Цэс Close

Н.Учрал: Х.Баттулга та нотол гэсэн, би нотолчихъё

Засгийн газрын өнөөдрийн /2025.04.09/ хуралдаанаар Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө. 

Тэрбээр, Төгрөг нуурын орд Х.Баттулгатай хамааралтай талаар би өмнө нь мэдээлсэн. УИХ-ын гишүүн Х.Баттулгад тайлбар мэдээлэл өгөх долоо хоногийн хугацаа өгсөн. Гэтэл бидэнд Төгрөг нуурын орд өөрт нь хамааралтай эсэх талаар тодорхой хариу өгөөгүй. Х.Баттулга хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгсөн байсан. Гэхдээ Төгрөг нууртай холбоотой ямар нэгэн зүйл хэлээгүй гэж ойлгож байна. Тэрбээр намайг Төгрөг нууртай хамаатай гэдгийг нотолж чадах юм бол 100 хувь аваарай гэсэн байна.

Тиймээс УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна. Баримт өөрөө ярьдаг гэдэг шүү. Намайг нотол гэсэн учир би нотолж байна.

2006 онд Төгрөг нуурын орд газрын 90 хувийг УИХ-ын гишүүн Х.Баттулга, 10 хувийг нь Я.Батсүх эзэмшдэг компани болохыг нотолсон баримт байна. Мөн Х.Баттулгын төрсөн охин Х.Намууны компанид хувьцаагаа дамжуулан мөн үндэстэн дамнасан компаниар дамжуулан 250 сая ам.доллараар зарсан болохыг нотолж байна. Хонконгийн бирж дээр байгаа 507-р нүүр баримтад бүх мэдээлэл нарийвчлан агуулсан нотлох баримт гэж хэлж болно. Энэ 507 баримт дотор хэлцлийн нөхцөл, үнэлгээ, төлбөрийн бүтцүүд, хувьцаа, өрийн бичиг, хөрвөх цаас, эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлт, Төгрөг нуурын ордын тооцоо, ТЭЗҮ зэрэг бүх мэдээллийг нарийвчлан агуулсан байгаа. Энэ 507 баримт дотор Х.Баттулга өөрөө сайд байхдаа өөрийнхөө компанитай буюу өөрөө, өөртэйгөө гэрээ байгуулсныг харж болно.

Мөн тэрбээр цугларсан баримтуудад үндэслэн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Төгрөг нуурын ордод дөрвөн тусгай зөвшөөрөл эзэмшигч Төгрөг нуур энержи компанийн хувьцаа эзэмшигч Камекс ХХК нь

  1. татвар төлөхөөс зайлсхийсэн
  2. мөнгө угаасан
  3. залилсан
  4. авлига ашиг сонирхлын зөрчил үүсгэх болон бусад гэмт хэрэг зөрчил үйлдсэн байж болзошгүй асуудлыг шалгуулахаар Монгол Улсын Ерөнхий прокурор, Авлигатай Тэмцэх Газарт эдгээр материалыг ЗГХЭГ-ын даргын хувиар хүргүүлж байна.

Энэ талаар мэдээлэл солилцох, эрхзүйн туслалцаа харилцан үзүүлэх чиглэлээр Британийн Виржинийн арлууд болон Кайманы арлууд, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг, Бүгд Найрамдах Сингапур Улс зэрэг улсын хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж, шаардлагатай нэмэлт материал, нотлох баримтуудыг авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд даалгаж байгаа.

Мөн Төгрөг нуурын ордыг стратегийн ордод авах ажлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ж.Туваанд даалгахаар шийдвэрлэсэн" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах