Н.Учрал: Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд нь хориглоно

Засгийн газраас Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсантай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нар мэдээлэл хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа 1ХBET сайтаар дамжуулж 2024 онд 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар зуучлагч агентуудаар дамжиж гадагшаа гарсан байна. Монголбанкнаас өгсөн мэдээллээр өнгөрсөн нэг, хоёрдугаар сард 87 сая там.доллар гарсан байна. Үндэсний статистикийн хорооноос судалгаа хийсэн. 2023 оны байдлаар 200 гэмт хэрэг бүртгэгдсэн. 2024 онд гэмт хэргийн улмаас 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн мэдээлэл байдаг.
Гадаадын улс орнууд үүнийг хэрхэн зохицуулдаг вэ гэдгийг судалж үзсэн. 2024 оны есдүгээр сарын байдлаар Ази Номхон далайн 46 улсын 21 нь цахим мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоомыг бүхэлд нь хууль бус гэж үздэг. Эрүүгийн хариуцлага нь өндөр. Долоон улс хуулиар хүлээн зөвшөөрч, зургаан улс хэсэгчилсэн байдлаар зохицуулдаг. 13 улс нь ямар ч зохицуулалтгүй байгаа.
Бид төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд нь хориглосноор Зөвшөөрлийн тухай хуулиас төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх гэсэн тусгай зөвшөөрлийг хасаж байна гэсэн үг. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Гурван үйлдлийг хуульчилж байгаа.
- Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
- Зуучлах. Зуучлагч гэдэгт агентууд орж байгаа. Манайд 1ХBET-ийн 110 агент байдаг. Агентууд 2-3 хувийн шимтгэл авдаг. Зарим нь таван хувийн шимтгэл авдаг.
- Олон нийтэд сурталчлахыг хориглоно.
Зохион байгуулалттай тоглосон бол Зөрчлийн хуулиар торгоно.
Хориглосон ч VPN, гадаадын банкны карт ашиглаж тоглох тохиолдол байдаг. Гэхдээ энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хориотой болно. Хууль хяналтын байгууллага ядаж гадагшаа урсаж байгаа мөнгөний урсгалыг нь хянах ёстой гэж үзэж байгаа. Хууль батлагдсан тохиолдол төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоом тоглодог хүмүүсийн тоо 65 хувиар буурна гэж үзэж байгаа.
Сэтгэгдэл үлдээх