Цэс Close

Н.Учрал: Надад хэн нэгнээс айж, агшаад байх шаардлага байхгүй

Засгийн газрын ээлжит хурлаас гарсан зарим шийдвэрийг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа.  Тэрбээр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг өгсөн юм.

Тодруулбал, "MCS группийн "Энержи ресурс" компанийн Ухаа худгийн ордын асуудал байна. Намайг зөвхөн нууртай нь ноцолдоод худгийг нь орхиод байна гэж мушгиад яриад байх шиг байна.

Баялгийн сангийн хуульд ижил тэгш хандана. Ухаа худгийн ордод авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын зүгээс өргөн мэдүүлсэн, ажлын хэсэг байгуулсан.

Үндэсний баялгийн сангийн хуулийг ахалж байгаагийн хувиар миний бие, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан гэсэн гурван сайдын гарын үсэгтэй Засгийн газрын хурлаар танилцуулсан тогтоолыг УИХ-д өргөн мэдүүлсэн.

Хуулийн хүрээнд шаардлагатай бичиг баримтуудын бүрдүүлбэр дутуу гэдэг үндэслэлээр УИХ-аас бичиг баримтууд шаардсан. Нэмэлт материалуудыг УИХ-д нэмэлтээр илгээж байна. Цаашдаа хэлэлцээд явна.

Мөн "Ашигт малтмалын хууль, Үндэсний баялгийн сангийн хуульд стратегийн орд ба түүний үүсмэл ордын нөөцийг улсын төсвөөр тогтоосон бол 34-50 хувь дээр нь хэлэлцээр хийх боломжийг олгосон байдаг.

Хэрвээ төр эзэмшлийнхээ 34-50 хувийг тогтоогоод авсан бол түүнийг нь Ашигт Малтмалын Нөөц Ашигласны Төлбөр (АМНАТ)-өөр орлуулах уу, эсвэл бүтээгдэхүүн хуваахаар орлуулах уу гэдгийг УИХ шийддэг онцгой бүрэн эрхтэй.

Бид төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоогоод түүний дараа УИХ-аар бүтээгдэхүүн хуваахаар орлуулах эсвэл АМНАТ-аар орлуулах юм уу гэдэг шийдвэрийг гаргуулна.

Энэ хүрээндээ "Эрдэнэт үйлдвэр"-ээс гарсан овоолго нэртэй үүсмэл ордыг, түүнд "Ачит эхт", "Зэс эрдэнийн хувь" зэрэг гурван компани ажиллаж, тэрбум тэрбумаар нь ашиг хийж байгаа гэдэг мэдээллийг та бүхэн сонссон.

Жишээ нь "Эрдэнэт үйлдвэр"-тэй 2010 онд байгуулсан гэрээгээр "Ачит эхт" компани 34 хувьд ногдох ашгаа өгөх ёстой байсан ч 15 жил өнгөрсөн. Өгнө гэсэн ч өгөөгүй. Авна гэсэн нь аваагүй. Өгч, авсан нь байхгүй бүтэн 15 жил ард түмний боломжоор бөмбөг шиг өшиглөж тоглосон.

Тиймээс 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн Засгийн газрын тэмдэглэлээр "Ачит эхт" компани төрийн эзэмшлийнхээ 34 хувийг нь өгөх шаардлагатай гэх тэмдэглэл гарсан ч тухайн тэмдэглэл нь захиргааны хэм хэмжээний акт биш гэдэг үндэслэлээр захиргааны шүүхэд өгсөн байсан юм.

Цаашид хувийн хэвшилтэйгээ энэ хувь хэмжээг тогтоох шийдвэрээ гаргах ёстой. Энэ хүрээндээ 34 хувь, эсвэл 34-50 хувийн хооронд хэдэн хувь дээр нь хэлэлцээр хийж болох вэ гэдгээ шийдээд Засгийн газар шийдвэрлэсний дараа заавал хувийн хэвшлийн үйл ажиллагаанд төр оролцоод байх биш, АМНАТ-аа аваад бүтээгдэхүүн хуваахаар орлуулах шийдвэрийг УИХ руу өргөн мэдүүлнэ. Энэ нь өөрөө санхүүгийн шинжилгээнд суурилна. Аль нь илүү ард түмэнд ашигтай байх вэ гэдгийг тодорхой болгоно.

Өнгөрсөн хугацаанд Цөмийн энергийн хуулийг дагуулаад төрийн эзэмшлийнхээ хувь хэмжээг тусгай АМНАТ-аар орлуулах, өсөн нэмэгдэх АМНАТ-аар орлуулах бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа бол дагаад өсөн нэмэгдэх АМНАТ-аар орлуулах хэсэг нь өөрөө баялгийн сан, тэр дотроо хуримтлалын санд шилжих бололцоог бид хуулиар бий болгосон.

Одоо хэлэлцээр хийгээд тусгай АМНАТ-аар орлуулсан ч бай, өсөн нэмэгдэх АМНАТ-аар орлуулсан ч бай өнөөдөр E-Mongolia дээр харагдаж байгаа баялгийн сан, тэр дотроо хуримтлалын сангийн хуримтлал дээр аль компаниас ямар ногдол ашиг, ямар татвар мөнгө, төлбөр миний хуримтлалын дансанд ирэв гэдгийг хардаг болгохын төлөө ажиллана гэсэн үг.

Цаашдаа ингэж баялгийн сан иргэддээ шууд хүрэхийн төлөө ажиллана.

Надад цуцаад мохоод байх шаардлага огт байхгүй. Би уул уурхайн салбарт ямар ч ашиг сонирхлын зөрчилгүй. Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг ахалж байгаагийн хувиар хэн нэгнээс айж, агшаад байх шаардлага огт байхгүйг тэр нөхдөд хэлье" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах