Цэс Close

ОРОСЫН БААТАР ЕВПАТИЙ КОЛОВРАТ БУЮУ МОНГОЛЫН “ГӨРДӨГДСӨН” ТҮҮХ

2017 онд ОХУ-ын Соёлын яамны захиалгаар Оросын XIII  зууны үеийн түүхээр “Коловратын тухай домог” гэх кино хийгджээ. Фентэзи жанраар хийгдсэн уран зөгнөлт уг кинонд Оросын эртний Рязаний вант улсын баатар эр Евпатий Коловрат Бат хааны довтолгоог баатарлагаар сөрөн зогсож буй тухай өгүүлдэг юм.

“Уран зөгнөлт” хэмээсний учир нь Евпатий Коловрат гэгч хүн үнэхээр байсан эсэх, тэрбээр Монголчуудтай тийм байлдаан хийсэн эсэх нь түүхийн эх сурвалжуудаар баталгаатай нотлогдсон зүйл үгүй билээ. Киног бүтээгчид ч өөрсдөө энэ хүний түүхийг домог гэдгийг нь хүлээн зөвшөөрч, фэнтэзи маягаар бүтээлээ туурвисан нь харагдана. Жаник Файзиев, Иван Шурховецкий нар энэ бүтээлээ хийхдээ 2006 онд гарч, дэлхий даяар алдаршсан бас нэгэн фэнтези бүтээл Холливуудын нэрт кино найруулагч Зак Снайдерын Грекчүүд Персийн хаан Дарийн довтолгоог сөрөн зогссон “300 спартчууд” киноны ихээхэн нөлөөн дор туурвисан болохыг харж болно. Дарий хаантай ихээхэн төстэй нүүр будалттай, хүүхэн маягийн Бат хаан, түүний мангас шиг цэргүүд болон монголчуудын довтолгоог сөрөн зогсож буй хорин баатарлаг орос эр Спартын хаан Леонидын нэгэн адил жижиг толгойн орой дээр шивээлэн байлдаж буй зэргийг харахад Зак Снайдерын киноноос хуулаад авчихав уу гэмээр байхад Тан улсын үеийн хятад дуулгатай монгол цэргүүд, жагсаалын голоор торго дэвсэж байгаа зэрэг нь Жан Имоу, Вильям Конг нарын “Баатар” киноноос хуулсан юм уу ч гэлтэй. Төр улс нь монголчуудын нөлөөллөөр бүрдсэн, өнөөдөр бүрэлдэхүүндээ буриад, халимаг, тува гээд олон монгол ястан багтаадаг оросууд маань монголчууд биднийгээ ийм хачнаар төсөөлж, дүрсэлсэн нь гайхмаар. За тэр нь найруулагчийн уран дүрслэл юм гээд орхилоо гэхэд кинонд дүрслэгдсэн үеийг түүхэн баримтаар нь шүүж, үнэн худлыг нь ялган салгах нь чухал хэмээн бодогдлоо.

Киноны үйл явдлаас харахад довтлон орж ирж буй Бат хаантай хэлэлцээ хийхээр явсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон Рязаны цэргийн аравтын дарга Евпатий Коловрат хэлэлцээ бүтэлгүй болмогц Монголын хүрээнээс зугатан гарч, төөрөн бэдэрсээр хотдоо эргэн ирэхэд Рязаныг монголчууд аль хэдийн эзлэн сүйтгэсэн байдаг. Төрөлх хот нь эзлэн шатаагдсанд хорссон Евпатий санаа нийлсэн хорин баатар цэрэгтэй Монголын их цэргийн араас нэхэж, олон монголчуудыг хядан сөнөөнө. Оросын судар бичигт бичсэн домгоор Оросын баатар эрчүүд “нэг нь мянгатай, хоёр нь түмтэй байлдаж, Бат хааны хүргэн дүү Хоставрулыг алж” ихээхэн баатарлаг гавьяа байгуулсан гэнэ. Оросууд бууж өгөхгүй байлдаад байсан тул монголчууд чулуу харвагчаар тэднийг нэг бүрчлэн устгаж, тулалдааны дараа Бат хаан алагдсан Коловратын шарил дээр ирж сөхрөн мөргөөд: “Би ийм баатар эртэй байсан бол элэг, зүрхэндээ хайрлаж явахсан” хэмээн айлдаж, түүний шарилыг баатар эрийн ёсоор оршуулахыг зарлигдсан ажээ. Оросуудын бичиж үлдээсэн домог нь ийм бөгөөд үүн дээр суурилан энэ киног бүтээжээ.

Үнэн хэрэгтээ энэ домог Оросын эх сурвалжуудад ерөөс дурдагдаггүй бөгөөд зөвхөн “Повесть о разорении Рязани Батыем” буюу “Рязаныг Бат эзлэн шатаасан түүх” хэмээх XV  зуун орчимд бичигдсэн жижиг туужид л тэмдэглэгдэн үлджээ. Хэрэв энэ туужийг уншвал болсон үйл явдлаас хойш 300 гаруй жилийн дараа бичигдсэн уран зохиолын бүтээл болох нь тодорхой харагдах бөгөөд үүнийг Оросын түүхчид ч хүлээн зөвшөөрдөг билээ.

 Туужид бүр Куликовын тулалдааны тухай XIV-XV зууны үед бичигдсэн “Задонщина” гэх судраас хэсэгчлэн хуулсан хэсгүүд таардаг нь энэ туужийг хожим бичигдсэнийг нотолдог. Нөгөөтэйгүүр,  тухайн түүхэн үеэсээ холдсон хүмүүс энэ  уран зохиолын бүтээлийг туурвисан гэдгийг энэ туужид гардаг олон түүхэн болон логикийн алдаануудаас харж болно. Жишээ нь, Рязаны ван Юрий Ингваревичийг их ван гэсэн нь энэ үеэс зуу гаруй жилийн дараа буюу XIV зуунд л Рязаны вант улсад хэрэглэж эхэлсэн цол юм. Мөн туужид монголКостромын ван Глеб Ингваревич нар өөр судруудад огт дурдагддаггүй, Муром, Костромад ч түүхэндээ ийм вангууд байсангүй. Туужид Рязанын ханан дээр амь үрэгдсэн хэмээн дурдагдсан Пронскийн ван Всеволод нь Бат хаан Орос руу довтлохоос 30 жилийн өмнө 1207 онд нас барчихсан байв. Өөрөөр хэлбэл, Коловратын тухай домгийг өгүүлэх цорын ганц эх сурвалж тухайн үйл явдлаас хойш 300 гаруй жилийн дараа, баримтын асар их алдаатай бичигдсэн утга зохиолын бүтээл ажээ.ын баатруудын дунд санжаг-бей нар байсан гэж бичсэн байх нь таарна. Санжаг-бей гэдэг Туркийн Османы эзэнт улсын өөрийн тугийн цэрэгтэй, хошууны засаг ноёнтой тэнцэх цол бөгөөд тухайн цагт Бага Ази руу довтлоогүй байсан Монголын цэрэгт тэр цагт сураггүй байсан Османы эзэнт гүрний хошуу засаг ноён зүтгэж яваагүй нь ойлгомжтой хэрэг. Харин энэ зохиолыг туурвиж байх XV зууны үед буруу номтнуудын баатрууд дунд тухайн үеийнхэн сайн мэддэг Туркийн санжаг-бей ноёдыг оруулчихсан хэрэг л байх л даа. Туужид бичигдсэнээр Рязаны бүслэлтээр амь алдсан гэгдэх Юрий вангийн ах дүү нар Муромын ван Давид Ингваревич,

Кинон дээр Евпатий Коловрат Рязаны вант улсын аравтын дарга гэж гардаг бол туужид цэргийн жанжин буюу воевода, зарим эх сурвалжид ноён буюу бояр байсан гэгджээ. Туужид өгүүлсэнээр бол Евпатий Коловрат жанжин Чернигов руу явчихсан байж байгаад эргэж ирээд шатаагдан сөнөсөн Рязань хотын өшөөг авахаар 1700 гаруй цэрэгтэйгээ монголын цэргийн араас мөшгин явсан гэх.

Энд логикийн олон алдаа харагдана. Харийн булаан эзлэгсэд эх оронд нь тулж ирчихээд байхад цэргийн жанжин нь 1700 цэргээ аваад Чернигов руу яагаад явчихсан нь туйлын ойлгомжгүй. Рязаны вант улсын хүн амын тоог одоогийн археологийн судалгаагаар үнэлэхдээ том жижиг нийлсэн 14 хоттой, үүнээс хамгийн том нь болох нийслэл Рязань хот 10 гаруй мянган хүнтэй байсан гэж тооцсоныг харах ахул Коловрат жанжин байлдааны чадвартай цэргүүдийнхээ бараг талыг аваад өөр хот руу явчихаж. Ухаандаа, 1941 оны 6 дугаар сарын 22-нд Германы армиуд ЗХУ-д халдан довтлоход Зэвсэгт хүчний жанжин штабын дарга маршал Б. М. Шапошников эх орноо батлан хамгаалахын оронд хилийн 6 тойргийн армиудаас 3 тойргийн армийг аваад Лондон явчихсан байжээ гэж харьцуулбал одоогийн уншигч ойлгох байх. Үнэхээр ийм юм болсон бол Шапошников маршал баатар болох биш, эх орноосоо урвасан этгээдэд тооцогдон, газар дээрээ цаазлагдах байсан биз. Харин яагаад ч юм, ийм хачин тэнэг үйлдэл хийсэн Коловрат жанжин түүхэнд баатар болж дурсагдан үлджээ.

Хэрэв Монголын морин цэргийг араас нь хөөж гүйцсэн нь үнэн бол Коловрат жанжин Рязаны бүх морин цэргийг нь аваад Чернигов явчихсан болж таарч байна. Монголын хөнгөн морин цэрэгтэй байлдахад явган цэрэг онцын ач холбогдолгүй, харин морин цэрэг чухал гэдэг нь ойлгомжтой. Гэтэл мань жанжин байлдааны гол хүчийг нь аваад Чернигов явчихсан үед хот нь эзлэгдэн шатаагдсан болж таарав. Ийм хорлонтой этгээдийг баатар гэж өргөмжлөх бус, үнэхээр ял асууж цаазлах ёстой байлгүй.

Туужид өгүүлсэнээр Коловрат жанжин Монголын цэргийг 1238 оны нэгдүгээр сарын дунд орчимд Суздалийн вант улсын нутагт гүйцэж довтолсон гэх аж. Яг энэ үед нэгдүгээр сард хажууханд нь Коломнын дэргэд Владимирын их вангийн хүү Всеволод Юрьевич, жанжин Еремей Глебович нарын цэрэг Монголын их цэрэгтэй тулсан баримтыг харахад Коловрат жанжин яагаад өөрийн Орос цэрэгт очиж нийлэн, Монголчуудтай байлдаагүй нь туйлын ойлгомжгүй хэрэг юм. Тэр дундаа Рязаний ван Юрий Ингваревичийн үеэл дүү эзлэгдсэн хотоос үлдэгдэл цэрэгтэйгээ дутаан зайлж, Владимирын их вант улсын цэрэгтэй очиж нийлээд, Коломнын дэргэдэх тулалдаанд оролцож хядуулсан гэж судруудад тэмдэглэгдэн үлдсэн байхад мань Коловрат жанжин яагаад тэднтэй очиж нийлэлгүй, тэрүүхэн хавьдаа

 Повесть о разорении Рязани Батыем. Lib.pushkinskijdom.ru

“гавьяа” байгуулаад явсаны шалтгааныг энэ туужийг зохиогчид бидэнд тайлбарлан үлдээсэнгүй.   

Монгол цэрэг бүслэгдсэн Оросын баатруудыг мянга мянган чулуу харвагчаар  няцалж алсан нь ч худал нь ойлгомжтой. Хэрэм сэтлэх зориулалттай чулуу шидэгчээр хөдөлгөөнт бай буудна гэдэг угаас утгагүй хэрэг бөгөөд бодвол сэлмэнд даагдахгүй баатрууд байсан тул ингэж дийлсэн хэмээн дүрсэлсэн хэрэг байх л даа. 1 дүгээр сарын 15 гэхэд Москваг бүслэн байлдаж явсан Монгол цэрэг чулуу харвагчаа хэдхэн орос цэргийг устгахаар ийш, тийш нь зөөгөөгүй нь ч ойлгомжтой хэрэг биз ээ.

Дайсан төрөлх нутгийг нь эзлэн шатаасны дараа өшөө хонзонгоо авахаар мордсон зоригт баатар эрсийн тухай элдэв үлгэр, домог тэр цагт их байсны дотор Смоленскийн баатар Меркурий, Переяславлийн баатар Демьян гэх мэтийн үлгэр домгийг дурдаж болно. Харин Смоленскийн баатар Меркурий нь түүхэнд дурдагдсанаар бол Чехийн Морав мужийн вангийн удмын цэргийн баатар байсан бөгөөд яагаад энэ чех эр Орос “эх орныхоо” төлөө эх оронч сэтгэл нь оргилон Монголчуудтай байлдаад явсан нь ойлгомжгүй хэрэг л дээ. Тэрбээр бас л Коловратын домогт гардаг шиг Монголын нэгэн үлэмж биетэй баатарыг даран сөнөөсний дараа монгол цэргийн суманд амь тавьжээ. Түүний тухай домог мөн л XV-XVI зууны зааг дээр зохиогдсон нь нотлогдсон байдаг. Переяславлийн жанжин Демьяны нэр түүхэнд үнэхээр гардаг боловч 1048 оны байлдаанд дурдагддаг тул 200 жилийн дараа Монголчуудтай байлдаад яваагүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, Смоленскийн Меркурий ч, Переяславлийн Демьян ч,  Рязаны Евпатий Коловрат ч аль аль нь зохиомол домог бөгөөд түүхэн хүн байсан байх үндэслэл туйлын муутай билээ.

Эдгээр зохиолууд бичигдсэн XV  зуунд Орос орон Польш-Литовын вант улсуудтай Ливоний дайн гэгдэх хүнд дайн хийж байснаас гадна Крымын хааны довтолгоонд үе үе өртөж байсан үе тул ийм нэгэн домгийн баатар зохиох хэрэгцээ байсан байх. Нэрт түүхч Карамзин XVIII  зуунд Оросын түүхэн их хөлгөн судар болох “Оросын төрийн түүх” номоо зохиохдоо Коловратын тухай домгийг үнэн болсон явдал хэмээн бичсэн цагаас энэ домог үнэн мэт ойлгогдож иржээ. Манай ушигчдын хувьд сайн мэддэг Василий Яны “Бат хаан” зохиолд Евпатий Коловратын тухай бичсэнээр нь мэддэг байх. Харин орчин цагийн түүхчид Д. Лихачев, Д. Иловайский, Комарович, К. Жуков зэрэг нь Коловратын тухай домог нь ардын домгоос урган гарсан үлгэр хэмээн үздэг болсон байна.

Кинонд гарч байгаагаар Калка гол дээр анх Монголчууд Оросыг эзлэх анхны оролдлогоо хийж, Оросын их цэргийг хиар цохиж, олон баатарлаг вангуудыг хуурч мэхлэн алсан тэр цагт буюу 1223 онд манай баатар эр Евпатий төрсөн гэх. Яагаад 1237 онд дөнгөж 14-тэй жаахан хүү жанжин болоод баатарлаг гавьяа байгуулаад

явааг киног бүтээгсдийн уран зөгнөл гээд орхиё. Харин Калка голын тулалдаанд оролцсон монгол цэргийн бороохойд цохиулсан Евпатий хүү ой санамжаа үе үе алддаг өвчтэй болсон хэмээн кинонд гардаг. Бодвол, ой санамжаа алдсан тул мань Евпатий Коловрат Владимирын их вангийн цэрэгтэй ч, өөрийн Рязаны цэргийн үлдэгдэлтэй ч очиж нийлээгүй юм болов уу даа.

Калка голын тулалдаан. Энэ кинон дээр өгүүлэн буй Калка голын тулалдаан гэж юу болсон бэ? Энэ тулалдааны үр дүн юу байв?

Хорезмийн эзэнт улсыг дайлах үеэр Монгол цэрэгт дарагдан ялагдсан Хорезм шах Мухамед өрнө зүг дутаан одсон тухай мэдээ авсан Чингис хаан 1221 онд Зэв, Сүбээдэй нарт хоёр түмэн цэрэг өгч, Мухамедыг заавал баривчлан олж ирэхийг үүрэг болгосон байдаг. Хорезм шах Мухамед Монголын элч нарыг барин цаазалсан

ялтай этгээд байсан тул түүнийг барьж хариуцлага тооцох ёстой байснаас гадна Хорезмын дайныг эхлүүлэх гол шалтаг болсон гэм буруугүй элч нарыг хороосон жигшүүрт хэргийг нэг тийш болгон шийдэх нь өөрийн ард түмний өмнө дайныг ялалтаар дуусгасан хэмээн зарлах бололцоог олгох байлаа. Харин Чингис хаан зөвхөн ялт Хорезм шахыг мөшгин баривчилж авчрах асуудлаар Зэв, Сүбээдэй нарын корпусын зорилгыг хязгаарласангүй. “Нууц товчоо” болон “Юан улсын судар”-т  өгүүлснээр 1221 онд Чингис хаан хоёр хүлэг баатраа үдэн мордуулахдаа “Ханлин, Хивчаг,

 Канглы овгийн нүүдэлчид Каракумын элсэн цөлөөс Сыр Дарья мөрөн хүртэлх нутагт оршин сууж байжээ. Канглы нар Хорезмын эзэнт улсын бүрэлдэхүүнд байсан агаад Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтан Цагаадайн улсын нэгэн хэсэг болж байжээ. Цагадайн улс мөхсөний дараа хатагин нартай хамт Казахын дунд жузын нэг хэсэг болсон байна.
 Хивчагууд буюу Оросын түүх сурвалжид нэрлэснээр Половчууд, Европын судруудад куманууд хэмээн нэрлэгдсэн нүүдэлчин овог аймаг. Арал тэнгисээс Оросын вант улсууд хүртэл, Камын Булгаараас Алан, Гүржүүд хүртэл хиллэн нүүдэллэж байв. Хоремын эзэн улсын бүрэлдэхүүнд байсан. Монголчуудтай

Бажигид, Орос, Мажар, Асу, Сасу, Черкес, Кешимир, Болар буюу Болгар, Лала эдгээр арван нэгэн аймаг харь улсыг хүртэл Ижил (Волга), Яик (Урал) мөрнийг гэтлүүлэн эзлэн, Кивамений хэрэм хүртэл” явахыг зарлигдсан ажээ.

“Нууц товчоо”-нд дурдсанаар Зэв, Сүбээдэй хоёроос гадна хорчины Чормаган ноёныг Багдадын Халифт улсын султан хүрэх замыг тандахаар, “бас индус (энэтхэг) иргэн, багдад (араб) иргэн хоёрын завсарт байгаа Ару-Мару Мадсаары улсын Абту хотыг (ямар улсыг нь хэлж мэдэхгүй юм. Гэхдээ Энэтхэг, Ойрх дорнод хоёрын завсар гэхийг бодоход одоогийн Афганистан, Пакистан хавьцаа болов уу) эзлэхээр Дөрвэдийн Дөрбэй догшиныг аялуулав” хэмээжээ. Үүнээс харахад анх Оросын нутагт тулж очсон Зэв, Сүбээдэй нарын цэрэг гурван тийш заншлахаар мордуулсан цэргийн ангиудын нэг нь л байжээ.

Чингис хааны зарлигийн дагуу Зэв, Сүбээдэй хоёр одоогийн Ираны нутагт цөмрөн орж, Мазандеран, Тебризийг эзлээд, Гүржийн хаант улсын цэргийг бутцохисноор Кавказад тулан ирсэн юм. Дербентийн хоолойгоор умард Кавказад түрэн орж ирсэн монголчууд 1221 онд лезгин, алануудыг бутцохиод, хивчагийн хэд хэдэн омгийг довтолж сөнөөсөн ажээ. Хивчагийн ханууд Юрий Кончакович, Данила Кобякович нар тулаанд алагдаж, үлдэгдэл нь Котян Сутоевич ханы удирдлагын дор Оросын нутаг руу зайлан одов. Котян хан Галицын ван “Хийморьтой” Мстиславын хадам байсан бөгөөд тэрбээр Оросын вангуудад “татарууд өнөөдөр

бидний нутгийг авлаа. Маргааш та нарын нутгийг булаан авна” хэмээн үл мэдэгдэх монголчуудтай хатгалдан байлдахыг уриалан ятгажээ.

1223 онд Киевт хуралдсан Оросын вангуудын цугларалтаар Котян ханы половчуудыг (хивчагууд) өмөөрөн монголчуудтай байлдах шийдвэрийг гаргасан юм. “Гурван Мстиславын аян дайн” буюу Киевийн их ван “хөгшин” Мстислав Романович, Галицын ван “Хийморьтой” Мстислав, Черниговын ван Мстислав Святославович нарын удирдлагын дор Оросын 21 ван оролцсон энэ аян харамсалтай нь бүтэлгүйтэж, Оросууд хивчагуудтайгаа цуг ялагдан хиарчээ.

Түүхэн эх сурвалжуудыг үндэслэн энэ байлдаанд Оросын цэрэг 80 000, монгол цэрэг 20 000 оролцсон гэдэг ч их эргэлзээтэй. Түмэн гэдэг цэрэг, засаг захиргааны нэгж тул түмтийг шууд 10 000 цэрэг гэж ойлгох эндүү хэрэг. Тэгээд ч хойд Иран, Согдиан, Кавказыг нэвт байлдаж гарч ирсэн Зэв, Сүбээдэй хоёрын түмт тодорхой хэмжээний хохирол амссан л байж таарна. Ухарсан Монгол цэргийг Оросын вангуудын цэрэг 8 хоног мөшгисөн гэхийг харвал Орос цэрэг дан морьт

цэрэг гарах боломжгүй нь ч тодорхой.

Уул нь Сүбээдэй жанжин эхлээд Оросын вангуудад элч зарж, монголчууд Оросыг довтлоогүй, хивчагууд-половчуудтай л байлдаж яваа тул энэ хэрэгт оролцохгүй байхыг хүссэн юм. Харин Оросын вангууд Монголын элчийг Котян хааны хатгалгаар цаазаар авсан билээ. Нүүдэлчдийн ёс заншлаар өөрт нь итгэж, зэвсэггүй очсон элчийг хорооно гэдэг итгэлийг эвдсэн хэрэг бөгөөд ийм ялтай хүнийг цаазаар авах ёстой байв. Ийм ч учраас Калка гол дээр олзлогдсон Оросын вангуудыг бүгдийг нь цаазалсан бөгөөд хожим Орос орныг дайлахдаа Калка гол дээрх жигшүүрт хэрэгт оролцсон бүх вангуудын эзэмшлийг довтолж, галдан сөнөөсөн байдаг.

Оросын түүхэнд Монголчуудаас хотоо 49 хоног баатарлагаар хамгаалсан Козельскийн баатаруудын тухай гайхан шагширдаг. 12-хон настай Василий хүү вангаар нь байсан энэ жижиг хотыг бүх цэргээрээ бүслэн заавал авах гэж махарсаны учрыг харвал Василийн өвөг эцэг Черниговын ван Мстислав Святославович Калка гол дээр Монголын элчийг цаазлахад орллцсон тул хот гарцаагүй шатаагдах ялтай байсан хэрэг байж. Хамгийн сүүлд нь 1246 онд Черниговын ван Михаилыг Алтан ордонд цаазаар авахдаа тулгасан ялын дотор Калка голд Монголын элчийг алахад оролцсон хэргийг дурдсан байдаг билээ.

Калка голын тулалдаан гэх энэ тулааны тухай Оросын судруудад бичихдээ татарууд Оросын вангуудын “цусыг урсгахгүй” гэж амласан ч банзан доор хийж, дээр нь найрлаж, няц дарж алсан хэмээн буруутгасан байдаг. Өөрөөр хэлбэл, өгсөн

амлалтаасаа итгэлийг эвдэн буцаж, ёс бусаар тамлан хэрцгийгээр егүүтгэсэн хэмээн буруушаасан хэрэг. Харин сүүлийн үед Оросын зарим түүхчид Оросын вангууд тал нутгийн ёс заншлыг мэдэхгүйгээс элчийг хороож, ялд унасныг хүлээн зөвшөөрч: “Татарууд хэлсэн үгэндээ хүрч, үнэхээр тэдний цусыг урсгаагүй л дээ. Харин элчийг хороосон хэргээр нь олзлогдсон вангуудыг цусыг нь гаргалгүй цаазаар авсан нь монголчуудын уламжлалт цааз байсан” хэмээх болжээ.

Зэв, Сүбээдэй хоёр  Оросын вангууд болон Котян хааны хивчагуудыг бутцохисныхоо дараа Киев рүү давшсангүй, буцах замдаа Камын булгааруудыг довтолж, хариу цохилт амсаад нутгийн зүг оджээ. Чингис хааны зарлигт “Кивамений хэрэм хүртэл” гэж заасан үгийг яс сахин биелүүлсэн Сүбээдэй эргэн ирж, их хаанд аялсан нутаг орны тухай асар үнэ цэнэтэй мэдээлэл өгсөн нь эргэлзээгүй.

Калка гол дээр ялагдсаны дараа Оросын вангууд шинээр гарч ирсэн дайсныхаа эсрэг тэмцэх талаар юу ч хийсэнгүй. Харин энэ тулалдаанд алагдсан 12 вангийн ширээг залгамжлахын төлөөх тэмцэл хурцдаж, дотоодын тасралтгүй хямрал болон үргэлжилсээр 1237 оныг угтлаа. Оросуудын өмгөөлөл найдваргүйг ойлгосон Котян хааны хивчагууд-половчууд Унгарын вант улс рүү нүүдэллэн оджээ.

14 жилийн дараа монголчууд Оросын нутагт эргэн ирэхдээ ямар зорилготой ирсэн бэ? Кинон дээр гарч буй шиг Оросыг байлдан дагуулах нь энэ аян дайны гол зорилго байсан уу? Оросыг эзлэхээр шороон түмэн монголчууд дайрсан уу? гэх зэрэг асуулт урган гарч ирнэ.

Өрнө зүгт хийсэн дайн буюу Хивчагийн дайн

“Коловратын тухай домог” хэмээх фэнтези киноны гол үйл явдал нь Бат хааны өрнө зүгт хийсэн аян дайн буюу Хивчагийн аян дайны нэгэн хэсгийн тухай, бүр тодруулбал Оросын вант улсуудыг эзлэх байлдааны ажиллагааны хамгийн эхний хэсэг – Рязанийг эзлэн шатаасан явдлын тухай өгүүлж буй хэрэг билээ.

Юуны өмнө Оросыг уулгалсан нь өрнө зүгт хийсэн дайны гол зорилго байгаагүй, энэ дайны явцад болсон олон байлдааны ажиллагааны нэг л хэсэг байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Зүрчидийн Алтан улсыг дарж авсаны дараа Өгөөдэй хааны зарлигаар 1235 онд Онон мөрний эрэгт хуралдсан хуралдайгаар Камын булгааруудаас өшөө авах, хивчагийн үлдэгдлийг бутцохих баруун зүгийн аян дайныг эхлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Хан хөвүүдийн аян дайн гэж нэрлэгддэг энэ дайныг Хивчагийн аян дайн хэмээж байсан нь дайны үндсэн зорилгыг илтгэж байсан юм.

Евразийн уудам нутгийн их тал нь дорно зүгт Манжуурын толгодоос эхлэн Хянгаэдгийг ихэнх хүмүүс анзаардаггүй юм. Энэ дайнд монголчууд ялалт байгуулсан боловч 400 жилийн дараа зүрчид угсааны манж нар хүчирхэгжин, Хятад орон болон Монголын их талыг эзэгнэсэн нь адилханны нуруунаас Монголын их тал болон үргэлжилж, Алтайн нуруунаас цааш Төв Азийн их тал нутаг буюу Дешт-И-Кыпчакаар (Хивчагийн тал) үргэлжилдэг байлаа. Талын бүс нутаг Доны цаадах талаар үргэлжлэн Карпатын нуруунаас цааш Унгарын их тал хүрч төгсдөг билээ. Хэдэн мянган жилийн турш энэ их талын бүсийг дагаж, нүүдэлчдийн их аян дайнууд, нүүдлүүд үргэлжилж ирсэнийг хүннү, аваар, булгаар, түрэг овог аймгийнхны түүх гэрчилнэ.

Монголын эзэнт гүрэн үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн өмнөд болон дорно зүгтээ Зүрчид омгийнхонтой дорнын их талд ноёрхох эрх болон хойд Хятадыг эзэмших эрхийн төлөө байлдаж ирсэн бөгөөд энэ дайн 1209-1234 оны хооронд 25 жил үргэлжилжээ. Бидний толгой тархинд тэр үеийн зүрчидийн Алтан улсыг хятадууд мэтээр төсөөлүүлж орхисон болохоос хагас нүүдэлчин удмын

зүрчид аймгийнхны улс байсанг нүүдэлчин угсааныхнаасаа болгоомжилж байсан монголчуудын хардлага сэрдлэг ор

үндэсгүй биш байсныг харуулна.

Харин өрнө зүгийн их талыг эзэгнэсэн Хивчаг овгийн нүүдэлчидтэй хийсэн дайн хэд хэдэн үе шаттай өрнөсөн бөгөөд эхний шат нь 1219-1221 онуудад Хорезмын эзэнт улсыг байлдан эзлэх үед Хорезм шахын армид байсан хивчагуудтай байлдан дарах явдал байжээ. Хорезмын улсыг байлдан дагуулсаны дараа хивчагийн эсрэг дайн 1221-1224 онуудад Зэв, Сүбээдэйн довтолгооноор үргэлжилж, дорно зүгт Зүрчидийг дарсаны дараа 1236-1242 онуудын хооронд Хивчагийн аян дайнаар Унгарын их тал хүрсэнээр төгссөн юм.

Хятад, Хорезм зэрэг суурин улсууд нь эзлэгдсэний дараа тэдгээр улсуудын иргэд эзэнт гүрний татвар төлөгчид болдог байснаас гадна тэдний хооронд хийгддэг наймаа, худалдаанаас татвар авч, ихээхэн орлоготой болж болохыг сайтар ойлгосон монголчууд их худалдааны зам буюу Торгоны замыг нэлэнхүйд нь хяналтандаа авч, аюулгүй байдлыг нь хангаж, татвараа авч байх сонирхолтой байсан нь тодорхой. Иймээс ч энэ худалдааны замын Хятад-Дундад Ази-Европ чиглэлийг бүрэн хяналтандаа авахад хивчагийн нүүдэлчид тулсан нь харагдана. Монголын их цэргийн аялсан замыг харахад ч асар их баялаг, худалдааны бараа урсан өнгөрдөг байсан Торгоны их замыг дагаж явсан нь харагдах бөгөөд Дундад Азиас Ижил мөрний Булгаар хүрч, тэндээсээ өмнө болон хойд замаар салаалан Европ ордог байсан замаар довтолгоо явж, эцсийн цэг нь Унгарын тал нутаг болсон ажээ.

Монголчуудын баруун зүгийн аян дайны гол субьект нь Хивчаг буюу Оросуудын нэрлэж заншсанаар половчууд байсан бөгөөд Дешт-и-Кыпчакийн их талыг эзэгнэсэн энэ түрэг угсааны нүүдэлчид Монголын эзэнт гүрний дайсан мэргидийг өмөөрөн, өөртөө шингээж авсан, Хорезм Шах Мухамедын хүү Желал-Ад-Дин султааны цэрэгт Монголын эсрэг байлдаж, ихээхэн харгислал үйлдсэн зэрэг гэмт ялтай байв. Хамгийн гол нь Евразийн их талын  өрнөд хэсгийг эзэгнэсэн энэ хивчаг нүүдэлчдийг даран сөнөөх нь дорнод хэсгийг эзлэн ноёрхсон монголчуудын хувьд стратегийн чухал зорилт байлаа. Хивчагийг өмөөрөн нөхөрлөсөн Орос, Мажар, Булгаар зэрэг олон үндэстэн дайсантай сүлбэлдсэн хэргээр дарагдан сөнөх ялтай болсон хэрэг байж л дээ.

Аян дайнд Зүчийн хүү Орд, Бат, Шибан, Тангуд, Бэрх, Цагадайн хүү Байдар, ач хүү Бүри, Өгөөдэйн хүү Гүюг, Хадаан, ач хүү Хайду, Тулуйн хүү Мөнх, Бүчиг, Чингис хааны 5 дугаар хүү Хүлгэн нар мордсон тул “хан хөвүүдийн дайн” ч гэж нэрлэдэг. Хашир туршлагатай Сүбээдэй баатар их цэргийг удирдаж, цэргийн ерөнхий жанжнаар Бат хаан томилогджээ. Дайнд Монголын нутгаас айл бүрийн ахмад хөвүүнийг мордуулсан тул бас “ахмад хөвүүдийн дайн” ч гэж нэрлэгдэх нь буй.

Монголын их цэрэг 1236 онд хөдөлж, хивчагуудын үлдэгдлийг бутцохиод, башкир, мордва нарыг дагуулж, Булгаарын хаант улсыг бутцохиж, өмнө дарагдсаны өшөөг авчээ. 1237 онд их цэрэг хоёр хуваагдан, Бат, Гүюг нар мокша, буртас, аржан омгуудыг байлдан дагуулсан бол Мөнхийн цэрэг аланчуудтай байлдсан аж.

Оросын дорно хэсэгт байх нүүдэлчин, хагас нүүдэлчин, уулын овог аймгуудыг эзлэн номхотгосны дараа буюу 1237 оны эцсээр Монголын их цэрэг Оросын нутагт халдан довтолжээ. Оросын вангууд ялт хивчагуудтай садан төрлийн хэлхээ холбоотой байснаас гадна тэднийг өмгөөлөн Калка гол дээр монголчуудтай илд зөрүүлсэн тул хивчагийн холбоотонд тооцогдож, адилхан ялтай байсан нь ойлгомжтой.

Унгарын лам Юлианы гэрчлэн бичсэнээр Монголын их цэрэг 1237 оны намар оройхон хэд хэд хуваагдан Оросын нутагт орж ирсэн байна. Энэ их цэргийн тухай тухайн үеийн оросын судруудад “шороон түмэн” , “тоолшгүй олон” татарууд орж ирсэн хэмээсэн нь их таарах бөгөөд дайсныхаа цэргүүдийг хэдэн зуун мянга байсан гэж дэврүүлэн бичих нь ерөнхийдөө түгээмэл байдаг. Их цэрэг дөрөв хуваагдан орсон тухай Юлиан лам бичсэнийг харвал хэд хуваагдан орж ирсэн цэргийг хараад Оросын судар бичиг хөтлөгчдийн нүдэнд асар олон татарууд дайрч байна гэсэн ойлголт ч төрсөн байх ч боломжтой юм. Эдгээр судруудаас үндэслэн асар олон тооны цэрэг Орос руу халдсан гэх зохиомол домог үүсч буй болжээ.

Оросын түүхийн их хөлгөн судруудын нэгэнт тооцогддог Н. М. Карамзины 1803-1826 оны хооронд туурвисан “История государства Российского” буюу “Оросын төрийн түүх” номонд хагас сая монгол цэрэг Оросын вант улсууд руу довтолсон мэт өгүүлсэн нь үүнээс чинагш бичигдсэн олон түүх судрын үндсэн ойлголтын нэг болон хувирч, Чингис хааны гэрээслэлээр Оросыг даран сөнөөх их хэрэг эзэнт гүрний бараг хамгийн чухал хэрэг болсон тул 500-600 мянган цэрэгтэй асар том арми Орос руу дайран орсон тухай үлгэр домог бараг л түүхийн баримт шиг хүмүүст цээжлэгдэн үлджээ. Оросыг эзэлсэн Монголын их цэргийн тоог  Карамзин 500 мянга хэмээн бичсэн нь өмнөх түүхийн сурвалж бичгүүдийг махчлан уншсанаас үүдсэн хэрэг буйзаа. Түм буман монголчууд гэдгийг 110 мянган хүн гэж уншсантай л адилхан л хэрэг л дээ.

Монгол цэргийн хүчийг тухайн үедээ Зөвлөлтийн нэрт түүхчид Иловайский, Соловьев нар 300 мянга гэж үнэлж байсан бол Рэнцэнгийн Хар Даваа 155 мянга, Каргалов 120-150 мянга, Кирпичников 140 мянга, академич Вернадский 50 мянган монгол, эзлэгдсэн овог аймгийн түрэгүүдтэй нийлээд 120 мянга, Мункуев 139 мянга, Жон Мэйн, Ж. Ж. Саундерс, Ж. Ветерфорд нар 150 мянга гэх мэтээр үнэлсэн байдаг аж. Монгол цэргийг Греков, Шахматонов нар 30-40 мянга, И. Коростовец 30 мянга зэргээр үнэлж, байсан бол манай түүхэнд 400 мянгаас (БНМАУ-ын түүх. 1966 он),  120 мянга (Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн. 1996) зэргээр үнэлж байжээ. Харин сүүлийн үеийн Оросын түүхчид хамгийн ихдээ л 30-40 мянган цэрэгтэй арми довтолсон гэсэн тоог хүлээн зөвшөөрөх болжээ. Одоогийн түүх судлалд хамгийн бодитой гэж үнэлэгдэж байгаа тооцоо нь түүхч Веселовский 40-65 мянган хүнтэй, академич Греков  40-50 мянга, К. Жуков 30 мянга, Т. Сүхбаатар 40-50 мянган цэрэг гэж үзсэн тооцоо ажээ.

Их Монгол байгуулагдахад Чингис хаан 95 мянганы ноёд томилсон тухай “Монголын нууц товчоо”-нд тодорхой өгүүлсэнийг харахад Монголын нийт цэргийн тоо 90 мянга гаруй л байсан болов уу. 1235 онд Өмнөд Сүн улстай байлдаж эхэлсэн, мөн онд Солонгосын Корё улсыг дагуулах цэрэг мордсон, 1235 онд  

монгол цэрэг Кашмирыг эзлэн авсан зэргийг үзэхэд Хивчагийн дайнд хэдэн зуун мянгаар тоологдох цэрэг явуулах боломж ч байсангүй нь тодорхой. Ийм болохоор Хивчагийн дайнд гурваас, дөрвөн түмэн цэрэг мордсон болох нь хамгийн бодитой тоо гэж таамаглаж болох юм. Оросын нутагт эдгээр цэргүүд бүгд дайран орсон нь ч эргэлзээтэй бөгөөд Орос руу довтолсон жилүүдэд Булгаар, Башкирын бослогыг дарахад чамгүй томоохон хүч гаргасан тухай түүхийн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлджээ.

Монголд эзлэгдсэний дараа Оросын хүн амын тооллогыг анх монголчууд хийхэд 430 000 өрх тоологдсон байдаг. Өрх бүрээс нэг цэрэг гарч байлдахад л дайрч орсон монголчуудыг 10 дахин нугалах их цэрэг гаргах боломжтой оросууд эсэргүүцэл үзүүлэлгүй дарагдсаны шалтгаан юу вэ? Гол шалтгаан нь Монголын довтолгоон эхлэхэд Оросын нутагт хоорондоо дайсагналцсан 19 тусдаа вант улс оршин тогтнож байсан явдал байв. Калка голын тулалдаанд 12 ван алагдсанаас хойш угсаа залгамжлах дотоодын дайнд автсан Оросын вант улсууд Монголчуудад нэгдсэн эсэргүүцэл үзүүлж чадаагүй юм.  

Монголын их цэргийн хамгийн эхний цохилтод өмнө зүгт байрлах Рязаний вант улс 12 дугаар сарын дундуур өртөв. Рязанийг дайлахад Рязаний ванд жижигхэн Муромын вант улсаас өөр хэн ч тусалсангүй. Монголыг эсэргүүцэхээр мордсон Өмнөд Оросын хамгийн хүчирхэгт тооцогдох хөрш Владимирын их ван Юрий Всеволодович өөрийн хүү Всеволод Юрьевич, жанжин Еремей Глебович нарт их цэргээ өгч, Монголчуудын эсрэг хөдөлгөсөн боловч Коломна хотын орчимд хиар цохиулах нь тэр. Монгол цэрэг Коломнын тулалдааны дараа Москваг эзлэн шатаагаад нийслэл Владимир хотод тулан очсон аж.

Хамаг цэргээ алдсан Юрий Всеволодович ван сандарч мэгдэн хотоо орхин дайжиж, Сить гол руу очиж, Новгородын ван дүү Ярослав Всеволодович, Переяслявлийн ван дүү Святослав Всеволодович хоёрын цэргийг хүлээж байв. Святослав дүү нь жижгэвтэр Переславлийн вант улсаас гаргаж болох цөөвтөр цэргийн хамт ирсэн ч томоохон вант улс болох Новгородын ван Ярослав дүү нь ирсэнгүй. Гуравдугаар сарын эхээр Монгол цэргийн жижгэвтэр хүч Бурундай ноёны анги Сить гол дээр байсан Оросын цэргийг бүслэн хиар цохиж, Владимирын их ван Юрий, Ярославлийн ван Всеволод, Ростовын ван Василько нар амь үрэгдэж,  Переяславлийн ван Святослав, Угличийн ван Владимир нар амь зулбан оджээ.  

Монголын их цэрэг Торжок хотыг эзлэн шатаагаад хойд зүгт Новгородыг чиглэн явах үед Ярослав ван ахдаа туслахаар очоогүйн нууц тайлагдлаа. Нэгэнт ах Юрий нь амь үрэгдсэн тул Ярослав ван Бат хаантай хэл амаа ололцсон бололтой агаад Владимирын их вангийн ширээг залгамжлан авах болжээ. Монгол цэрэг ч  Новгородыг довтлолгүй, тал нутагтаа эргэн буцав. Оросын түүх судлалд энэ тухай бичихдээ хавар болж, шавар шавхай ихэссэн тул Монгол цэрэг буцсан гэх авч Ярослав Монголын эзэрхлийг хүлээн зөвшөөрч, Бат хаан Ярослав ванг Оросын их вангаар хүлээн зөвшөөрсөнтэй л холбоотой болов уу.

Ярослав ван Новгород хотноо хүү Александрыг (хожим Невийн хэмээн алдаршсан) вангаар үлдээгээд өөрөө Владимирын их вангийн ширээнд залрав. 1239 оноос Монголын их цэрэг Өмнөд Оросын вант улсуудыг дайлаар мордоход Ярослав туслахаар очсонгүй, харин дүү Михаилд туслан, Галицын цэрэгтэй хамтран баруун зүгт литовчуудтай байлдаж байлаа.

1238 оны хавар буцсан Монголчууд 1239 оны намар хүртэл Ижил мөрний Булгаарын бослогыг дараад завгүй байсан юм. Харин энэ хооронд Оросын вангууд нэгдэх байтугай, улам хоорондоо дайсагналцав. Владимирын их ван Ярославын дүү Михаил, Галицын ван Даниил нар Киев, Галич зэрэг томоохон хотуудын төлөө өрсөлдөн Литовын их вантай байлдацгааж, Унгарын Бела хаантай сүжрэлдэж байв. Гэтэл монголчуудаас дайжин зугтсан хивчагуудыг өмгөөлөл, хамгаалалдаа авсан Унгарын вант улс хэдийнээ Монголын дайсанд тооцогдох болсон байсан билээ. Галицын Даниил ван хүүгээ Унгарын Бела вангийн охинтой суулгахаар одсоныг мэдсэн монголчууд өмнөд Оросын нутагт 1239 оны сүүлээр цөмрөн орж, Киев, Чернигов болон бусад хотуудыг эзлэн шатаагаад, Байдар, Хайду нарын анги Польш, Силезээр дамжин, Унгарыг хойноос нь цохихоор, Бат, Сүбээдэй нар Карпатыг даван зүүн талаас нь Унгарт довтолсон билээ. Оросын сүүлчийн вант улсуудыг сөхрүүлсэн энэ байлдааны ажиллагааны дараа Орос орон Монголын дарлалд бүрэн орж, вангууд нь хаан ширээнд суух зарлигаа Монголын хаанаас авах болж, Монголчуудад татвар төлөх болжээ.

Дашрамд тэмдэглэхэд, Карпатын нурууг давж, Унгарын их талд цөмрөн орсон монголчуудын байлдааны ажиллагааг цэргийн урлагийн түүхэнд дахин давтагдашгүй ажиллагаа болсон гэгддэг. 1945 онд давшиж явсан Зөвлөлтийн арми Карпатын нуруу хүрээд гацаж, зөвхөн Карпатын нурууг тойрон Балканаар дамжин Унгарт цөмрөн орсоныг харахад үнэхээр амаргүй ажил байсан бололтой.

Байдар, Хайду нар Польшийн хотуудыг түйвээж, Краков, Сандомирыг эзлээд Лигницийн дэргэд Польш-Германы хамтарсан цэргийг бутцохиж, Унгарын хойд талаас тулж ирэв. Бат хаан, Сүбээдэй баатар нар энэ үед Мохи гол дээр Унгар, Австрийн хамтарсан хүчийг бутцохиж, Бела ван зугтан одоход хүрчээ. Түүнийг мөшгисөн Монгол цэргийн толгойн ангиуд Балканаар дамжин, Италийн Триест хотод тулж ирсэн байна. Монголын алгинч (тагнуул, заншлаач) нарын жижиг бүлгүүд Вена хотын орчимд ирсэн тухай мөн тэмдэглэгдэн үлджээ.

Харин энэ үед Их хаан Өгөөдэй Монголд бие барлаа. Хивчагийн дайны үеэр Гүюг, Бат хоёр муудалцан тангараг тасарсан хэрэг гарсан бөгөөд атаат дайсан Гүюг их хааны ширээнд залрах аюул нүүрлэсэн тул Бат хаан байлдааны ажиллагааг зогсоож, цэргээ Зүчийн улсын дорнод хил рүү татахад хүрсэнээр Европ тив Монголын илднээс аврагдсан түүхтэй.  

Хивчагийн гэж нэрлэгдсэн Бат хааны аян дайн ийнхүү төгсгөл болж, Оросын вант улсууд Монголын хараат улс болон хувирсан билээ. Энэ дайны үр дүнд эзлэгдсэн нутаг дэвсгэр дээр хожим Алтан Ордны улс гэж нэрлэгдэх болсон Зүчийн улс үүсч, Оросын вангууд татвараа энэ улсад төлөх болсон юм. Бат хаан хуучин хивчагуудын ноёрхож байсан Дон, Ижил төрний сав газрын тал нутагт суурьшиж, Алтан Ордны улсын төв нь тэнд Сарай хотоор төвлөн байгуулагдлаа. Орос орон дайны гол зорилго байгаагүйгийн нэгэнд адил Оросын вант улсууд шинээр байгуулагдсан Алтан Ордны хаант улсын зах хязгаар, хараат улсууд болон хувирсан билээ.

Монголчуудын хийсэн энэ аян дайн Оросыг гол зорилгоо ч болгосонгүй, харин атаат дайсан хивчагуудын хамсаатан Оросын вант улсуудыг дагуулан авч, хараат улс болгон авсан байх нь эндээс харагдана. Энэ аян дайны түүх өнөөдөр харин Европын түүх бичлэгт ихээхэн “гажиж”, Оросыг байлдан дагуулах гэж хамаг цэргээ гаргасан, Орост хүчээ бараад Европ руу амжилттай аян дайн хийж чадаагүй гэх мэтийн үлгэр зохиогдон үлджээ. Харин монголчуудыг баатарлагаар эсэргүүцсэн Евпатий Коловрат бааатрын тухай үлгэр оросуудын дунд хэлцэгдсээр XV зууны үед шинэ Орос орон бүрэлдэн буй цагт нэн шаардлагатай байсан “эх оронч орос хөвгүүд”-ийн нэгэн жишээ болж, домог нь зохиогдсоны түүх ийм ажгуу.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах