О.Oюунтунгалаг: Эерэг үйлийн төлөө хамтарч түншлэх нь 17 зорилгын гол нь
“Монголын боловсролын хувирган өөрчлөлт 2024” үндэсний чуулган энэ өдрүүдэд болж байгаатай холбогдуулан Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний сургагч багш О.Оюунтунгалагтай Тогтвортой хөгжлтйн боловсрол сэдвээр ярилцлаа.
Тэрээр боловсролын салбарт 30 жил, боловсролын чиглэлийн ТББ болон ОУ-ын байгууллагад найман жил ажилласан, “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн үндэсний зохицуулагч, зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Түүнийг ярьсныг асуултгүйгээр буулган нийтлэв.
“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ НЬ ТАНААС АНГИД ЗҮЙЛ ОГТ БИШ”
Тогтвортой хөгжлийн боловсрол /ТХБ/ нь зөвхөн байгаль орчны асуудал биш, байгаль орчин, нийгэм соёл, эдийн засгийн асуудал юм.
Өөрөөр хэлбэл байгаль орчны асуудал нь нийгэм, соёлын асуудлаа давхар авч явдаг. Байгалиа хохироодоггүй эдийн засгийн хөгжилтэй, давхар хүн ард нь хөгжөөд явах гурван асуудлын цогц нийлэмжийг Тогтвортой хөгжлийн боловсрол гэж улс орнууд эртнээс тодорхойлоод ирсэн.
Арваад жилийн өмнө Тогтвортой хөгжлийн боловсролын тухай ярихаар биологийн багшийн, мод цэцэг тарьдаг хүний ажил, анхаарах асуудал юм байна гэдэг байсан бол өнөөдөр бид өөр түвшний мэдлэг ойлголттой болсон. Энэ дэлхий дээр би оршин байх хугацаандаа хэн байх вэ гэдгээ бодно. Миний болон манай гэр бүлээс гарч байгаа хог хаягдал байгаль дэлхийд ямар хор хөнөөлтэй вэ, яаж үүнийг багасгаж бууруулах вэ, би эдийн засгийн хувьд ямар ээлтэй бүтээгдэхүүн худалдаж авах вэ... гээд. Энэ бүхнийг ТХБ гэж хэлж байгаа хэрэг бөгөөд хувь хүнтэй маш их холбоотой. Тэгэхээр ТХБ бол танаас, надаас хол хөндий асуудал огт биш.
2015 оноос дэлхийн улс орнууд ТХБ-ын асуудлыг хүчтэй ярьж 2030 он хүртэл Тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэвшүүлээд улс орон бүхэн хийж хэрэгжүүлэх замын зураглалаа гаргасан. ЮНЕСКО-оос өгсөн зөвлөмжийг салбар бүртээ барьж хэрэгжүүлэх, үр дүнтэй хэрэгжилтийг нь хангах, үүний тулд бүх талаасаа хамтрах хэрэгцээ байна. Үүний малгайлагч жолоодогч байгууллага салбар нь боловсрол гэдгийг Тогтвортой хөгжлийн 17 зорилгийн 4 дүгээр зорилгод тодорхойлсон байдаг.
Тогтвортой хөгжлийн 17 зорилго нь өөрөө энэ дэлхийн хүн бүрийг сайн сайханд уриалж аз жаргалтай байлгах зорилго тавьж, үүнийхээ хүрээнд зорилтууд дэвшүүлээд арга замыг нь тусгаад өгчихсөн. Тэр дундаа боловсролын салбарт ингэж интеграцчиллаарай гээд ЮНЕСКО-оос “Суралцахын зорилтууд”ыг нь гаргаад ирчихсэн байна. Үүнийг нарийн судлаад үзвэл хүний мэдлэг, хандлага, үнэт зүйл, сэтгэл мэдрэмж буюу цогц чадамжтай холбож тайлбарлана. Тиймээс тогтвортой хөгжлийн боловсрол бол хүнээс ангид зүйл огт биш юм.
ЯАГААД БОЛОВСРОЛЫГ ХУВИРГАН ӨӨРЧЛӨХ ГЭЖ ...
Боловсролын судлаачид, хүн ам зүйн насжилт, уур амьсгалын өөрчлөлтийг судалдаг ОУ-ын байгууллагуудын гаргасан дүгнэлтээр энэ 21 дүгээр зуун бол өөрөө эргэлзээтэй, ээдрээтэй, хувьсамтгай, тодорхойгүй цаг үе ирж байна гэж үзэж байна. Энэ юутай холбоотой вэ гэвэл нэгдүгээрт, уур амьсгалын өөрчлөлттэй, хоёрдугаарт, хүн амын өсөлттэй холбоотой. Хүн ам өсөх тусмаа нэг хүний экологийн ул мөр өндөр болж байна. Энэ бүхэн биднийг боловсролоо өөр болгооч, зан үйлээ өөрчлөөч, дэлхий ертөнцийг оршин байхад хувь нэмрээ оруулаач л гээд байгаа хэрэг. Нөгөө л тогтвортой хөгжлийн үндэс болсон гурван домайн буюу байгаль орчин, нийгэм эдийн засаг, нийгэм соёлын асуудал юм. Эдийн засаг, байгаль орчны асуудал нийгэм соёлынхоо асуудлыг дагуулж авч явдаг. Хүний зан үйл, сэтгэлээ зөв байж улс орон зөв хөгжинө. Өндөр хөгжилтэй улс орнууд хүнээ зөв хөгжүүлэхэд багаас нь анхаардаг учир нь энэ. Нэг ёсондоо зөв нийгмийг зөв иргэд л бүтээнэ.
Манай улс үүнд чиглэж ажиллаж байгаа ч анхаарах зүйл их бий. Үр дүнд анхаарах хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор дэлхий иргэний боловсрол суралцахуйн гурван тулгуур ойлголт болох танин мэдэхүй, нийгэмшил сэтгэл хөдлөл, зан үйл заавал яригдана. Манай улс боловсролын танин мэдэхүйг сургууль буюу боловсролын байгууллагаар эзэмшүүлж байна. Харин нийгэмшил сэтгэл хөдлөл, зан үйл дээр яаж байна. Мэдлэг, ур чадвараа зан үйл, дадал болгож чадаж байна уу гэдэг нь соёлын асуудал болно. Үүн дээр улс болгон анхаарч байгаа учраас Тогтвортой хөгжлийн боловсролын 17 зорилгыг дэлхий нийтээрээ дэвшүүлж, хэрэгжилтийг нь үнэлээд улс орнуудыг хоёроос гурван жил тутамд байр эзлүүлж байна. Одоогоор дэлхийн ранкаар эхний 15 байрыг Дани, Швед, Швейцар, Норвеги, Герман зэрэг улс тэргүүлж байна. Бидний туршлагаас нь судлаад байгаа Япон улс 15 дугаарт эрэмбэлэгдлээ. Ингээд харахаар нөгөө л аз жаргалын индексээрээ тэргүүлэгч улс орнууд жагсаж байгаа биз.
Ийм аз жаргалтай нийгмийг бүтээхийн тулд хүний хөгжилд багаас нь анхаардаг. Эцэг эх, гэр бүлийн боловсролд нь анхаардаг юм байна. Мөн аз жаргалтай нийгмийг бүтээхийн нэг хүчин зүйлд экологийн тэнцвэрт байдал орж байна. Яагаад Япон хоггүй улс болоод байна вэ, яаж ангилж, боловсруулж ялгаж байна гээд сайн туршлагууд дэлхийгээр дүүрэн байна. Үүнийг бид хэрхэн судалж, өөрийн хөрсөнд ахуй амьдралын онцлогтойгоо уялдуулан буулгах вэ гэдэг нь нийгмийг бүрдүүлэгч анхан нэгж болох хувь хүнээс, гэр бүлээс, гэр бүлийн хүмүүжлээс эхэлнэ. Цаашлаад бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч, чиглүүлэгч байгууллагуудын хамтын нягт уялдаа холбоотой ажлуудаас л үр дүн нь гарч мэдрэгдэнэ.
“ХЭНТИЙН БАЯН-АДАРГА СУМЫН СУРГУУЛИЙН САНААЧЛАГААР СУМААРАА МАШИНГҮЙ ӨДӨРТЭЙ БОЛЖ БАЙНА”
Бидэнд ч Тогтвортой хөгжлийн сайн туршлагууд олон бий. Тухайлбал Ховд аймгийн Мөнххайрхан манай улсын хамгийн цөөн хүн амтай сумдын нэг. 1800 орчим хүн амтай. Тэнд 800 орчим хүүхэд боловсролд хамрагддаг. Тус сургуулийн хүүхдүүд сумынхаа айл өрх бүрийн хэрэглээнээс гарч байгаа аюултай хог хаягдал болох батерейг сургууль дээрээ цуглуулаад, ангилан ялгаад сумынхаа БОАЖГ-т тогтмол хүлээлгэн өгдөг. Энэ бол талархууштай сайн жишээ. Батерейнаас үүдэлтэй хор хөнөөл байгаль дэлхийд их гэдгийг хүүхдүүд ухамсарлаж байна. Учирч болзошгүй олон эрсдлээс байгаль дэлхийгээ, ан амьтан, хүнээ хамгаалж чадаж байгаа хэрэг шүү дээ.
Мөн Хэнтий аймгийн Баян-Адарга сум гялгар уутны хэрэглээнээс татгалзах аянаа эхэлж сум нийтээрээ даавуун торны хэрэглээтэй болохоор зорьж буй. Тус сумын хүүхдүүд санаачлан лхагва гарагийг “Машингүй өдөр” болгон хэвшүүлж байна. Энэ сайн туршлагыг бид анх Ирландад очоод үзэж байсан. Ирланд улс машины түлшнээс ялгарах хорт хий, утаа нь агаар болон орчныг хэрхэн бохирдуулж байгааг тооцоод, лхагва гарагт машингүй зорчдог. Энэ дадал байгаль экологийн ул мөрийг бууруулж, эерэг нөлөөллүүд үзүүлж байгааг олон нийтэд таниулж хэвшсэн байсан. Үүн шиг Баян-Адарга сумын хүүхдүүд өөрсдөө тооцож судлаад сайн туршлага болгон хэрэгжүүлж байх жишээтэй. Үүн шиг сайн туршлагыг шат шатны байгууллагууд нь бодлогоор дэмжиж, уриалаад түгээн дэлгэрүүлвэл тогтвортой хөгжлийн боловсролд хамтдаа суралцаж, үйлдэл хийж байгаа хэрэг болно. Мөн сайн сайхан нийгмийг бүтээхэд дэлхий ертөнцөд оруулж байгаа хувь нэмэр юм.
“ЭНХ ТАЙВАНЧ, ҮЛ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЦОГЦЛООН БҮТЭЭХ МЭДЛЭГ ЧАДВАР, ХАНДЛАГАТАЙ, ЗӨВ ДАДАЛТАЙ ИРГЭДИЙГ БҮТЭЭХЭД БОЛОВСРОЛ ГОЛ ҮҮРЭГТЭЙ”
Дэлхий нийт Боловсролын хувирган өөрчлөлтийн тэргүүлэх таван чиглэлийг тодорхойлоод байна.
- Бодлогын хувьд уялдуулъя
- Сургалтыг хувирган өөрчилье
- Боловсрол олгогчдын чадавхийг сайжруулъя \бүх хүн хамаатай\
- Залуучууд, хүүхдэд эрх мэдлийг олгоё
- Орон нутгийн үйлийг хурдасгая
Эдгээр тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд боловсрол гол жолоодогч нь байх юм.
Учир нь 2030 он гэхэд хүний эрх, жендэр, тогтвортой хөгжил, тогтвортой амьдралын хэв маяг, олон соёлыг хүлээн зөвшөөрсөн, хүндэтгэлтэй, сайн сайхан байдалд тэмүүлсэн, энх тайванч, үл хүчирхийллийг цогцлоон бүтээх мэдлэг чадвар, хандлагатай, зөв дадалтай иргэдийг бүтээе. Үүнд боловсрол гол үүрэгтэй учраас тэргүүлэх салбар юм гэж уриалан дуудсан байдаг. Тиймээс ч өндөр хөгжилтэй улс орнууд бүгд боловсролдоо энэ утга агуулгыг уусгасан байгаа юм.
Тухайлбал ХБНГУ-д бүх яам нь хамтраад ТХБ-ыг хэрэгжүүлэхэд салбар дундын хамтын ажиллагааг дээд түвшинд хөгжүүлж байна. Зөвхөн боловсролын нуруун дээр энэ асуудлыг үүрүүлдэггүй. Үүний үр дүнд иргэд зөв зан үйлд суралцан бэлтгэгдэж байна, аз жаргалтай байна, хогоо гудманд хаядаггүй, эх дэлхий рүүгээ нулимдаггүй ийм эрүүл, зөв дадалтай иргэдээр нийгмийг бүрдүүлж чадаж байна.
“БИД ГУДАМД ШҮЛСЭЭ ХАЯХЫГ ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ ҮЕИЙНХЭНТЭЙ ЗЭРЭГЦЭН АМЬДАРЧ БАЙНА ”
Өнөөдөр шинэ үеийн хүүхдүүд гараад ирсэн. Хэн нэгэн гудамжинд шүлсээ хаяж байхыг харчихаад “Энэ хүн эх дэлхий рүүгээ нулимаж байна ш дээ” гэж хэлж чаддаг тийм өөр үеийнхэнтэй бид зэрэгцэн оршиж байна. Тэгэхээр зөв зан үйл, зөв хүмүүжүүлтэй эерэг нийгмийг бүтээхийн төлөө тууштай ажиллах нь бидний, энэ цагийнхны маш том манлайлал юм шүү гэдгийг онцольё.
“ТХБ-II ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 6 АЙМГИЙН 30 СУРГУУЛЬ САЙН ТУРШЛАГА, ДАДАЛ ХАНДЛАГАТАЙ БОЛСОН”
Төсөл хөтөлбөр бол Засгийн газар хоорондын хэлэлцээр дээр явагддаг л даа. Швейцарын хөгжлийн агентлаг бол Монгол орны олон салбарт хувь нэмрээ оруулж, олон ч томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжихэд туслалцаа үзүүлж, санхүүжүүлж, хамтран хэрэгжүүлж ирсэн. Үүний нэг нь Швейцарын хөгжлийн агентлаг, Монгол улсын Засгийн газрын хамтран хээгжүүлсэн хэрэгжүүлсэн “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төсөл юм. Цаашдаа энэ төсөл дахин хэрэгжих эсэхийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ манай улсын хувьд энэ төсөл үргэлжлээсэй, үргэлжлэн хэрэгжих нь чухал гэсэн бодолтой явдаг даа.
Төслийн хүрээнд зургаан аймаг, хоёр дүүргийн 30 сургууль дээр энэ төсөл хэрэгжсэн. Сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд хуваалцах нь маш чухал л даа. 30 сургуулийн туршлага 90 сургуульд нөлөөлдөг, хуваалцдаг байхад л анхаармаар байгаа юм. Орон нутаг нь үүнийг дэмждэг, сайн туршлага, үйлийг түгээдэг, хүүхдээр дамжуулж айл өрхүүдийг сайн сайхан байдалд чиглүүлж, үйл ажиллагаа хийдэг байх нь чухал. Төсөл гээд баахан сургалт хийж байгаад л баяртай гээд явчихдаг бол ямар ч үр дүнгүй.
“ЭЕРЭГ ҮЙЛИЙН ТӨЛӨӨ ХАМТАРЧ ТҮНШЛЭХ НЬ НӨГӨӨ 17 ЗОРИЛГЫН ГОЛ ЗОРИЛГО”
Одоо дэлхий нийтээрээ байгаль эх дэлхийдээ хог болохгүй ээлтэй хувцасыг сонгох вэ гэдэг чинь хүртэл тогтвортой хөгжлийн боловсрол. Ядаж л хүнсээ яаж сонгож авах вэ, байнга даршилсан хүнс аваад байх уу, энэ нь миний, манай гэр бүлийн эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ, аль нь бага зайд тээвэрлэж, хүлэмжийн хийг бууруулахад хувь оруулсан байна вэ гэх зэргээр. Германд гэхэд 17 төрлийн алим байна. Тэр олон төрлийн алимнаас алийг нь авбал миний харшлыг өдөөхгүй байх вэ, аль нь цетрусын төрлийн алим байна вэ гэхчлэн тэр алимны кодыг уншуулаад сургачихаж байна. Ингэж хүүхэд зөв сонголт хийж сурах нь тогтвортой хөгжлийн боловсролыг жинхэнэ утгаар нь сурч олж авч байгаагийн тод жишээ. Тэгэхээр бид ингэж өдөр тутмын үйл, үйлдэлдээ тогтвортой хөгжлийн боловсролоо шингээж, мэдлэг ойлголтыг тэлж, хамтдаа сайн сайхан ирээдүйг бүтээхэд хувь нэмэр оруулах боломжтой. Энэ нь биднээс тийм хол зүйл биш гэдгийг л дахин хэлье.
Баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх