газар, Монголын урчуудын эвлэлийн хороо хүлээх төдийгөөр өнгөрч болохгүй байхаа. Дээрх яам, газар, эвлэл холбоод сайндаа л сайд дарга нараа донгодоод, торгоод эсвэл ажлаас өөрчлөөд өнгөрнө биз. Бараг тэгэж сураа ч үгүй юм. Гэтэл ард түмний маань олон үеийнхний давтагдашгүй уран зураг, баримал, зутгамал, оёмол, хатгамал, хаач байхгүй өвөрмөц нандин бүтээлийг хэн нөхөж хийж өгөх вэ? Ингээд бодоход манайд хууль бол заримдаа цаасан дээр үлдэж байна. Тийм биш бол БНМАУ-ын Соёлын дурсгалт зүйлийг хамгаалах хууль зөрчин хөсөрдүүлэгчид ингэж цагаандаа гарахгүйсэн дээ.

“Үнэн” сонин 1988 №26

 

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах