Цэс Close

Охид, бүсгүйчүүдийг бичлэгээр нь дарамталж байсан Сингапурын иргэний хэргийг шүүх дахин хэлэлцэхээр болжээ

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Л-д холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны арваннэг дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцлээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2023 оны долдугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Бүгд Найрамдах Сингапур улсын иргэн Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан”, мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 1 жил 8 сар хорих ял оногдуулжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны есдүгээр сарын 20-ны өдөр хэлэлцээд шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, Л-д оногдуулсан хорих ялыг 15.400.000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан" гэх хүндрүүлэх шинжийг орхигдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв. Ингэснээр анхан шатны шүүх дахиж хэргийг хэлэлцэхээр болж байна.

Эргэн сануулахад, Сингапур улсын иргэн Л-д НПГ-аас хувь хүний нууцад халдсан, задруулсан хэмээн Эрүүгийн хуулийн 13.10-1, 13.11-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Улмаар тус шүүх өнгөрсөн долдугаар сарын 19-нд Сингапур улсын иргэн  Л-д холбогдох хэргийг хэлэлцээд “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан” үйлдэлд нь 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан” гэмт хэрэгт нь нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноож, ялыг нэмж нэгтгэн нийт нэг жил найман сар хорихоор болсон юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах