Цэс Close

О.Батбаяр: Цаашид PCR шинжилгээгээр баталгаажсан тоог зарлаж байна

Өнөөдөр ЭМЯ-аас коронавирусний халдварын тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр дараах мэдээллийг өглөө.

Тэрээр, Олон улс коронвируст халдварын тохиолдлын тоог PCR шинжилгээгээр баталгаажуулж олон нийтэд мэдээлдэг. Манай улсад анх 2020 оны гуравдугаар сард зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэнээс хойш зөвхөн PCR шинжилгээгээр батлагдсан тохиолдлын тоог олон нийтэд мэдээлж ирсэн.

Улс орон бүр өөрийн нөөц, халдварын нөхцөл байдалд тохирсон эмчилгээ, оношилгооны стандартыг ДЭМБ-ын зөвлөмжид суурилж тасралтгүй өөрчилж байдаг. Сүүлд зургаадугаар сарын 25-нд ДЭМБ коронавируст халдвартай холбоотой лабораторийн оношилгооны удирдамжийг өөрчилсөн. Ингэхдээ PCR шинжилгээний хариу 24-48 цагийн дотор амжиж гарахгүй бол ач холбогдолгүй гэж зөвлөсөн.

Бид цаашид PCR шинжилгээгээр баталгаажсан ковид-19-ийн тоог албан ёсоор зарлах болно. 2021 оны 5-6 дугаар сард мутацилагдсан вирус орж ирсэн тул хурдавчилсан оношилгоонд суурилж, иргэдийг эмчилгээнд оруулж байсан. Тэгвэл өнөөгийн нөхцөл байдалд тулгуурлан энэ шийдвэрийг хүчингүй болгож байна.

Есөн аймагт 11 төрлийн түргэвчилсэн оношлуур хэрэглэж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж үзэхэд, 11 хувьд нь хуурамч эерэг хариу гарч байна.

Тэгэхээр өвчлөөгүй иргэдийг тусгаарлан, эмчилгээ хийж байна гэсэн үг. Тиймээс цаашид зөвхөн PCR шинжилгээгээр баталгаажсан тохиолдолд халдвар авсан гэж тооцно. Мөн шинж тэмдэг илэрсэн бол халдвар авсанд тооцно. Ингэснээр тархалтын тоо тодорхой хэмжээгээр буурах байх" хэмээн мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах