Цэс Close

О.Дашпагма: Вакциныг зургаан сар болон түүнээс дээш хугацаагаар хадгалах горимтой

Нийслэлийн хэмжээнд нийт 18 цэгээр 13 200 гаруй хүнийг дархлаажуулалтад хамруулжээ.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмын мэдээлснээр, вакцинд хамрагдсан нийт 13 200 гаруй хүнээс 9500 орчим нь эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчид юм. Мөн “COVID-19”-ийн хариу арга хэмжээнд оролцож буй цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын 2600 орчим алба хаагч вакцинд хамрагдсан байна.

Вакцинд хамрагдсан иргэдийн гар утсанд дараагийн тунг хэзээ хийлгэх талаарх мэдээлэл болон цахим бүртгэлийн програм мессежээр очиж буй юм. Уг програмд иргэд нэвтэрч вакцины дараах хариу урвалын талаарх мэдээллийг бүртгүүлэх боломжтой. 

- Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн оруулж ирсэн вакциныг иргэд төлбөрөө төлөөд хийлгэж болно гэсэн. ДЭМБ-ын зөвшөөрсөн вакциныг оруулж ирэхээр хэдэн аж ахуйн нэгж ажиллаж байна вэ?

Монгол Улсад мөрдөж буй хууль, эрх зүйн зохицуулалтаар эм ханган нийлүүлэх, импортлох эрхтэй компаниуд вакцин оруулж ирэх үйл ажиллагааг явуулна. Харин Дархлаажуулалтын хуульд, магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага дархлаажуулах ажил явуулахаар заасан. Ингэхдээ, төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан холбогдох журам, зааврыг мөрдөж, бэлтгэл, шаардлага хангасан байгууллага вакцинжуулах ажлыг зохион байгуулна. 

- Манай улсад оруулж ирээд буй хоёр вакцины хувьд ДЭМБ-ын зөвшөөрөл шаардлагатай байгаа. Эдгээр вакциныг ямар горимд, хэдэн сар хадгалах боломжтой вэ?

ДЭМБ-аас цар тахлын эсрэг вакцинуудад яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгож байна. Манай улс ДЭМБ-аас яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгосон вакциныг хүн амдаа тарьж байгаа. Одоогоор манай улсад орж ирсэн, зөвшөөрөл хүлээж байгаа вакцины хувьд, ДЭМБ-аас гуравдугаар сарын эхээр батална гэсэн албан мэдээтэй байна. Тиймээс энэ сард багтаж зөвшөөрөл нь ирнэ гэсэн хүлээлттэй байгаа. Үйлдвэрлэгчийн зааврын дагуу вакциныг хадгалах ёстой. Ихэнх вакциныг зургаан сар болон түүнээс дээш хугацаагаар хадгалах горимтой. Тухайлбал, Синофарм вакцины хувьд 2023 он хүртэл 2-8 хэмд хадгалах заавартай юм. Бид энэ горимоор нь хадгалж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах