Цэс Close

Нийслэлийн зам, талбайн халтиргаа гулгаанд ашиглаж буй тусгай зориулалтын бодисоос үүдэлтэй авлигын эрсдэлийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс авто замын салбарт авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, авлигын шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, таслан зогсоох, төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүдэд түргэн шуурхай, ил тод, аюулгүй хүргэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах зорилгоор “Нийтийн эзэмшлийн зам талбайд ашиглагдаж буй тусгай зориулалтын бодис, асуудал шийдэл: Авлигын эрсдэл, хор уршиг, хүний эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн 7 дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэл, дүүргийн тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, МУИС-ийн Химийн тэнхим, Хотын стандарт, хяналтын газар, “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ, “Онч шийдэл” ТББ хууль зүйн фирм, Гаалийн төв лаборатори зэрэг байгууллага, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ, Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Экологийн химийн лабораторийн доктор О.Хүрэлдаваа, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш нар “Нийслэлийн зам, талбайн халтиргаа гулгаа, мөстлөгийг арилгах чиглэлээр баримталж буй бодлого, даган мөрдөж буй стандарт, гарч буй хүндрэл бэрхшээл, олон улсын жишиг”, “Нийслэлийн зам, талбайн халтиргаа гулгаа, мөстлөгийг арилгахад ашиглаж буй давс, бодис нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юу, химийн нэгдлийг буруу технологиор хэрэглэснээс үүдэн гарч болох эрсдэл”, “Нийслэлийн зам, талбайн халтиргаа гулгаа, мөстлөгтэй холбоотой асуудлууд, олон улсын туршлага” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Иргэдийг бухимдуулж буй зам, талбайн халтиргаа гулгааг арилгахад олон улсад түгээмэл хэрэглэж буй 5 төрлийн химийн бодисоос сонгон уусмал бэлтгэх аргуудыг ашигладаггүй, дулааны хэмжилт хийдэг багаж, тоног төхөөрөмж байдаггүйгээс болж төсвийн үргүй зарцуулалт хийгдсээр байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэл бий болж байгаа гэдгийг хэлэлцүүлгийн оролцогчдоос хэлж байлаа. Нийслэлээс 2020-2024 онд давс, бодис нийлүүлсэн нийт 23,9 тэрбум төгрөгийн тендер, худалдан авах ажиллагааг шалгах, Гаалийн төв лабораториос авсан судалгааны хүрээнд хилээр нэвтэрч буй давсны мэдээлэл, Нийслэлийн Захирагчийн албанаас худалдан авалт хийсэн мэдээллийг судлан гэмт хэргийн шинжтэй эсэхийг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэхээр тогтов.

Хэлэлцүүлгээс цаашид авах арга хэмжээний санал, зөвлөмжийн төслийг боловсруулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээр боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах