П.Соронзонболд: Гал унтраах үйл ажиллагаанд ямар нэгэн дүрэм журамгүйгээр явж очдог эд биш
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцас хэрэглэл хангамж, стандартын талаар ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр “Онцгой байдлын байгууллагын хувцас хангалтыг техник, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл буюу тусгай зориулалтын хувцас хэрэглэл, өдөр тутмын хувцас хэрэглэл гэж гурав ангилдаг. Онцгой байдлын хэмжээнд Польш, Беларусь, Франц улсын өндөр чанартай техникүүдээр тоноглогдож байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Toyota” загварын автомашинаар парк шинэчлэлийг хийж байгаа. Хүн нэг бүрийг хамгаалах тусгай зориулалтын хувцас, багаж техникийн хувьд улсын төсөвт тавигдсан мөнгөний хэмжээгээр худалдан авалт зохион байгуулдаг. Өдөр тутмын хувцас хэрэглэлийг улсын төсөвт тавигдсан хөрөнгийн хэмжээгээр алба хаагчдад авч өгдөг. Алба хаагчдын хувцас хэрэглэлд мөрдөгддөг стандарт бий. Өндөр үнэтэй, чанартай хувцас байж болно, энэ хэмжээгээр худалдан авах гэхээр тоо нь багасдаг асуудал тулгардаг. Тийм учраас монгол орны цаг агаарт тохирсон, боломжийн үнэтэй хувцас хэрэглэлийг авахыг зорьж ажилладаг. Онцгой байдлын байгууллага төрийн цэргийн байгууллага. Энэ байгууллагын төсөв, хүч хэрэгслийн мэдээлэл төрийн болон албаны нууцад хамаардаг. Өнгөрсөн оны 7-8 дугаар сард үер болох үеэр улсын Онцгой комисс, Засгийн газраас Онцгой байдлын байгууллагын техник, хувцас хэрэглэлийг нэмэгдүүлэх тогтоол гарч, Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосон. Энэ хүрээнд улсын төсвийн 15 тэрбум төгрөгөөр тусгай зориулалтын хувцас хэрэглэл, техник тоног төхөөрөмж энэ жил худалдан авалт хийнэ. Тусгай зориулалтын усны хувцас өндөр үнэтэй бөгөөд дотроо хуурай болон нойтон гэж ангилагддаг. Хуурай хувцас нь өндөр үнэтэй учир дөрвөн аврагч тутмын нэг нь усны хувцастай” хэмээлээ.
Харин Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд “Гал унтраах ажиллагаанд өмсдөг алба хаагчдын иж бүрэн хувцас объектын буюу ахуйн хүрээний, ой, хээрийн гал түймрийн гэж ангилагддаг. Хувцасны хамт хэрэглэгдэж байгаа амьсгалын бие даасан төхөөрөмж, бидний хэлдгээр байлдааны сүх, нэг бүрийн хэрэгсэл, дуулга малгай гээд хамгаалах тусгай хувцасны стандартад ордог. Энэ гурван төрлийн стандартын хамгаалах хувцсыг иж бүрэн хэрэгсэлтэй нь өмсөх журамтай. Гал түймэр унтраах үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, гал түймэр унтраах дүрэм, амьсгалын бие даасан төхөөрөмжийг дагаж мөрдөх стандарт, нормын дагуу оролцдог. Хар өнгөтэй нь БНХАУ-д, шаргал өнгийн хувцас нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн. ОХУ-аас худалдаж авч байгаа шаргал өнгөтэй хувцас нь хөвөнтэй дотортой, зуны улиралд дотрыг салгадаг. Тус хувцасны гаднах материал нь +400 хэмд тэсвэртэй, үүрэг гүйцэтгэхэд хөдөлгөөнд саад болохгүй. Баг буюу амьсгалын бие даасан төхөөрөмж, баллонтой. Шахсан агаарын баг хэрэглэж байна. Энэ баг нь хүчилтөрөгчийн цэвэр агаараар амьсгалж байгаа учраас ачаалал авах хэмжээнээс шалтгаалаад дунджаар 40 минут ажиллана. Аврагчдад утаатай орчинд сандрах үед амьсгалаа хэрхэн зөв авах талаар сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Нийт алба хаагчдын 80%-ийг эдгээр хувцсаар хангасан. Аврагч өөрийн аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр гал унтраах ажиллагааг гүйцэтгэх дүрэмтэй. Гал түймэр унтраах үйл ажиллагаа явагдсаны дараа дүрэм, журам, тактикийн алдаа гарсан эсэхээ ярилцдаг. Тэсэрч дэлбэрэх бодис бүхий объект, өндөр барилга, ил задгай газарт гарсан гал түймэрт ямар хошуу, хоолойг яаж хэрэглэхийг гал түймэр унтраах цусаар бичигдсэн дүрэмд заасан байдаг. Гал унтраах болон шуурхай албаны машины жолооч нар гадаа тогтмол үүрэг гүйцэтгэдэг учир өвлийн хээрийн хувцастай байдаг. Объект дотор гал унтраах бол иж бүрэн хувцсыг өмсдөг” гэлээ.
Сэтгэгдэл үлдээх